SaveTuul: Байгалийн эрх, төрийн тахилгатай уулс, гол усаа хамгаалах боломж

Туул-гол

Эх сурвалж: gogo.mn

-Уншигчийн захидал- 

Энэхүү нийтлэлийг “Туулын Хурдны Зам” төслийг эсэргүүцэж, #SaveTuul хөдөлгөөнийг дэмжиж бичлээ.  

Маршлын гүүрний зам дагуу бид олуулаа цуглажээ.  Улаанбаатарчууд маань Туул гол дээгүүрээ хурдны зам тавихыг эсэргүүцэж энд ирсэн байна. Цаасан хайрцагны тал дээр, А4 цагаан цаасан дээр бичсэн олон лоозон, уриа, ухуулга харагдана. “Туул голоос савраа тат”, “Хатан Туулаа, Хатсан Туул болгохгүй”, “Туулыг тайван орхи”, “МАНгар олдоно, туул ганц”, “SOS Tuul”, “Save Tuul”, “Save Ecosystem, Build Green City”.

Түгжрэлд түүртсэн жолоочид хүртэл “туулаа хамгаалах нь зөв” гэж цонхоо онгойлгон дэмжих нь олон. Энэ дунд хоёр залуу цаасан хайрцагны өөдөс дээр уриа бичиж зогсоно. Англиар бичиж байгаа бололтой, “the” Tuul гэх юм уу? эсхүл зүгээр “-“ Тuul гэх юм уу ярилцана. Нэг залуу нь бид ямар Англи-Америкуууд уу, юу гэж бичсэн болно гэв.  

Үүний тод жишээ бол Монгол орны гол ус, ялангуяа Туул гол руу хийсэн заналхийлэл, дайсагнал харуулж байна. 

Англи хэлний дүрэмд гол, мөрөн нь өөрөө оноосон нэртэй байдаг. Ихэнх тохиолдолд гол мөрний өмнө “the” артикль хэрэглэдэг. Харин хүний оноосон нэр эсрэгээрээ “the” хэрэглэхгүй байх ерөнхий дүрэм бий. Жишээ нь (the Bayar) гэж хэлэхгүй нь. Тиймээс “the” TUUL гэж хэрэглэх нь зөв. Гэтэл бидний сэтгэлгээ, ертөнцийг үзэх үзэл, соёлтой холбож бодвол “the” хэрэглэх буруу мэт. Учир бидний оюун санаанд “Хатан Туул” бол H2O төдийхөн зүйл зүйл биш, харин өөрийн эрхэмсэг оршихуйтай, ухамсартай, мэдрэхүйтэй, амьд бие байдаг. Ийм л учраас бидний хувьд Туул гол бол “the” Tuul биш харин Тuul юм.  

Яагаад хэрэгтэй, хэрэггүй зүйл бичив гэж. Би та бүхэнтэй, бидэнд ойрхон хуулийн шинэ ойлголт, эрх зүйн хувьсгалын талаар хуваалцъя. Энэ бол “Байгалийн эрх” (rights of nature). Эв хавгүй орчуулга боловч агуулга нь: Байгаль – хүн хоёр харилцан шүтэлцээтэй. Хүн байгалийн эзэн гэхээс илүүтэй, түүний нэг бүрдэл. Байгаль зөвхөн хүний хувьд ашиглах нөөц төдийхөн зүйл биш. Эсрэгээрээ амьд – өөрийн гоо үзэмж, үнэт зүйл, мөн чанартай оршихуй юм. Энэ бол  “байгалийн эрх” гэх  ойлголтын гол агуулга.  Зарим нь хүн төрөлхтнийг аврах хуулийн хувьсгал гэж үзэж байна.   

Юун гэнэт байгалийн эрх гэж үү?! Шалтгаан нь Монголчууд байгалиа мөн адил “дэлхий ээж” хэмээн хүндлэн, байгалийг хүмүүнчлэн харж, байгаль-хүмүүнийг харилцааг харилцан шүтэлцэл, итгэл бишрэл, зан үйлээр тайлбарлаж, ойлгодог. Харин бидний байгаль, бидний нүдэн дээр цөлжиж, хатаж, бохирдож, нөмгөрч алга болж байна. Энэ доройтол бол зөвхөн экологийн асуудал биш. Энэ бол нийгэм, улс төрийн асуудал. Монгол хүмүүний оршихуй, нүүдлийн соёл, Монгол Улсын тусгаар тогтнолын асуудал юм. Ийм л учраас бидэнтэй ойрхон “байгалийн эрх” хэмээх хууль зүйн ойлголтоор дамжуулан байгаль орчны бодлогоо эргэн харах, ялангуяа усны эх үүсвэрээ хамгаалах, усны аюулгүй байдлаа бататгах боломж байна гэдэгт итгэн бичиж байна.    

