Л.БАДАМ: Бусдад дээрэлхүүлэхгүй гэж таеквондогоор хичээллэхдээ зодолдох бус, хүндлэл гэдгийг ойлгосон
Эх сурвалж: Unuudur.mn
Таеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчин, “Таеквондо академи”-ийн дасгалжуулагч, улсын шүүгч, МУБИС сургуулийн оюутан, олон улсын хэмжээний мастер (ОУХМ), хар бүс, III дантай Л.Бадамыг спортынхон төдийгүй Монголын хүүхэд, залуус хэдийн мэддэг болжээ. Тэрбээр өнгөрсөн жил нэгэн тэмцээний үеэр тулааны урлагийн давуу тал ямар гайхалтайг харуулж, богино бичлэг хийсэн нь олны анхаарлыг ихэд татсан. Түүний сонирхолтой үзүүлбэр, дасгал, хөдөлгөөнүүд нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад, үеийнх нь залууст таалагдсанаар үүгээр сонирхож хичээллэгсдийн хүрээлэл тэлж, таеквондогийн клубийг зорих болсон гэдэг. БНСУ-д зохион байгуулсан “Busan cup-2023” тэмцээнээс алтан цом гардаж, “Kimunyong cup-2023”-д хүрэл, “Koreа open-2024” олон улсын тэмцээнд мөнгөн медаль хүртсэн. Түүнчлэн тус улсад болсон “Goyang-2022” ДАШТ, дараа жил нь Саудын Арабын Хаант Улсад зохион байгуулсан “Riyadh- 2023 world сombat games” тулааны спортын нэгдсэн наадамд урилгаар оролцож шагналт V байрт орсон билээ. Мөн өнгөрсөн жил “China оpen international taekwondo campionships” олон улсын тэмцээнээс алт, хүрэл медальтай ирсэн юм. Монгол Улсын аваргаар 11 удаа шалгарч, 2021, 2023, 2024 онд шилдэг эмэгтэй тамирчнаар тодорсон түүнийг зочноор урилаа.
-Улаанбаатар хотод зохион байгуулах таеквондогийн Азийн аварга шалгаруулах тэмцээний товлосон хугацаа хаяанд ирлээ. Сэтгэл тань хэр догдолж байна вэ?
-Монголд долоо хоног үргэлжлэх томоохон тэмцээн тул амжилттай оролцохоор бэлтгэлээ өдөрт хоёр удаа хийж байгаа. Тэмцээн эхлэх өдөр дөхсөн тул сэтгэл догдлохоос илүү үүрэг, хариуцлагыг их мэдэрч байна. Таеквондогийн үндэсний шигшээ багийнхан БНХАУ-ын Жансу мужийн Мэргэжлийн спортын удирдлагын төвийн тамирчидтай энэ сарын 20-29 хүртэл хамтарсан бэлтгэл хийхээр явсан. Миний хувьд Сүжоу хотыг 26- нд зорьж, нөхөдтэйгөө нэгдэнэ. Манай улсад тивийн орнуудаас 1000 гаруй тамирчин, 100 орчим албаны хүмүүс ирэх тооцоо гарсан. Азийн ихэнх оронд таеквондо өндөр хөгжсөн болохоор шилдэг тамирчидтай. Энэ удаа эхний долоон байрт шалгарсан тулаанчдад Японд есдүгээр сарын сүүлчээр зохион байгуулах “Айчи-Нагоя 2026” Азийн зуны спортын XX наадамд оролцох эрх олгох юм. Тиймээс жин тус бүрийн тулаан өрсөлдөөн ихтэй, сонирхолтой байх болов уу.
-Хичээлдээ явах, бэлтгэлээ хийх, оюутны спортын VII наадмын тэмцээнд оролцох, академийнхаа хүүхдүүдийг дасгалжуулах гээд таны хувьд тун завгүй байгаа бололтой.
-Тийм ээ. Оюутны он жил, цаг хугацаа хурдан өнгөрч байна. Миний хувьд бүгдийг амжуулахаар ачаалал ихтэй ажилладаг. Манай сургуулийн удирдлага, багш нар, ангийн нөхөд намайг маш сайн дэмждэг болохоор олон зүйлд санаа зовохгүй ажил, бэлтгэл, тэмцээндээ гол анхаарлаа хандуулдаг. Аливаа зүйлийг эхлүүлэхэд амар хялбар байдаггүй. Тиймээс бүх зүйлийг сайтар төлөвлөж сурсан. Би Азийн АШТ-д гурав дахь удаагаа оролцоно. Энэ удаа пүмсэ, чөлөөт, ганцаарчилсан, эмэгтэйчүүдийн багийн төрөлд өрсөлдөх юм. Пүмсэ төрөлд жин харгалздаггүй, насны ангиллаар оролцдог. Миний хувьд чөлөөт пүмсэ төрөлд түлхүү амжилт гаргасан.
-Азийн орнуудад сүүлийн үед таеквондо түлхүү хөгжиж байгаа. Миний мэдэхээр та олон улсын тэмцээнд оролцохоор хилийн дээс цөөнгүй алхсан санагдах юм.
-Казахстан, Узбекистан, Киргиз улсад тулаан, бокс, бөхийн төрлүүд, харин БНСУ, Япон, Малайз, Сингапур, Хонконг, Филиппинд таеквондо өндөр хөгжсөн. Тухайн улсын дасгалжуулагчдын бэлтгэл хэрхэн хийлгэдэг арга барил, онцлогоос хамаарч тамирчдынх нь ур чадвар дэлхийн түвшинд хэр дөхсөн нь харагддаг. Би Вьетнам улсад 2024 онд болсон Азийн АШТ-д анх удаа оролцохдоо тив, дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөх нөөц боломж байгааг олж харсан юм. Бэлтгэл сургуулилалтаа сайтар базаавал тэднээс дутахгүй амжилт гаргаж болохыг ч бас мэдэрсэн. Тэндээс ирээд өөрийн сул тал, алдаа, дутагдалдаа дүгнэлт хийж, оноо авах таван төрлийн үсрэлттэй эргэлтүүдийг түлхүү хөгжүүлэх шаардлагатайг ойлгосон. Таеквондод (ялангуяа олимпын төрөлд) эргэлттэй болон үсрэлттэй техникүүд өндөр оноо авдаг. Тиймээс бэлтгэлээ үүн рүү чиглүүлж байна.
-Вьетнамд болсон тэмцээний үеэр таны олж харж, ажигласан зүйл юу байв?
-Тус улсын таеквондогийн тамирчид холимог багийн, чөлөөт пүмсэ төрөлд сайн оролцдог. Тивийн тэмцээнд оролцох үед нэг их халаагүй тул цаг агаар нь манайхтай төстэй санагдаж байлаа. Урин дулаан уур амьсгалтай орон болохоор дугуйн спорт хөгжсөн нь ажиглагдсан. Хаашаа л харна иргэд нь мотоцикл, мопед, суррон, унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцож байв. Бид чөлөөт цагаараа хотынх нь хөгжилтэй танилцахад жимс, ногоо нь үргэлж шинэ, боломжийн өртөгтэйгөөс гадна үндэснийх нь хоол амттай байсан нь их таалагдсан. Ямар ч төрлийн хоолондоо ногоо голдуу хийдэг юм билээ. Тэнд байх өдрүүдэд “Манайхан ур чадвараар олимп, дэлхийн медальтнуудаас дутахааргүй юм байна. Миний хувьд
дахиад жаахан хичээвэл амжилт гаргахад боломжгүй зүйл алга” гэсэн бодол төрсөн.
-БНСУ-д зохион байгуулсан ДАШТ-д оролцохдоо хаанахын тамирчдын ур чадвар, давуу талаар бахархсан бэ?
-ДАШТ-д Ази, Европын орнууд шилдэг тамирчдаа оролцуулдаг болохоор тэмцээнийг өндөр хэмжээнд зохион байгуулдаг. Миний хувьд Европынхноос Доминик улсын эмэгтэй тамирчны тэсвэр хатуужил, сэтгэлийн хатаар их бахархсан. Түүний хөл тулааны үед гэмтсэн ч тэмцээнээ үргэлжлүүлж, хоёр төрөлд алтан медаль хүртэхийг хараад үнэхээр биширсэн шүү. Тамирчин хүнд байх ёстой бахархмаар зан чанар, өндөр сэтгэл зүйг түүнээс олж харсан. Мөн эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд оролцсон БНСУ-ын тамирчин Ча Ен Юнийн авьяас, ур чадварыг их үнэлсэн. Түүний амжилт гаргаж байгаа нь одоо ч бодогдож, нүдэнд харагддаг. Тэрбээр эх орондоо зохион байгуулсан “Goyang-2022” ДАШТ-д түрүүлж, өмнөд хөршид болсон “Ханжоу-2022” Азийн зуны спортын XIX наадамд пүмсэ төрөлд алтан медаль хүртсэн. 2024 онд болсон ДАШТ-д чөлөөт үзүүлбэрийн (Freestyle) төрөлд дэлхийн аваргаар шалгарсан. Монголын тамирчид ч гэсэн бэрхшээлд амархан бууж өгдөггүй дайчин, шийдэмгий, зоримог зантай. Ханиад хүрсэн ч хүндрээгүй тохиолдолд, хөл, гар нь ноцтой хугарч бэртээгүй л бол бэлтгэлээ таслахгүй үргэлжлүүлдэг. Азиас БНСУ-д цөөнгүй хөл тавьсан болохоор өөрийн орноос ялгаагүй таатай санагддаг. Одоо бол тэнд хаагуур ч явсан төөрөхгүй.

-Тамирчдын олонх нь өөрийн хүсэл, сонирхолд тулгуурлаж, спортоор хичээллэсэн байдаг. Та ч бас тэдний нэг биз.
-Би дасгалжуулагч Д.Оюунтуяа багшийн удирдлагад спортын гимнастикаар долоон настайдаа хичээллэж, дотоодын тэмцээнд оролцон хүрэл медаль хүртэж байв. Д.Оюунтуяа багш Монголын спортын гимнастикийн төвд ажилладаг, тэргүүлэх дасгалжуулагчдын нэг. Энэ спортод мэргэжлийн тамирчдыг бэлтгэж, Дэлхийн цом, ДАШТ-д оролцуулж, амжилтад хүргэсэн. Багш суурийг минь сайн тавьж, гимнастикийн спортын техник, дасгал, хөдөлгөөнүүдийг зөв заасан нь хожим, таеквондод амжилт гаргахад нөлөөлсөн гэж боддог. Би багштайгаа одоо ч холбоотой байж, зөвлөгөө авдаг. Миний хувьд 12 настайдаа БНХАУ-д сурахаар явсан юм. Тэнд нэг хэсэг сураад ирэхэд эрэгтэй дүү минь таеквондогоор хичээллэдэг болсон байв. Бэлтгэлээ тарж ирээд л “Багш өнөөдөр ийм дасгал, хөдөлгөөн, техник заасан” гээд надад харуулна. Түүний ярьж байгаа зүйлүүд таалагдаж, таеквондогоор хичээллэх хүсэл төрүүлсэн юм. Тухайн үед бусдад дээрэлхүүлэхгүй гэж энэ спорттой нөхөрлөж байлаа. Бэлтгэл хийх тусам таеквондогийн онцлог, давуу тал, гайхамшгийг нь мэдэж, энэ бол зодолдох бус, хүндлэл юм байна гэдгийг ойлгосон.
Таеквондо олимпын тэмцээний төрөлд багтдаг болохоор өрсөлдөгч ихтэй. Тэр тусмаа хөнгөн жинд тулалддаг тамирчин олон. Тэр их өрсөлдөөнд түрүүлж, медаль хүртэнэ гэдэг заримдаа амаргүй санагддаг.
-Өнөө үед эцэг, эхчүүд охидоо тулааны урлагтай нөхөрлөхийг дэмждэг болсон нь ажиглагддаг. Аав, ээж тань таныг хэр дэмжив?
