Х.Булгантуяа: Хүүхдийн мөнгийг нөхөн олгох журмыг ирэх 7 хоногт батална
Монгол Улсын 2023 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа. Төсөвт тодотгол хийсэнтэй холбоотойгоор Сангийн сайд Б.Жавхлан болон Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нар мэдээлэл өглөө.
ХНХ-ын сайд Х.Булгантуяа “Энэ удаагийн төсвийн тодотголоор иргэдийн амьжиргааг дэмжих хүрээнд цалин, тэтгэвэр, халамжийн тэтгэмжийг нэмэгдүүлэх, хүүхдийн мөнгийг нөхөн олгох, цаашид хүүхэд бүрт олгохоор шийдвэрлэлээ. Холбогдох журмуудыг Засгийн газрын ирэх долоо хоногийн хуралдаанаар баталж, олон нийтэд танилцуулна. Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд олгох, эхний 6 сард авч чадаагүй хүүхдүүдэд нөхөн олгох төсөв ийнхүү шийдвэрлэгдлээ.
Энэ удаагийн төсвийн тодотголоор иргэдийн амьжаргааг дэмжих, төрийн албан хаагчдын цалин, ахмадуудын тэтгэврийг нэмэх, хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд олгох, нөхөн олгох, халамжийн тэтгэмж, байнгын асаргаатай иргэдийн тэтгэмжийг 2-3 дахин нэмэгдүүлэх арга хэмжээг тусгаж батлуулж чадлаа. Иргэд төрийн албанд ахиж дэвших, шалгуур үзүүлэлтүүдийг хоёр дахин бууруулж, Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулж батлуулж чадлаа. 2022 онд гэхэд төрийн албанд хөгжлийн бэрхшээлтэй гуравхан иргэн шалгалт өгч, тэнцсэн байна.
Түүнчлэн 98 жилийн түүхтэй хүүхдийн байгууллагыг Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн агентлаг гэж байсныг хүүхдийн байгууллага байх ёстой гэж үзэж хүүхдийн хамгаалал, хүүхдийн хөгжил рүү чиглэсэн байгууллага болгон өөрчиллөө” гэлээ.