“Монгол хаан” дэлхийн тайзнаа залрах мөч ойртсоор

0


“Тамгагүй төр” монгол драмыг “Mongol Khan” нэртэйгээр Лондон хотноо толилуулахаар болсон бөгөөд бэлтгэл ажил амжилттай үргэлжилж байна. Тодруубал, Английн “West-end“-ийн “Coliseum” театрт энэ оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр нээлтийн тоглолтоо хийх бөгөөд жүжгийн тасалбар өнгөрсөн гуравдугаар сарын 30-ны өдрөөс албан ёсоор худалдаанд гараад буй. Тус бүтээлийг арванхоёрдугаар 2-н хүртэл буюу сар орчмын хугацаанд Английн театрын тайзнаа тавьж, олон улсын үзэгчдийн хүртээл болгох юм.
Тус бүтээлийг энэ онд тохиож буй Монгол Улс, ИБУИНХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд Лондон хотноо толилуулахаар болсон. Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн агсны зохиол “Тамгагүй төр” жүжиг анх 1998 онд Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тавигдаж байсан бол найруулагч Б.Баатарын найруулгаар ийнхүү 25 жилийн дараа дэлхийн тайзнаа тоглогдох гэж байна.

“Тамгагүй төр” жүжгийн лууг урлагч Ник Барнесс “Tony awards-2023”-ийн шилдэгээр тодорчээ
Нэрт зохиолч Б.Лхагвасүрэн агсны “Тамгагүй төр” жүжгийг “Херо энтертайнмент”-ийн ерөнхий найруулагч Б.Баатар физикл драмын хэлбэрт оруулан найруулсан. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард нээлтээ хийсэн цагаас хойш өнөөг хүртэл тоглолт бүр нь тасралтгүй алга ташилт дор хөшгөө хааж, өв соёл, үүх түүхээрээ бахархах сэтгэлийг түгээж буй тус бүтээл энэ оны арваннэгдүгээр сард Английн театрын төв “West End”-д тоглохоор болсон. Өдгөө ид бэлтгэлэээ базааж буй уран бүтээлчдийн багт нэгэн баярт мэдээ иржээ.
Тодруулбал, тус жүжигт гардаг сүр хүчийг илэрхийлсэн луут бүжгийн лууг урлаж байгаа Английн алдарт тайзны зураач Ник Барнесс “Tony awards-2023”-ийн шилдэгээр шалгарсан байна. Тэрбээр энэ сарын 11-нд Нью-Иорк хотод болж өнгөрсөн 76 дахь удаагийн “Tony awards” наадмаас шилдэг хувцасны зураачийн шагнал хүртсэн бөгөөд энэ нь түүний тус наадмаас хүртэж буй гурав дахь удаагийн шагнал юм. “Tony awards” нь Америкийн энтертейнмент салбарын их дөрвөл гэгддэг нэр хүндтэй шагнал гардуулах ёслолуудын нэг билээ.
“Тамгагүй төр”-ийг ирэх сарын 1-нээс жуулчдад зориулан англи хэлээр тоглоно
Манай улс 2023-2025 оныг “Welcome to Mongolia” уриан дор “Монгол зочлох жил” болгон зарласан. Тиймээс ч энэ зунаас эхлэн жуулчдыг татах, хүлээн авах бэлтгэлээ төр, хувийн хэвшилгүй базааж буй. Тэгвэл энэ зун манай улсад зочлох жуулчдад Монголын төрт ёс, ёс заншлаас сэдэвлэсэн сэтгэл хөдөлгөм найруулга, уран тансаг бүжиг бүхий “Тамгагүй төр” монгол драмын жүжгийг англи хэл дээр үзэх боломж бүрджээ. Тодруулбал, “Херо” энтертайментын хамт олон, уран бүтээлчид жуулчдад зориулан “Тамгагүй төр” монгол драмаа англи хэл дээр тоглоход бэлэн болсон байна. Долоодугаар сарын 1-нд англи хэл дээрх “Тамгагүй төр” монгол драм Улсын драмын эрдмийн театрын тайзнаа хөшгөө нээнэ. Мөн тус бүтээлийг гадаад хэлнээ орчуулах, олон улсын үзэгчдэд хүргэх ажил үргэлжилж байгаа бөгөөд тус жүжгийн орос хэл дээрх орчуулгыг Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд Санжийн Баяр хийсэн байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *