Д.Баясгалан: Би Б.Энхбаяр гэж хүнтэй амьдралдаа уулзаж, гар барьж ч үзээгүй
Эх сурвалж: 24tsag.mn
“Бодь” группийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалан цаг үеийн асуудлаар “Eagle news” телевиз, Graph.mn сайтад өгсөн тайлбараас дараах 24 эшлэлийг хүргэж байна.
БАРИМТ 1
Төмөр замын төсөвт өртөг 600 сая байж байгаад 1.3 тэрбум доллар болж нэмэгдсэн асуудал огт байхгүй.
БАРИМТ 2
Энэ төслийг бид 2013 онд батлагдсан төсөвт өртгөөр нь 2019-2022 оны хооронд хугацаанд нь хийж дуусгасан. Анх байгуулсан гэрээ бол 792 сая доллар байсан.
БАРИМТ 3
Энэ 792 сая долларынх нь ажлыг хугацаанд нь хийж гүйцэтгэсний дараа нэмж ажил өгсөн. Харин нэмэлтээр өгсөн 213 сая долларын ажлыг хугацаандаа дуусаж энэ төмөр замыг Монгол Улсын Засгийн газарт хүлээлгэж өгсөн.
БАРИМТ 4
Нэмж өгсөн ажил нь Гашуунсухайт-Ганц модны хил хүрэх төмөр зам, өртөө, зөрлөг, зүтгүүр эргэх болон дохиолол холбоо, инженерийн шугам сүлжээ, эрчим хүчтэй холбоотой ажил байсан.
БАРИМТ 5
Энэ хоёр гэрээг нийлүүлэх юм бол 1 тэрбум 5 сая долларын гэрээ байгуулсан. Гэхдээ яг хийсэн ажил нь бол 997 сая долларын ажил хийгээд гэрээ дууссан гэж ойлгож болно.
БАРИМТ 6
Нүүрсний сонсголын өмнө болон дараа нь ч Б.Энхбаяр гэдэг хүнтэй хэзээ ч уулзаж байгаагүй.
БАРИМТ 7
Биднийг төмөр замын ажлыг авахаас өмнө ойролцоогоор 278 сая долларыг Монгол Улсын Засгийн газар хэдийнэ зарцуулчихсан байсан.
БАРИМТ 8
Ганцхан Голомт банкнаас ч биш “Бодь интернэшнл” компани, Үндэсний Аудитын газар гээд олон газраас баримт авч нягталсан. Ингэхдээ тэр их материал дээр анализ хийх чадвар нь тааруу байсан.
БАРИМТ 9
Монголын нүүрсийг худалдаж авдаг 4 том компаниас үнэд хамгийн нөлөөтэй нь “Чалко”-гийн гэрээ. “Чалко”-той үнээ тохироод, улмаар бусад худалдан авагч нартайгаа үнээ тохирдог.
БАРИМТ 10
Ажлын гэрээ байгуулсны дараа ч тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх төсөвт өртөгт нь багтааж цаг хугацаанд нь чанартай сайн гүйцэтгэхийг сануулж байсан.
БАРИМТ 11
Ковидын үеэр Монгол Улсын экспорт бараг тэг зогссон. Энэ хугацаанд Хятадын дөрвөн том худалдан авагчтай гэрээ байгуулж урьдчилгаа болгон олон зуун сая доллар аван валютын нөөцөө бүрдүүлсэн.
БАРИМТ 12
Угтаа 2021-2022 онд хил хаагдчихсан үед Сангийн яам, “Эрдэнэс Тавантолгой” компаниар дамжуулж аваад зарцуулсан нь тодорхой болсон.
БАРИМТ 13
“Эрдэнэс Тавантолгой” ковидын үед манай компанид санхүүжилтээ өгч чадахгүй болоод бид бусад эх үүсвэрээс өндөр хүүтэй зээл авч төслийг нь дуусгасан.
БАРИМТ 14
Манайхтай байгуулсан оффтейкийн ганцхан гэрээ бий. Энэ ганцхан гэрээний дагуу бид “Эрдэнэс Тавантолгой” компаниас төмөр замын бүтээн байгуулалтад зориулж өгсөн нүүрсийг нийтдээ 36 хавсралтаар 29 худалдан авагчид нийлүүлсэн.
БАРИМТ 15
Д.Мөнх-Эрдэнэ манай компанид огт ажиллаж байгаагүй. Мөн Д.Мөнх-Эрдэнэтэй 11 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан зүйл байхгүй.
БАРИМТ 16
2025 онд нийтдээ 6 сая тонн нүүрс тээвэрлэгдсэн.
БАРИМТ 17
Өдөр бүр 8-10 цуваа вагон Гашуунсухайтын төмөр замаар тээвэрлэгдэж байна. Энэ бол Монгол Улсын хэмжээнд нэгдүгээр зэрэглэлийн, хамгийн сайн чанартай баригдсан төмөр зам.
БАРИМТ 18
Хэрвээ энэ төмөр замыг манай компани бариагүй байсан бол өнөөдөр манай улстөрчид нөгөө л овоолсон шороо, нөгөө л юм нь зөрсөн гэдэг хий дэмий юмаа яриад л хэрэлдэцгээж байгаа гэдэгт би 100 хувь итгэлтэй байна.
БАРИМТ 19
Улстөрчид миний тухай элдэв юм ярьдагийг би бол тоодог ч үгүй.
БАРИМТ 20
Би гэрчийн мэдээлэл өгөхөд асуудал алга.
БАРИМТ 21
Би бол тэр Б.Энхбаяр гэж хүнтэй амьдралдаа уулзаж, гар барьж ч үзээгүй. Сонсгол дээр л таарч байсан.
БАРИМТ 22
Тавантолгой төмөр зам гэдэг энэ компани Монгол Улсын хамгийн их орлоготой, хамгийн их ашигтай компанийн нэг болчихсон байгаа шүү.
БАРИМТ 23
А.Амундра манай компанийн захирал хийж байгаад зургаан жилийн өмнө ажлаас гарч Ерөнхий сайдын зөвлөх болсон.
БАРИМТ 24
А.Амундрагийн улс төрд өнгөрсөн таван жилийн хугацаанд хийсэн ажил, хэнтэй хэрхэн ажилласан талаар би тайлбар өгөх боломжгүй. Харин манай компанид ажиллаж байх үед нь байгуулсан гэрээ, контрактууд бол компанийн хууль, журмын дагуу хийгдсэн.