ТОЙМ: Казахстантай юу тохиров?

672387192_1317689750274634_6084173602012110272_n

Эх сурвалж: iKon.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад энэ сарын 20-23-ны хооронд төрийн айлчлал хийгээд эх орондоо ирлээ.

Казахстан Улс нь 1991 оны арванхоёрдугаар сарын 16-нд Зөвлөлтийн бүгд найрамдах улсуудаас хамгийн сүүлд тусгаар тогтнолоо зарлаж байв. 1991 оноос дэлхийн казах үндэстнүүдийг язгуурын нутагтаа ирүүлэх бодлого явуулж, казах хэл, соёлын дархлааг нэмэгдүүлэх, казах хүн амыг нэмэгдүүлэх ажлуудыг эхлүүлсэн байна.

2025 оны байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүн 300 тэрбум ам.долларт хүрч, нэг хүнд ногдох нь 14,000 ам.доллар болжээ. Нийт 20.5 сая хүн амтай бөгөөд нэг хүнд ногдох дундаж цалин 850 ам.доллар буюу гурван сая төгрөгт хүрсэн аж. Байгалийн хий, газрын тос, уул уурхайн бусад олборлолтоор эдийн засгийн гол орлогоо олдог.

Бид нүүдэлчний соёл ба эсгий гэр соёлын өв залгамжлагчид. Бидний аж байдал, оюун санаа, амьдралын хэв маяг, ёс уламжлал ижил төстэй зүйл олон бий.

Одоогийн Казахстан улсын газар нутаг Их Монголын эзэнт гүрний өрнөд хязгаарт 1224-1480 он хүртэл оршин байсан Алтан ордны улсад харьяалагдаж байсан. Алтан ордны улсын үндсийг Зүчи хаан тавьж, Бат хааны өргөтгөсөн. Зүчи хааны бунхан Казахстан улсын нутаг дэвсгэрт, байгалийн маш үзэсгэлэнтэй газар байдаг юм. 

Түүнчлэн манай улсын Ерөнхийлөгчийг Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев “Акордо” хэмээх өргөөндөө ёслол төгөлдөр угтан авснаар төрийн айлчлал эхэлсэн. Казахстаны Ерөнхийлөгчийн “Акорда” өргөө 2004 онд ашиглалтад орсон. “Ак” буюу цагаан, “Ордо” буюу ордон гэсэн утгатай. 

Оройн цэнхэр өнгийн бөмбөлөг нь мөнх хөх тэнгэрийг бэлгэддэг бөгөөд Казахстаны Төрийн далбааны өнгөтэй ижил байдаг. Эрх чөлөө, тусгаар тогтнол, энх тайван, ард түмний эв нэгдлийн илэрхийлэл болгож өргөөний орой дээр нарны цацраг бүхий гэрийн тооно, бүргэдийн дүрсийг байрлуулжээ. 

Манай улсын Ерөнхийлөгч 20 жилийн дараа очиж буй уг айлчлалаар Казахстаны ерөнхийлөгчтэй юу тохиров?

1. Монгол-Казахстаныг холбосон зам барих

зураг

Хоёр орны төрийн тэргүүн нар авто зам барьж, тээврийн дөт зам нээх нь зүйтэй гэсэн хамтын шийдэлд хүрсэн нь онцлох үйл явдал боллоо.

Энэ талаар Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев “Үүнийг богино хугацаанд шийдэх боломж хомс ч бид нэг зорилготой байгааг харуулж байна. Тийм учраас энэ ажлын хүрээнд хамтын Засгийн газрын хамтарсан ажлын баг ажлын хэсэг байгуулахаар тохирлоо.

Цаашид Казахстан Монголын авто замын асуудлыг шийдсэнээр худалдааны эргэлтийг өргөжүүлэх, цаашлаад бусад орнуудад ч гэсэн бидэнд боломж нээгдэнэ гэдгийг харж болно. Ялангуяа худалдааны эргэлтийг сайжруулахад маш шинэ том түлхэц болох билээ” хэмээн онцолсон.

Монгол Улсын баруун хязгаарт байрлах Цагааннуур боомт нь Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын есдүгээр багийн нутаг Улаанбайшинт нэртэй газарт байрладаг.

Казахстанаас Монголын хил хүртэл 40 км зайтай боловч Алтайн уулстай дайралддаг учраас зам тавихад ихээхэн хүндрэлтэй. Тиймээс ОХУ-ын хилээр үү, Хятадын хилээр үү гэдгийг судлах дөт маршрут бий болгох боломжийг судлах хүрээнд хамтарсан ажлын хэсэг байгуулахаар тохирсон юм. Хэрэв ОХУ-аар дамжуулан тавих тохиолдолд Оросын талтай хийх яриа хэлэлцээрийг Казахстаны тал хариуцахаар тохирсон. 

Хоёр улсыг холбосон дөт замтай тавивал баруун таван аймгийн худалдааны эргэлт нэмэгдэх бөгөөд Төв Азийн орнуудтай харилцах боломж нээгдэнэ.

Эргэн сануулахад 2024 онд манай улсын Зам тээврийн яам 1,604 км урттай “Уст-Каменогорск-Рубцовск-Барнаул-Туэкта-Монгол Улсын хил” чиглэлийн авто зам барих талаар ажлын хэсэг байгуулж байсан аж.

2. нэг сая тонн газрын тос

зураг

Ерөнхийлөгч нар албан хэлэлцээ хийсний дараа “Газрын тосны салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Эрчим хүчний яам хоорондын санамж бичиг”-т сайд нар албан ёсоор гарын үсэг зурлаа. 

Ингэснээр газрын тосны хайгуул, олборлолт, газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, тээвэрлэлтийн логистик болон газрын тос боловсруулах салбарт хамтран ажиллах боломж нээгдэж буй юм.

Казахстан түүхий газрын тос, автобензин, дизель түлш зэрэг газрын тосны бүтээгдэхүүнийг тогтвортой, урт хугацаанд нийлүүлэх боломж бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм байна. Энэ хүрээнд Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй нефть боловсруулах үйлдвэрийн түүхий эдийн тодорхой хувь болох нэг сая тонн хүртэлх түүхий газрын тосыг Казахстанаас авахаар тохирлоо. 

Манай улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Казахстан улс өөрийн олборлож буй бүтээгдэхүүний 90 орчим хувийг экспортолдог. Түүхий эд нэрэх гурван том хэмжээний үйлдвэртэй. Дотооддоо дутагдалтай байгаа учраас дөрөв дэх үйлдвэрээ барьж байгаа бөгөөд 2028 оны төгсгөлд дуусгаад манайд бүтээгдэхүүн илүүчлэх боломжтой гэдэг зүйлийг ярьсан. Хамгийн багадаа нэг сая тонн түүхий эд авахаар ярьсан.

Хоёрт цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах санамж бичиг байгуулсан. Тус улс цөмийн эрчим хүчний түүхий эдийг хангах чиглэлээр дэлхийд тэргүүлдэг. Энэ улсын стандарт, хууль дүрэм, аюулгүй ажиллагааны боломж, хөрөнгө оруулалтыг тогтвортой байлгах талаар суралцах зүйл ихтэй. Энэ чиглэлээр хамтран ажиллах талаар санамж бичиг байгууллаа” хэмээн мэдээлэл өгөв.

Казахстан 120 гаруй оронтой худалдаа хийдэг бөгөөд үүнээс худалдааны гол түнш ОХУ байна. 2025 онд гадаад худалдааны нийт эргэлт 143.9 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 79.04 тэрбум ам.доллар, импорт 64.8 тэрбум ам.доллар байв.  Экспортын гол түнш нв Итали, БНХАУ, Нидерланд, ОХУ. Хар болон өнгөт металл, хүдрийн түүхий эд, түлш, газрын тос, газрын тосны бүтээгдэхүүн экспортолдог.

3. шууд нислэг 

Баян-Өлгийн иргэд Цагааннуур боомтоор гараад Казахстаны Алматы хот хүртэл 1,700 гаруй км авто замаар 24 цаг явж хүрдэг. Харин Өлгий хотоос Казахстаны Өскемен хот хүртэл 860 км газраар явдаг. Энэ зайг ойртуулахын тулд Өскемен-Өлгий чиглэлд шинэ нислэг үйлдэх тухай түүхэн чухал шийдэлд хүрлээ.

