МАН-ын дарга юм бол дарга шиг 68 гишүүнээ оруулаад ир
Эх сурвалж: 24tsag.mn
2026 оны хаврын чуулган улс төрийн ширүүн уур амьсгал дунд үргэлжилж байна. Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл “УИХ-ын дарга Н.Учралыг МАН-ын даргын хавсран гүйцэтгэж байгаа ажлаа хүлээлгэн өгтөл УИХ дахь Ардчилсан Намын бүлэг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүй” хэмээн мэдэгдсэн.
Энэхүү мэдэгдлээс хойш УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болон байнгын хороодын хуралдаанууд ирц бүрдэхгүйгээс шалтгаалан хуралдах боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд өөрсдийн байр суурийг илэрхийлж эхэллээ. Тухайлбал:
УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц: УИХ-ын гишүүд татвар төлөгчийн мөнгөөр цалинждаг учраас чуулган, байнгын хорооны хуралдаа суух ёстой. АН-ынхан чуулгандаа суухгүй байгаа нь эс үйлдэхүй буюу ЗАЛХУУРАЛ.
УИХ-ын гишүүн Б.Найдалаа: Улс төрийн ямар ч шалтгаан байсан УИХ-ын гишүүд хуралдаа суух ёстой.
УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл: Намын дарга, бүлгийн дарга нар хоорондоо уулзаж учраа олох хэрэгтэй. УИХ-ын гишүүд бол улс төрчид мөн. Гэхдээ улс эх орныхоо төлөө зүтгэнэ гэсэн үүргээ хэтэрхий улс төржүүлмээргүй байна.
УИХ-ын гишүүн П.Батчимэг: Ардчилсан нам дотоод сонгуульдаа анхаарч төрийн ажлыг гацааж хуралд оролцохгүй байгаа гэсэн зүйл байхгүй.
УИХ-ын гишүүн Ө.Шижир: Өмнө нь “шөнө дундын яриа” гэдэг шиг Х.Булгантуяа дарга шөнөжин ганцаараа ярьсан. Өнөөдөр “үд дундын яриа” шиг Н.Учрал дарга өглөөжин ганцаараа ярилаа. Олонхийн бүлэг ирцээ бүрдүүл. Намын дарга юм бол намын дарга шиг 68 гишүүнээ оруулж ир.
Сөрөг хүчин идэвхтэй улс төр хийх нь парламентын ардчиллын нэг хэсэг. Харин парламентын олонх болсон 68 суудалтай эрх баригч МАН ирцээ бүрдүүлж, хууль тогтоох үйл ажиллагааг тасалдуулахгүй байх бүрэн боломжтой ч дотроо эвлэж чадахгүй байгаа бололтой.
Өнөөдрийн үүсээд буй нөхцөл байдал нь зөвхөн нам хоорондын зөрчил бус, төрийн үйл ажиллагааны хэвийн байдалд нөлөөлж буй ноцтой асуудал болон хувирч байна. Иймд талууд харилцан буулт хийж, зөвшилцөлд хүрч парламентын үйл ажиллагааг хэвийн горимд оруулах шаардлагатай байна. Эцсийн дүндээ хэн нэг нам, улстөрчийн ашиг сонирхлоос илүүтэйгээр төрийн ажил урагшлах ёстой.