-Аав залуудаа хөнгөн атлетикийн төрлөөс өндрийн харайлтаар хичээллэдэг байсан. Манайхан дүү бид хоёрыг тулааны спортод хөл тавихад дуртай дэмжсэн. Тэд минь анх хичээллэх үед “Тэмцээн нь хэзээ болох вэ”, “Өнөөдөр юу сурав” гээд сонирхож их асуудаг байв. Спорт хүнийг зөв төлөвшүүлдэг. Тэр дундаа таеквондо бусдыг хүндлэх, давуу талаар нь бахархах, ёс суртахуунтай, хүнлэг энэрэнгүй, юманд хянуур, няхуур, анхааралтай хандахыг сургадаг. Би Б.Тарва багшийн удирлагад таеквондогийн бэлтгэл хийж, тамирчин болох замналаа эхлүүлсэн. Одоо өөрөө дасгалжуулагч болж, хүүхдүүдэд тулааны дасгал, хөдөлгөөн, техник заахдаа багшаасаа зөвлөгөө авдаг. Тэрбээр “Нүүдэлчин” клубт дасгалжуулагчаар ажиллаж, тамирчдаа тэмцээнд оролцуулдаг. Миний хувьд дотоодын тэмцээнд тус клубийн нэр дээр оролцдог юм. Хоёр долоо хоногийн өмнө багштай уулзахад “Бадам аа хүчний бэлтгэлээ дуусгаад одоо тэмцээнийхээ бэлтгэл рүүгээ орох хэрэгтэй шүү” гэж зөвлөсөн. Багш миний эргэлттэй өшиглөх чадварыг хараад чөлөөт пүмсэ төрлөөр хичээллүүлж, анх бэлтгэл хийлгэсэн. Түүний ачаар олон тэмцээнд амжилт
гаргаж, медаль хүртсэн. Олон улс, тив, дэлхийн тэмцээнд оролцохдоо ур чадвараа ахиулж, туршлага ч хуримтлууллаа. Миний хувьд Монголын таеквондогийн холбооноос зохион байгуулдаг дасгалжуулагч, шүүгч бэлтгэх сургалтад хамрагддаг. Би 2020 оноос эхэлж шүүгчээр ажиллахдаа дотоодын 20 гаруй тэмцээнийг дэнсэлсэн байна.
-Тамирчдад амрах зав ховор гардаг. Гэртээ тухлахаас илүү бэлтгэлийн зааланд өнждөг тэдэнд цаг хугацаа хамгийн үнэтэй зүйл нь байдаг болов
уу?
-Спортоор хичээллэж, амжилт гаргахын тулд маш их хөдөлмөр зарцуулдаг. Зорилгодоо хүрэхээр хичээх тусам он жил, цаг хугацаа үнэ цэнтэй болохыг мэдэрдэг юм билээ. Тэр хэрээр үүрэг хариуцлагаа ухамсарлаж, бэлтгэл сургуулилалтдаа анхаарал хандуулж ирсэн. Хүүхдүүд сургуулиа төгсөх дөхөөд ирэхээр хичээл, шалгалтдаа анхаарч, дуртай спортоо орхиж байгаа харагддаг. Миний хувьд 12 дугаар ангид сурдаг байхдаа өглөө 08-14.00 цаг хүртэл хичээлдээ, 15.00-16.00 цаг хүртэл сургалтад сууж, 17-19.00 цаг хүртэл бэлтгэлээ хийгээд орой гэрийн бараа хардаг байсан. Хүн завгүй байх тусмаа их зүйлийг амжуулдаг. Арваад жилийн өмнө эцэг, эхчүүд хүүхдээ спортоор хичээллэхэд “Тэмцээн, уралдаанаар чи хоолоо
олж идэхгүй. Мэдлэг, боловсрол эзэмшихдээ анхаарч их, дээд сургуульд элсэн суралц. Дараа нь магистр, докторын зэрэг хамгаал” гэдэг байв.
Тэгвэл одоо сошиал (цахим) ертөнцөд хэт автах, хөдөлгөөний дутагдалд өртөхгүй байхаас сэргийлж, спортын төрлүүдээр хичээллэхийг нь дэмждэг болсон нь сайн хэрэг. Өнөө үед спортоор хичээллэдэг хүүхдүүд хоолоо олж идэх боломжтой. Учир нь их, дээд сургуулиа төгсөөд ямар нэгэн байгууллагад ажилд орохоор удирдлагатай нь уулзахад “Та спортоор хичээллэдэг үү” гэж асуудаг болсон шүү дээ.