Мөн ирэх зургаадугаар сараас Казахстаны “Скат” авиа компани Улаанбаатар-Астана чиглэлд шууд нислэг үйлдэхээр хэлэлцээ хийлээ. Энэ нь аялагч нарын зардлыг бууруулах, бүс нутгийн цаашдын хөгжилд томоохон хувь нэмэр оруулах чухал шийдвэр юм.

4. Консулын газар

зураг

Баян-Өлгий аймаг 120 мянган хүн амтай. Казах угсаатан нь Монгол Улсын хүн амын дөрвөн хувийг эзэлдэг бөгөөд дийлэнх нь буюу 76.5 хувь нь Баян-Өлгий аймагт амьдардаг аж. Тэд Монгол-Казахстаны хооронд байнга зорчиж, худалдаа наймаа эрхлэх байдлаар аж төрөн амьдардаг. 

Тиймээс энэ удаагийн айлчлалын үеэр Казахстаны талаас Өлгий хотод Консулын газар байгуулах албан ёсны санал тавьсныг манай улсын талаас хүлээн зөвшөөрсөн юм.

Энэ талаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол Улсад Казахстан улсын Консулын газрыг нээхийг Монгол Улс дэмжиж байна. Орон нутгийн хэмжээнд нислэг үйлдэх боломж бас бүрдлээ. Ингэснээр хоёр улсын иргэд харилцан зорчих урсгал бараа бүтээгдэхүүний экспорт, импорт нэмэгдэж, аялал жуулчлалын салбар хөгжихийн хамт бизнесийн талбай орчныг бүрдүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэж үзэж байна” хэмээн онцолсон. 

Харин Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев “Монгол Улсын Баян-Өлгий аймагт Казахстаны Консулын хэлтэс нээх тухай шийдвэрт хүрлээ. Бид ахан дүүс түүхэн язгууртай орнуудын маань стратегийн түншлэлд түшиглэсэн чухал алхам гэж үзэж байна. Бид уг шийдвэрийг өндөр дээдээр үнэлж байна” хэмээн дурдсан.

5. 500 сая ам.долларын худалдааны эргэлт

зураг

Энэхүү айлчлалын үеэр Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим болон Казахстаны Гадаад худалдааны танхим “Бизнес форум”-ыг Астана хотод зохион байгуулсан билээ. Уг форумд Монгол Улсын талаас 90 гаруй аж ахуйн нэгжийн 100 гаруй бизнес эрхлэгчид, Казахстаны талаас 150 гаруй бизнес эрхлэгчид оролцсон.

Ерөнхийлөгч нар хоёр талын худалдааны эргэлтийг 500 сая ам.долларт хүргэх зорилтын хүрээнд Монгол улсаас ноос ноолуур, арьс шир, мах махан бүтээгдэхүүн, Казахстан улсаас Монгол Улсад жимс жимсгэнэ, хүнсний ногоо, улаан буудай зэрэг бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр тохиролцов.

Энэ хүрээнд бизнес эрхлэгчид хоёр улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, ноос ноолуур, барилга, тээвэр логистик, банк санхүүгийн салбарын төлөөллүүд харилцан мэдээлэл солилцож, хамтран ажиллах боломжийн талаар ярилцсан юм.

Монгол Улс, Евразийн Эдийн засгийн холбоо хооронд байгуулсан чөлөөт худалдааны түр хэлэлцээрийн хүрээнд 367 нэр төрлийн барааны гаалийн татварыг тэглэх, хөнгөлөх болсон нь худалдааны эргэлтийг ойрын жилүүдэд 500 сая ам.долларт хүргэх зорилтоо биелүүлэх, Төв Азийн бүс нутаг болон гуравдагч зах зээлд нэвтрэх боломж гэдэгт санал нэгдсэн байна. Мөн Бизнес форумын дүнд манай аж ахуйн нэгжүүд Казахстаны талтай эхний шатанд 20 гаруй сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, хэлцэл хийсэн аж.

Энэ тухай Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев “Манай хоёр орон байгалийн баялаг ихтэй ард түмэн билээ. Тэр дундаа геологийн эрэл хайгуул газрын хэвлийг ашиглах арвин туршлагатай. Энэ чиглэлд Казахстаны арвин туршлагыг цаашид хамтын ажиллагаандаа шингээн ажиллах бүрэн боломжтой.

