С.Эрдэнэбат: Төсвийн тодотгол хийхгүйгээр багш нарын цалинг нэмэх боломжгүй
Эх сурвалж: ZUV.MN
Эмч, багш нарын цалинг нэмэгдүүлэх хэлэлцээр бодит байдал дээр биелэлээ олохгүй байгаа талаар салбарынхан нь шүүмжлэл өрнүүлж буй.
Үүнтэй холбоотой УИХ-ын гишүүн С.Эрдэнэбатаас дараах тодруулгыг авлаа.
Тэрбээр “Үйлдвэрчний эвлэлтэй байгуулсан хэлэлцээрийн хүрээнд эмч багш нарын цалинг нэмэгдүүлэхэд 600 тэрбум төгрөг дутна гэдгийг би хэлж байсан. Гэтэл тухайн үед хуруугаа ч хөдөлгөөгүй хүмүүс одоо гайхаад яриад яваад байх шаардлагагүй.
Байнгын хорооны гишүүд нь ч ойлгохгүй тойргоо услах тухай ярьсаар байгаад төсвийг нь дутуу баталсныг бүгд мэдэж байгаа. Тиймээс багш нарын цалин дээр шинэ, хуучин сайд нар бие биенээ буруутгах шаардлагагүй.
Одоо асуудлаа шийдэх хэрэгтэй. Бүгд мэдэж байсан. Би тэнд зам тавина, байшин барина гэсэн жалга довны үзлээс л болсон. Одоо нэг сайдыг буруутгах нь өрөөсгөл. Энэ бол зүгээр л шалтаг.
Төсвийн тодотгол хийхгүйгээр багш нарын цалинг нэмэх боломжгүй. Мөн тэтгэврийн зөрүүг арилгаж, суурь тэтгэврийг нэмэх ёстой. Иддэг мах нь 30 мянган төгрөг болж, эм тарианы үнэ нь нэмэгдэж байхад ахмадууд 600 мянган төгрөгөөр амьдрах боломжгүй байна.
Боловсрол, эрүүл мэндийн салбарын цалинг улсын дундаж хэмжээнд хүргэх ёстой. Төсвийн асуудал шийдэж байсан хүмүүс л үүргээ гүйцэтгэж чадаагүй. Эрүүл мэнд, боловсрол, эрчим хүчний салбарт нэн тэргүүнд анхаарах ёстой” гэлээ.
https://www.facebook.com/share/v/1CdPK2KH5a