“Байгалийн эрх” гэж юу вэ? 

Анх Эквадор Улс Үндсэн хуулиндаа байгаль нь өөрийн эрхтэй гэж тунхаглажээ. Тус Үндсэн хуульд “хуулиар тогтоосон хүнд эдлүүлэхээр заасан бүхий л эрхийг байгаль мөн эдэлнэ. Байгаль эх буюу Пачамама нь амьдрал үүсэж бас орших сав ертөнц болохын хувьд орших, үргэлжлэх, хадгалагдах эрхтэй болно. Түүнчлэн байгаль нь өөрийн амин мөчлөг, цогц оршихуй, жам ёс, хувьсан өөрчлөгдөх үйл явцаа хадгалах, нөхөн сэргээгдэх эрхтэй’ хэмээн хуульчилсан байдаг. Энэ л өгүүлбэр, агуулга, үзэл санаа нь ‘байгалийн эрх’ гэдэг ойлголтын сүнс нь юм.  

Эквадор Улс гэлтгүй,  “байгалийн эрх”-ийг янз бүрийн байдлаар улс бүр харилцан адилгүй тогтоож байгаа. АНУ-ын хувьд муж улсын түвшинд, ялангуяа орон нутгийн хэмжээнд журам батлах замаар байгалийн эрхийг анх хэрэглэсэн байна. 2006 оны Пенсиливань мужийн Тамакуа Буройф бол үүний тод жишээ. Харин Боливи Улсад “Дэлхий эхийн эрхийн тухай хууль” батлах замаар байгалийн эрхийг хуульчилсан байдаг. Колумб болон Энэтхэг Улсын Үндсэн хуулийн шүүхээс байгалийг хүмүүний адил эрхтэй болохыг тогтоосон анхны шийдвэрүүдийг гаргасан. Шинэ Зеланд Улсад байгалийн эрхийг ердийн хуулиар хамгаалж өгсөн гээд олон жишээ хэлж болно. 

Европийн орнуудад ч бас байгаль эрхтэй болох асуудал академик болон хууль зүйн бодлогын түвшинд хэдийнээ яригдаж эхэлсэн. Ирландын Үндсэн Хуулийн нэмэлт өөрчлөлтийн санал асуулгад “байгалийн эрх”-ийг тусгахаар хөдөлгөөн өрнөөд явж байна. Саяхан Холбооны Бүгд Найрамдах Германы Эрфурт дэх Холбооны Шүүхээр байгаль эрхтэй гэдэг ойлголтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсэгт хэлэлцсэн байх жишээтэй. Мөн Өмнөд Африкийн хуульчид “байгалийн эрхийн” активизмыг аль хэдийнээ эхлүүлж, Ширээт Уулыг өөрийн эрхтэй болох талаар ажил эхэлжээ. Энд дурдагдаагүй олон жишээнүүд бий, дэлхийн хэмжээнд 40 гаруй улсууд ямар нэгэн байдлаар байгалийн эрхийг тунхагласан байгаа.  

Албан хэлэхэд, “байгалийн эрх” гэдэг ойлголт нь үндсэндээ хоёр хэлбэрээр хөгжиж байна. Нэг бол Эквадор, Болив, эсхүл Ирланд улсуудтай адил байгалийг бүхэлд нь эрхтэй гэж Үндсэн хууль, эсхүл бусад хуулиар тогтоох байдлаар. Нөгөө нь байгалийн тодорхой оршихуйг эрхжүүлэх байдлаар юм. Үүнд Шинэ Зеланд шиг хуулиар, эсхүл Колумб, Энэтхэг шиг Үндсэн Хуулийн шүүхээр уул, гол мөрнийг эрхтэй гэж тогтоож болно.  

Жишээ нь, Колумбын Атрато мөрний хэрэг. Замбараагүй уул уурхайгаас үүдэж, ойн сан сүүдсэн, бохирдол ихэссэнээс шалтгаалж Атрато мөрний сав газар доройтсон. Ялангуяа энэ доройтол нь Атрато мөрнөөс амьдралаа залгуулдаг, түүний сав газар амьдардаг уугуул иргэдийн амьдралд маш хүндээр туссан. Тиймээс Колумб Улсын Үндсэн Hуулийн шүүх “байгалийн  эрх” буюу байгаль нөхөн сэргээгдэх, хамгаалагдах эрхтэй гэж үзэж, Атрато мөрнийг хууль зүйн этгээд болохыг тогтоосон. Шүүхээс үзэхдээ “Шинэ цагийн байгаль хамгаалах тогтолцоо нь гол, мөрнийг бодитой хамгаалж чадахгүй байна. Тиймээс байгаль орчны шударга ёсыг тогтоох, ялангуяа уугуул иргэдийн байгаль, ертөнцийг үзэх үзэлд тулгуурласан тэрхүү тогтолцоог хүлээн авах шаардлагатай болжээ” хэмээн тогтоосон байдаг.  

“Байгалийн эрх” нь бусад байгаль хамгаалах бодлогыг үгүйсгэх гэхээс илүүтэйгээр өргөжүүлэх, байгалийг өөрийг нь байгаль хамгаалах бодлогын төвд тавих тухай юм.

“Байгалийн эрх” нь Өмнөд Америкын орнууд, Шинэ Зеландад болон арлын улсуудад яригдаж байгаа нь зүгээр бас тохиолдол биш. Энэ ойлголт нь уугуул иргэдтэй (indigenous) шууд холбоотой. Тэдний амьдралын хэв маяг, ялангуяа тэдний байгальтай ойрхон харьцдаг, байгалийн үр шимийг шууд, өдөр тутамдаа хүртдэг, энэхүү дотно харилцаанаас ургасан ертөнцийг үзэх үзэл санаа, соёл, зан заншил, хэм хэмжээ зэрэгтэй нь холбогддог. Гэтэл хяналтгүй уул уурхай, төлөвлөгөөгүй бүтээн байгуулалт, хурдхан хөгжчих хөнгөхөн суртлаас болж тэдний орчин хамгийн ихээр бохирдож, амьдрах хэв маяг нь гоочлогдож, өв соёл адлагдаж, итгэл үнэмшилд нь зүхэгдсээр байгаа. Ийм л нөхцөлд өөртөө ойрхон, өөрөөс ургасан, бие биетэйгээ хуваалцдаг, үг өгүүлбэр нь танил тийм л ойлголт тэдэнд хэрэгтэй байсан. Энэ бол “байгалийн эрх” юм.  

Яагаад “байгалийн эрх” гэж! Байгаль орчинд тулгарч байгаа олон асуудлыг янз бүрээр шийдвэрлэхээр эрэлхийлсээр байгаа. Хүний эрхэд суурилсан байгаль хамгаалах бодлого, эрүүл орчинд амьдрах эрх, тогтвортой хөгжил, тусгай хамгаалалттай газар нутаг, компанийн нийгмийн хариуцлага … гэх мэтээр байгаль орчны хамгаалах олон талт зохицуулалт хөгжсөөр байгаа. Эдгээр зохицуулалт нь олон шүүмжлэлийг дагуулдаг. Үндсэн шүүмжлэл бол мэдээж, байгалийг хамгаалах гэхээс илүүтэйгээр хүнийг хамгаалах, байгальд дахь хүний ашиг сонирхлыг хамгаалах төдий гэж шүүмжлэгддэг. 

“Байгалийн эрх” нь бусад байгаль хамгаалах бодлогыг үгүйсгэх гэхээс илүүтэйгээр өргөжүүлэх, байгалийг өөрийг нь байгаль хамгаалах бодлогын төвд тавих тухай юм. Байгалийг зөвхөн хүний өөрсдийн үр шим, зорилго, оршихуйд зориулж биш харин байгалийг өөрт нь зориулж бодитой хамгаалах тухай ойлголт. Гол нь “байгалийн эрх” гэдэг ойлголтоор дамжуулан байгаль өөрөө хүний бүтээсэн улс төр, хууль, эдийн засгийн системд, хүнтэй зэрэгцэн оролцож, өөрийн ашиг сонирхлыг хамгаалах боломж. Иймээс зөвхөн өмнөд Америк, эсхүл уугуул иргэдээр хязгаарлагдахгүйгээр олон улсад “байгалийн эрхийн” ойлголтыг  нутагшуулахаар зорьж байна.  

“Байгалийн эрх” нь тийм ч хийсвэр үзэл санаа биш. Ер нь хүний нийгмийн маш олон ойлголтууд өөрөө хийсвэр. Гэхдээ бидний бодолд, оршихуйд бодит л байдаг. Жишээ нь лус, савдаг,  төрт улс, ёс суртахуун, компани, цаашилбал – хүний эрх зэрэг нь бидний хийсвэр төсөөлөл. Зарим нэг ойлголтууд нь нийгэм, улс төр, хуулийн ойлголт болж илүү хэрэглэгддэг, нийгмийн харилцааг зохицуулдаг. Өөрөөр хэлбэл байгалийг бидэнтэй л адил, өөрийн оршихуй, үнэт зүйлийн хилэмжтэй гэж хийсвэрлэсэн үү эсхүл бодитой оршдог гэнэ үү эсэх бол тийм ч чухал маргаан биш. Хамгийн гол нь байгалийг өөрийн үзэмж, хилэмж, үнэт зүйлтэй амьд оршихуй гэж харж байгаа тохиолдолд, хуулиар – хүний нийгмийн институт болгох замаар зохицуулж яагаад болохгүй гэж!  

Бидэнд тийм жишээ, жишиг бий… 

Төрийн тахилгатай уулс 

Төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж” гэж Үндсэн Хууль эхэлдэг. Нүүдэлчин ахуй, соёл бол уг тунхаглалын цаад үндэс юм. Бидний нүүдэлчин ахуй, соёл байгальтай харьцах хэлбэр, арга ухаан, итгэл бишрэлээр тайлбарлагддаг. Цаашилбал нүүдэлчин ахуй, соёл бол бидний улс төр, нийгэм, соёл, хуулийн амин сүнс мөн. Ийм нарийн сэжим, уламжлал, холбоотой иргэдийн хувьд “байгалийн эрх” гэдэг тийм ч хүний, холын ойлголт биш. 

Үүний тод жишээ бол төрийн тахилгатай уулс. “Бөртө чоно, Гоо марал Бурхан Халдун ууланд нутаглаж, Батцагаан хөвүүнтэй болжээ” гэдгээс эхлээд Бурхан Халдуун уул маань Монголын улс төр, оюун санаа, шүтлэг, үзэл суртлын салшгүй тоглогч болсон. Нууц товчоонд “Бурхан халдун уул нь нийт 25 удаа дурдагдахдаа, зөвхөн орон зай, байршлыг тодорхойлсон төдий зүйл биш байв. Үүнийг Чингис хаан “Бурхан халдун”-тай ярьж, түүнийг үрийн үрд тахиж, шүтэж байх зарлигаас тодорхой харж болно.  

“… Бөглүү ойт Бурхан уул 

   Бөөсөн чинээ амийг минь  

   Бөөцийлөн аварч 

   Бөөрийн чинээ биеийг минь  

   Бүтэн мэнд үлдээв …” 

Энэ өчил үйл явдлын хураангуй мэт харагдах боловч, Бурхан халдун уулыг сүнсжүүлж, хүмүүнчилж байгаагийн илрэл.   

Үндсэндээ уул тайх тахилга ёс Монголын түүх, хуулийн бичвэрт түгээмэл. Монгол ноёдын санал, Манжийн хааны зарлигаар 1778 онд Богд хан хайрхан уулыг тахилгатай уул болгож, хамгаалж байсан нь үндэсний паркийн эхлэл ч гэж үздэг. 1815 онд Хан Хэнтий уулыг тайсан айлтгал байх ба үүнд “энд дээд эзний нүүртэй хишигт тэнгэр маш цэлмэг, салхи бороо үгүй. Үдэж багахан бороо уулын савдаг сүслэн буулгасан бөгөөд боолуудаас эхлэн харц албатад хүртэл бүрэн олж мохошгүй хишгийг хүлээх тул түрхрэн тэсгэлгүй сүслэн баярлалдаж тэнгэрийн хишигт мөргөв” гэж тэмдэглэгджээ.  

Мөн Богд хааны зарлигаар тогтоосон хууль зүйлийн бичгийн 32 дугаар бүлэгт  тайх тахилга ёслолын хуулийг баталж, үүгээр шашныг тэтгэгч их Богд Хан Хайрхан уул, Хан Хэнтий уул, Отгон Тэнгэр уулыг тахихаар журамласан байдаг. Уулыг тайх тахилга ёс социализмын үед зогссон боловч энэхүү тахилгат уулууд нь хууль зүйн хувьд тусгай хамгаалалттай, дархан цаазтай газар болон хамгаалагдсаар ирсэн нь тохиолдол төдий биш. Энэ хатуу дэглэмийн үед ч орон нутгийн иргэд уулыг тайх тахилга ёсыг үргэлжлүүлэн хийж ирсэн баримт ч бий.  

“Монголчууд эртнээс нааш Богд хан хайрхан уул, Хан Хэнтий уул, Отгонтэнгэр уулыг тахиж ирсэн уламжлалыг сэргээн, дээрх уулсыг зарлигаар тогтоосон хууль зүйлийн бичигт заасныг харгалзан эдүгээ цагийн байдалд нийцүүлэн тайх талаар олон түмнээс гаргаж байгаа санаачилгыг дэмжсүгэй” гэж 1995 онд П. Очирбат зарлигдсанаар уулсыг тайх уламжлалт ёслол сэргэсэн. Үүнээс хойш Монгол Улсын үе үеийн төрийн тэргүүд,  

Н.Багабанди 2004 онд Дарьгангын Алтан овоо, Алтан Хөхий уул,  

Н.Энхбаяр 2007 онд Суварга хайрхан уул, Хан хөхий уул, Сутай хайрхан уулсыг,  

Ц.Элбэгдорж 2012 онд Алтай хааны Таван богд уул, Гурван Сайхан уулыг,  

Х.Баттулга 2020, 2021 онуудад Их Богд Хайрхан уул, Ноён уулыг тахилгатай уул болгон зарласан. Одоогоор Монгол улс нийт 12 төрийн тахилгатай уулстай болсон байна.  

Ерөнхийлөгч П.Очирбатын зарлигийн үндэс нь (нэгт) Богд хааны уул тайх тайлга ёсыг сэргээх, (хоёрт) нийт иргэдийн хүсэл зоригийг биелүүлж уламжлалт, үндэсний соёлыг дэлгэрүүлэх байв. Харин Н.Багабанди ерөнхийлөгчийн үеэс “төрийн” гэдэг үг нэмэгдсэнээр төрийн тахилгатай уулс гэдэг албан нэр томьёо гарсан ба тодорхой зохицуулсан журам ч батлагдсан. Уг журмын эхэнд “Монголын ард түмэн бид … эх болсон байгаль дэлхийгээ “хүмүүнчлэн” үзэж хайрлан хамгаалах, газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг бататган бэхжүүлэх, ард иргэдийнхээ эх оронч, үндэсний үзлийг сэргээн бадраах утга санаа, үйлдлэг сэтгэлгээг агуулдагт энэхүү тайлга тахилгын ач холбогдол гүнээ оршиж байдаг билээ” гэж байдаг.  

Үе үеийн Ерөнхийлөгч нарын зарлигт Монголчуудын байгалийг хүмүүнчлэн үзэж, хайрлаж, харьцаж ирсэн ёс бол “өнө эртний,” “уламжлалт,” “гол соёл,” “нүүдэлчин ахуйн онцлог” гэдэг агуулга тогтмол хадгалагдаж ирсэн байдаг. Үүний зэрэгцээ газар нутгийн бүрэн бүтэн байдал, улсын бүрэн эрхт байдал, өмчлөлийн сэтгэлгээ ч үүгээр дамжин илэрдэг. Энэ бол яах аргагүй “байгалийн эрх” хэмээх ойлголттой дүйцүүлэн харж болохуйц бидний суурь үзэл санаа мөн.   