Түүнчлэн мал, малын өвчний эсрэг вакцины үйлдвэрлэл Казахстанд ажиллаж байгаа. Цаашид хамтарсан уг чиглэлийн үйлдвэрийг байгуулж ажиллахад бид нар бэлэн байгаа” гэдгээ мэдэгдсэн. 

Харин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Шинжлэх ухаан, эрүүл мэнд, банк санхүү, худалдаа, эдийн засаг, эрдэс баялаг, хүмүүнлэг, хэвлэл мэдээлэл, орон нутгийн харилцаа зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэхээр харилцан тохиролцсоныг тэмдэглэн үлдээхэд таатай байна. Мөн хоёр улсын төрийн тэргүүн нар харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг бүх талаараа өргөжүүлэн хөгжүүлэхээр тохиролцлоо” гэсэн.

6. “Монголын сайхан орон” тоглолт

Үндэсний урлагийн их театр, Дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид Астана хотын К.Куанышбаевын нэрэмжит Казах үндэсний хөгжимт драмын театрын тайзнаа анх удаа “Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа.

Уран бүтээлчид ЮНЕСКО-гийн “Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалт”-д бүртгэгдсэн морин хуур, хөөмий зэрэг монгол ардын урлагийн төрөл бүрийн шилдэг бүтээлүүдийг тоглов.

Тухайлбал Эзэн Богд Чингис хааны тухай, уртын болон богино дуу, монгол түмний түүх, угсаатан ястны бүжиг наадам, ард олны баяр цэнгэлийг илэрхийлсэн бүтээлүүд байлаа. Харин дуучин И.Мишээл казахын алдарт “Эхийн тухай дуу”-г үндэсний хувцас чимэглэлийг өмсөж, хоёр орны хэлээр дуулж өргөн олныг баясгасан юм.

Мөн түүнчлэн Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев уг айлчлалын талаар хэвлэл мэдээллийн байгууллагад мэдээлэл өгөх үеэр соёл урлагийн салбарын талаар дурдсан билээ. 

Тэрбээр “Түрүү жил Астанад зохион байгуулагдсан “Silk Way Star” олон улсын шоунд Монголын дуучин Мишээл тэргүүн байр эзэлсэн нь бидэнд маш халуун дотно санагдсан. Иймэрхүү төсөл хөтөлбөрүүд бидний оюун санааны соёл хүмүүнлэгийн хамтын ажиллагааг цаашид улам хөгжүүлэхэд түлхэц болно” хэмээн ярьсан нь онцлох зүйл байлаа.

7. Их хаадын хөрөг зураг

зураг

Тоглолтын үеэр “Чингис хаан”, “Зүчи хаан”, “Сүбээдэй жанжин” зэрэг монгол хаадын хөрөг бүхий “Их хаад” уран зургийн үзэсгэлэнг толилуулсан юм. 

Энэхүү үзэсгэлэнд орчин үеийн реализмын чиглэлээр уран бүтээлээ туурвидаг Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Т.Одоны “Чингис хаан” хөрөг, авьяаслаг зураач А.Ууганбаярын “Джучи хаан”, болон “Субэдэй жанжин”-ы хөрөг бүхий тосон будгийн уран бүтээлүүд тавигдаж үзэгч олны мэлмийг мялаасан юм.

Зүчи хаан бол Чингис хааны ууган хүү. Зүчи хаан хожим Алтан ордны хэмээн нэрлэгдэх болсон улсыг үндэслэгч, анхны хаан нь билээ. Монголын эзэнт гүрний өрнөд хязгаарт 1224-1480 он хүртэл оршин байсан Алтан ордны улсын үндсийг Зүчи хаан тавьж, Бат хааны өргөтгөсөн юм.

Алтан  ордны улс нь эзэнт гүрнийхээ бүрэлдэхүүнд газар нутгийн хувьд хамгийн томд орох ба хүн амын тоогоор Юань улсын дараа орж байв. Мөн Зүчи хааны бунхан Казахстан улсын нутаг дэвсгэрт, байгалийн маш үзэсгэлэнтэй газар байдаг. 

Харин Сүбээдэй жанжны хувьд 1211 онд Чингис хаан Алтан улсыг дайлаар мордох үед нэгэн түмэн цэрэг дайчилж Мухулай, Зэв нарын хамт хошуучлан явжээ. 1214 онд Сүбээдэй жанжин Алтан улсын хуучин нутгийг байлдан эзэлсэн юм.

About Author