МАН-ын ЕНБД нь Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын даргаар давхар ажилладаг байдлыг ХУУЛИАР болиулах шаардлагатай /ВИДЕО/

0

УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр, сууриа нэгтгэсэн байна. Энэ талаар тус бүлгийн дарга О.Цогтгэрэл танилцууллаа.

Тэрбээр энэ үеэр ” Хоёр асуудлыг хэлэлцлээ. Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Улс төрийн намын тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж байна. Энэ долоо хоногт ажлын хэсгүүд хуралдаж хэлэлцүүлгүүд хийнэ. Ирэх долоо хоногоос байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэх байх. Уг хуулийн хэлэлцүүлэгтэй холбоотойгоор Ардчилсан намын бүлгээс дэд ажлын хэсгийг гаргасан. Ажлын хэсгийн мэдээллийг сонслоо. Ардчилсан намын бүлгээс тус хуульд хэд, хэдэн санал хүргүүлсэн. Засч, сайжруулах шаардлагатай асуудлаар бид саналаа хүргүүлж, ярилцана. Өнөөдөр л гэхэд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар давхар ажиллаж байна. Төрийн албаны ажлыг улс төрийн ажилтай хольж байгаа энэ мэт асуудлыг Улстөрийн намын тухай хуулиар болиулна. Мөн Засгийн газраас “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг УИХ-д өргөн барьж энэ долоо хоногт хэлэлцүүлэх гэж байна. Зарчмын хувьд уг хөтөлбөрийг дэмжиж ажиллана. Цаашид нарийн ярилцана” гэлээ. 

Харин УИХ-ын гишүүн Н.Ганибал “Өнгөрсөн амралтын өдрөөс эхлэн Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хэд, хэдэн гишүүн оролцсон “Нэг Монгол” хөдөлгөөн эхэллээ. Энэ хөдөлгөөн намын эв нэгдэл, гишүүдийн чадавхийг сайжруулах, шинэ шатанд гаргах зорилготой. Түүнээс фракц үүсгэсэн асуудал биш. Энэ хөдөлгөөн хэн, нэгэн хүнээс хамааралгүй” гэв. 

УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн хувьд “Өнгөрсөн хугацаанд Сонгуулийн хууль, Үндсэн хуулийн өөрчлөлт батлагдлаа. Сонгуулийн хуульд холимог системийг оруулсан нь эмэгтэйчүүдэд их ээлтэй ажил болсон. Тиймээс дараагийн парламентад эмэгтэйчүүдээ бэлтгэх чухал ажил бий. Намынхаа ажилд туслах, шинэ шатанд гаргахаар хөдөлгөөнийг өрнүүлж байгаа. Миний хувьд эдгээр хуулиудад эмэгтэйчүүдээ дэмжсэн заалтыг оруулсан үүргээ гүйцэтгэсэн гэж үзэж энэ зургаадугаар сард Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны хурлаа хийж тэргүүний ажлаа өгнө” гэсэн юм. 

ҮЗЭХ: 

https://youtu.be/x3XvApyjADc

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *