Улсын Хоёрдугаар Төв эмнэлэгт цөмийн оношзүйн дэвшилтэт SPECT/CT аппаратыг суурилууллаа
Улсын Хоёрдугаар Төв эмнэлэгт цөмийн оношзүйн дэвшилтэт SPECT/CT аппаратыг суурилууллаа. Тус төхөөрөмж нь эрхтний бүтэц болон үйл ажиллагааг нэгэн зэрэг дүрслэх боломжтойгоороо онцлог юм. Ингэснээр хавдар болон бусад өвчнийг илүү эрт, нарийвчлалтай оношлох нөхцөл бүрдэж байгаа аж.
Энэхүү аппарат нь Монгол Улсад ашиглалтад орж буй хоёр дахь SPECT/CT болж байгаа бөгөөд шинэ төхөөрөмж нэвтэрснээр оношилгооны чанар, хүртээмжийг сайжруулах юм байна.
Цаашид уг аппаратын тусламжтайгаар эмчилгээ, оношилгоондоо аргачлалуудыг хийх боломж нээгдэнэ. Үүнд :
- Зүрхний цусан хангамжийн тайван болон ачаалалтай сцинтиграфийн оношилгоог өргөжүүлж, зүрхээр өвддөг гэсэн өгүүлэмжтэй хүмүүст, далд ишеми болон шигдээсийг ялган оношлох аргачлалыг эмнэл зүйн салбарт илүү өргөн хүртээмжтэй хийх.
- Зүрхний цусан хангамжийн ачаалалтай сцинтиграфийн шинжилгээнд эмийн ачааллыг нэвтрүүлэх
- Элэг цөсний замын динамик үйл ажиллагааг үнэлэх аргачлал
- Уушгины тромбоэмболийн цусан хангамжийн болон агааржилтын сцинтиграфи
- Тархины цусан хангамжийн болон бодисын солилцооны зарим эмгэгүүд /тархины үхжил, алцгеймер, эпилепсийн оношилгоо/
- Түрүү булчирхайн хорт хавдрын хөнгөвчлөх эмчилгээ /Lu -177/
- Ясны өвдөлт намдаах хөнгөвчлөх эмчилгээ
- Үе мөчний үрэвсэлт эмгэгүүдийн өвдөлт намдаах эмчилгээг шинээр нэвтрүүлэх
- Элэгний хорт хавдрыг эмчлэх Re-188 липоидол эмчилгээг үргэлжлүүлэх боломж бүрдэх аж.