УХТЭ-ийнхэн Спэкт/КТ-тай болж цөмийн оношилгоо, эмчилгээг цогцоор нь хийж байна
Улсын хоёрдугаар төв эмнэлэг (УХТЭ)-т Спэкт/КТ суурилуулж, цөмийн анагаах ухааны тусламж, үйлчилгээг цогцоор нь үзүүлэх боломж бүрдүүллээ. Тодруулбал, тус эмнэлгийн Цөмийн оношилгоо, эмчилгээний төвд Олон улсын атомын энергийн агентлагийн “Техникийн хамтын ажиллагааны МОН6023” төслийн хүрээнд функциональ дүрслэл (SPECT) болон компьютер томограф (CT)-ыг хослуулсан өндөр технологийн энэхүү дэвшилтэт тоног төхөөрөмжийг нийлүүлж, өнгөрсөн баасан гаргаас эмчилгээ, үйлчилгээндээ ашиглаж эхэлсэн байна. Төслийг ЭМЯ, УХТЭийнхэн хамтран хэрэгжүүлж, хөрөнгө оруулалтыг тус агентлагийн “Rays of hope” санаачилгын хүрээнд шийдвэрлэжээ. Уг санаачилга нь хорт
хавдрын тусламж, үйлчилгээг сайжруулах, дэд бүтцийг бэхжүүлэх, хөгжиж буй орнуудын оношилгоо, эмчилгээний чадавхыг нэмэгдүүлэх зорилготой, олон улсын томоохон дэмжлэгт хөтөлбөр юм.
Олон улсын атомын энергийн агентлагийн 100 хувийн санхүү жилтээр буюу 540 122 еврогийн өртөг бүхий Спэкт/КТ нь дэлхийд тэргүүлэгч “Mediso” компанид үйлдвэрлэсэн, “AnyScan SC” загварын хоёр толгойт компьютер томограф аж. Энэ нь Монголд суурилуулсан хоёр дахь Спэкт/ КТ бөгөөд зүрх, тархи, яс, бамбай булчирхайн өвчлөл, хорт хавдрын үсэрхийллийг эрт үед нь, нарийн оношлох чадамжтай технологи гэдгээрээ онцлогтой. Тэр дундаа хавдрын үе шатыг тогтоох, үйл ажиллагааны алдагдлыг илрүүлэх оношилгооны үндсэн арга нь Спэкт/КТ гэнэ.