Та бараг хариултыг гадарлаж байгаа болов уу? Байгалийн эрх гэдэг юмтай болох ёстой гэж хэлэх гээд байна гэж. Гэхдээ юу өөрчлөгдөх юм гэж эргэлзэж байгаа болов уу?  

Харин бидний энэхүү уламжлалт үзэл санаа нь хөндөж, хүрч болохгүй өв соёл гэж туйлширч болохгүй. Ялангуяа энэ цаг үеийн дайралтад сөргүүлэн хадгалах, хамгаалах шаардлага бий болсон байна. Энэ бол “байгалийн эрх” гэдэг хууль зүйн шинэ инноваци мөн. Уг ойлголтоор дамжуулан төрт ёсны түүхэн уламжлалаа, дэлхийн нийтийн чиг хандлагад нийцүүлэн хамгаалах, хадгалах боломжтой. Ийм хэрэгцээ нэгэнт бий болсныг олон зүйлээр, өдөр тутамд бид мэдрэх боллоо.  

Үүний тод жишээ бол Монгол орны гол ус, ялангуяа Туул гол руу хийсэн заналхийлэл, дайсагнал харуулж байна. 

Гол усаа хамгаалах бидний боломж   

Дэлхий нийтээр “байгалийн эрх” нь усыг хамгаалах асуудалд хамгийн түгээмэл хэрэглэгдэж байна. Колумбын Атратогийн гол, Шинэ Зеландын Уйнганиуи, Энэтхэгийн Ганга болон Ямуна мөрөн, Эквадорын Вилкамбамба голууд хэдийнээ өөрийн эрхтэй болохыг шүүхээс тогтоосон. Үүнээс ч олон гол, мөрөн, нуур өөрийн эрхтэй болохыг тогтоохоор орон нутгийн иргэд, байгаль хамгаалагчид, хуульчид мөн ажиллаж байна.  

Ус бидэнд ямар чухал болох. Эсхүл бид ямар бага усны нөөцтэй талаар. Мөн бидний хойч үе усны асар их хомсдолтой тулгарах эрсдэлийг энд өгүүлэх илүүц байх. Та хүүхэд насандаа сэлж өссөн нарийн гол, булаг, шандаа нэг эргээд очоорой. Харин бидэнд гол усаа хамгаалах ямар боломж байна вэ гэдэг илүү. 

Та бараг хариултыг гадарлаж байгаа болов уу? Байгалийн эрх гэдэг юмтай болох ёстой гэж хэлэх гээд байна гэж. Гэхдээ юу өөрчлөгдөх юм гэж эргэлзэж байгаа болов уу?  

Энд төстэй, бас маш ялгаатай хоёр ойлголтыг хольж сольж та нартай хуваалцлаа. Нэгт, төрийн тахилгатай уулс. Хоёрт, байгалийн эрх. Ялангуяа Монгол орны гол усыг хамгаалах харилцаанд аль аль нь үгүйлэгдэж байна. Яагаад бид төрийн тахилгатай голтой болж болохгүй гэж… Яагаад төрийн тахилгатай Богд Хан Хайрхан уулын хоймроор урсаж буй Туул гол төрийн тахилагатай биш гэж… Яагаад Хатан Туул голоо төрийн тахилгатай болгож болохгүй гэж…  

Бидний ухамсар, хэрэгцээ хувьсан өөрчлөгдөж, улсаараа олборлох үйлдвэрийн нөөц болон хувирч байгаа өнөөгийн нөхцөлд уламжлалт эрх зүйн хамгаалалт хүчтэй байсаар байх нь тун эргэлзээтэй болсоор байна. Үүний тод жишээ бол Богд Хан Хайрхан уул, Хатан Туул гол мөн.

Эртнээс нааш уулаа хамгаалж, төрийн тахилгатай болгон өргөмжилж, хүмүүнчилж ирсэн энэхүү соёл, ертөнцийг үзэх үзэл “Монгол орны гол, мөрөн, нуур, рашаан”-ийг тойроогүй. Гол усаа шүтэж, дахиж ирсэн олон баримт жишээ байдаг. Сэлэнгэ мөрөн үеэрлэж, хүн амьтадгүй зударсан жил “ташуурдан” шийтгэсэн тухай баримт уншиж байлаа. Инээдтэй мэт боловч гол усаа хүмүүнчлэн харж байгаагийн тод илрэл юм. Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн үед гол усаа төрийн тахилгатай болгох санал гаргаж байв. Харин 2014 онд Соёлын өвийг хамгаалах тухай хуулиар Монгол Улсын Ерөнхийлөгчид уул, “УС”-ыг төрийн тахилгатай болгох шийдвэр гаргах эрх хэмжээ олгосон.  Өнөөдөр Хөвсгөл нуурыг (далай ээж) төрийн тахилгатай нуур болгож хамгаалснаас бусдаар гол усаа хамгаалсан жишээ бидэнд алга байна.   

