Хот, нийтийн аж ахуйн парк шинэчлэлтийн хүрээнд долоо дахь ээлжийн 40 тусгай зориулалтын машин механизмыг хүлээн авлаа

Processed with VSCO with c8 preset

Processed with VSCO with c8 preset

Улаанбаатар хотын цэвэр цэмцгэр, ая тухтай орчныг бүрдүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бий болгох зорилгоор хот, нийтийн аж ахуйн салбарт парк шинэчлэлтийн ажлыг үе шаттай хийж байна. Энэ онд “Гадаад даян” ХХК гэрээний дагуу нийт 91 ширхэг тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл нийлүүлнэ. Өнөөдрийн байдлаар 60 ширхэг тусгай зориулалтын техникийг нийлүүлээд байна. Хотын аж ахуйн ажил үйлчилгээнд шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдан авах гэрээний дагуу нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны А/115 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг өнөөдөр нийт 40 ширхэг тусгай зориулалтын машин механизмыг хүлээн авлаа.

Мөн машин механизмыг холбогдох байгууллагуудад хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Өнөөдөр хүлээн авсан тусгай зориулалтын техник хэрэгслүүдэд хайс, хашлага угаах төхөөрөмжтэй угаагч машин, авто помп болон бохир усны шугам угаалгын машин зэрэг шинэ техник хэрэгсэл нийлүүлсэн юм. Дээрх хүлээн авсан тоног төхөөрөмжүүдийг нийслэлийн есөн дүүрэг, Геодези, усны барилга байгууламжийн газар, Хот тохижилтын газар, Ус сувгийн удирдах газар болон холбогдох чиг үүргийн байгууллагуудад хүлээлгэн өгч, хотын аж ахуйн ажилд ашиглана. Үлдэгдэл 31 ширхэг техник, хэрэгслийг тавдугаар сард багтаан нийлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж буйг онцлов.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

About Author