Н.Учрал: Авлигын эсрэг тэмцэл гэдэг хэдэн хүнийг “Авлигач” гэж цоллох биш

upload-1769752321543-245801749

Эх сурвалж: Zuv.mn

Ерөнхий сайдын асуулгын цаг Төрийн ордонд болж байна. Энэ удаагийн асуулгын цагийн сэдэв “Авлигажуулсан Монгол” сэдвээр болж байгаа юм.

Асуулгын эхэнд сөрөг хүчин Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл “Асуулгын цагийг Авлигажсан Монгол биш, “Авлигажуулсан Монгол” гэсэн нь учиртай. Эхнийх нь өөрөө аяндаа бий болдог бол хоёр дахь нь албаар авлигыг бий болгосон гэдэг утга агуулна. МАН үнэмлэхүй олонх байх үедээ 2017 онд байгууллагын гэрээг нууцад авах хууль эрхзүйн боломж бүрдүүлсэн. Үүнээс хойш авлигын төсөөллийн индекс эрс өссөн байдаг. МАН энэ хуулийг баталснаараа энэ үйл явцыг албаар бий болгосон уу” гэж асуусан.

Ерөнхий сайд Н.Учрал “Авлигын эсрэг тэмцэл гэдэг хэдэн хүнийг “Авлигач” гэж цоллох биш. Тийм ч учраас авлигатай тэмцэх бодлого бол Засгийн газрын тэргүүлэх ажил байна гэдгийг би танд хэлье. Авлига бол МАН-ын дайсан биш, АН-ын дайсан ч биш, бүх ард түмний дайсан, Монголын дайсан. Тийм ч учраас авлигатай хийх тэмцлийг бодит үр дүнд хүргэхгүйгээр бид урагшлахгүй. Тийм ч учраас тогтолцооны хувьд би 2012 онд УИХ-д орж ирснээсээ хойш авлигатай тэмцэх ажил дээр үр дүн гаргаж ирсэн. Өнөөдөр хэрэгжиж байгаа Улсын бүртгэлийн багц хуулиар хэн энэ тендерт ялчихав гэдгийг опендата дээрээс хардаг болсон. Энэ хуулийг боловсруулах ажлын хэсгийг ахалж байсан. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, 680 төрлийн мэдээллийг ил болгосон. ”Шилэн” ажиллагаагаар 820 мянган мэдээллийг ил болгосон. Түүний хүчинд өнөөдөр чат жпт-гээ кирилл үсгээр бичээд, ард түмэн хайлт хийж байгаа. Дүн шинжилгээ хийлгэж чадаж байгаа.

Эхлүүлсэн ажлаа үр дүнд хүргэх гэж би Ерөнхий сайд болсон. Тийм ч учраас энэ авлигатай тэмцэх бодлого гэдэг ол уг үндсээр нь шийдвэрлэх бодлого юм. Таны хэлсэнчлэн, би намынхаа хурал дээр хэлж байсан бодол санаанаасаа хэзээ ч ухраагүй. Өнөөдөр Монголд юуг ч нууцлах эрх байхгүй. Тийм учраас өнөөдөр Засгийн газраас УИХ-д өргөн барьчихсан байгаа Төрийн албаны нууцын хуулиар ил болох ёстой. Цахимжилт, ил тод бадлын төлөө санаачилга гаргаж ирсэн хүний хувьд үр дүнгээ ахиулах гэж байгаа юм. И Монголиа дээр 1480 үйлчилгээ бий болсон. Нээлттэй засаглалын асуудлаар Эстонид очиход “Танай авлигыг бууруулах хамгийн зөв шийдэл чинь энэ шүү” гэж хэлж байсан. Цаашдаа “Шилэн” ажиллагааг илүү үр дүнд хүргэнэ.

Сая 146 зөвшөөрлийг таван даваа давдаг байсныг болиулахад маш олон хүн эрх мэдлээсээ салж бухимдаж байгаа. Гэсэн хэдий ч үүний цаана нөгөө авлига, албан тушаалын хэрэг, заавал нэг нэгэндээ тав, арван төгрөг өгч асуудлыг шийддэг байдал таслан зогсоогдож байгаа” гэж хариуллаа.

О.Цогтгэрэл “Эдийн засаг дахь төрийн оролцоог багасгахгүйгээр энэ бүхэн ямар ч үр дүнд хүрэхгүй. Нууцын хуульдп албаны нууц гэж нэмснээр нууцад авсан гэрээ 800 гаруй боллоо” гэв.

Н.Учрал “Одоо Нууцын тухай хууль батлагдахаар 894 гэрээг ил болгох гэж байна. Энэ бол авлигатай хийж байгаа бодимт тэмцэл” гэлээ.

About Author