Зөвхөн төрийн тахилгын зохицуулалтаар зогсож болохгүй. Бид төрт ёсныхоо уламжлалыг хадгалан хамгаалахын зэрэгцээ дэлхийн нийтийн хөгжлийн чиг хандлагатай уялдуулах шаардлагатай. Өөрөөр хэлбэл төрийн тахилгын зохицуулалтыг тэлэн, дэлгэрүүлэх, эрх зүйн бодит хамгаалалтыг бий болгох үйл хэргээр илрэх ёстой. Төрийн тахилгын зохицуулалт нь олон талаар байгаль орчныг хамгаалахад эерэг үр дагаврыг бий болгож байгаа нь үнэн. Зарлан тунхаглахын зэрэгцээ, төрийн тайлга, тахилга үйлдэж, газар орноо эргэн очиж, бүрэн бүтэн байдлыг биечлэн шалгаж буй нь эрх зүйн бодитой хамгаалалт мөн. Үүний зэрэгцээ орон нутгийн иргэд, лам хуврга, бөө, удган, мэргэжлийн байгууллага, төрийн өндөр албан тушаалтан, Монгол Улсын иргэд нийтээрээ уг тайх, тайлга ёслолд оролцдог нь маш өргөн хамгаалалтыг үүсгэдэг.  

Гэхдээ төрийн тахилгын эрх зүйн зохицуулалт нь тунхаглал (аливаа үйлдлийг хориглох), тайлгын ёс гэх гол хоёр хэлбэрт хөтлөгдсөн хязгаарлагдмал байгаа нь мөн үнэн. Бидний ухамсар, хэрэгцээ хувьсан өөрчлөгдөж, улсаараа олборлох үйлдвэрийн нөөц болон хувирч байгаа өнөөгийн нөхцөлд уламжлалт эрх зүйн хамгаалалт хүчтэй байсаар байх нь тун эргэлзээтэй болсоор байна. Үүний тод жишээ бол Богд Хан Хайрхан уул, Хатан Туул гол мөн. Тиймээс төрийн тахилгын зохицуулалтыг байгалийн эрхтэй холбох замаар эрх зүйн хамгаалалтыг нэмэгдүүлэх боломж бидний өөрсдийн соёл, ахуйд хадгалагдсаар байгааг анхаарах цаг болжээ. 

Байгалийн эрхийг – Туулынхаа эрхийг хүлээн авснаар зөвхөн төрийн байгууллага, түүний институтэд хадгалагдаж байгаа байгаль хамгаалах эрх хэмжээнд эсхүл иргэний эрхийн ухамсар, тэдний эрхэд тулгуурласан байгаль хамгаалах бодлогод хөтлөгдөх биш. Харин байгальд нь, өөрт нь, Туулд нь эрхийг нь шилжүүлснээр байгалиа хамгаалах, хадгалах боломж нэмэгдэнэ. Энэ нь нэг талаар иргэд, олон нийтийн байгууллага, мэргэжлийн институт байгалийнхаа, Туул голынхоо дуу хоолой болох эрх хэмжээ улам баталгаажих үндэс болно. Ингэснээр байгаль хамгаалах уламжлалт бодлого, цаг үеийн өөрчлөлтөд хадгалагдан үлдэх гол түлхүүр “Байгалийн эрх” хэмээн эрх зүйн хувьсгалд хадгалагдаж байна.   

Д. Баяр                             

Жич: Энэхүү нийтлэлийг Кэмбрижийн Их Сургууль дахь Монгол ба Өвөр Ази Судлалын Төвийн “Сэлэнгэ мөрөн, түүний сав газрын байгаль орчны засаглалын түүхэн судалгаа” төслийн хүрээнд бичив.  

About Author