“Хөрсний ус, үерийн хамгаалалт” төслийн хүрээнд 40 орчим км бохир усны шугамыг шинэчилнэ
Улаанбаатар хотын инженерийн дэд бүтцийг сайжруулах зорилгоор “Хөрсний ус, үерийн хамгаалалт” төслийг хэрэгжүүлнэ. Тус төслийн хүрээнд шуудуу ухалгүйгээр доторлох орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглан үерийн хамгаалалтын системийг бий болгох юм. Энэхүү технологи нь хуучирсан шугам хоолойг уламжлалт арга буюу газар ухаж шууд солихгүйгээр дотор талаас нь шинэчлэх боломжийг олгодог. Ингэснээр зам талбай сэтлэх, хөдөлгөөн хаах зэрэг хүндрэл багасаж, барилгын ажлын явцад үүсэх тоосжилт, дуу чимээ, хөрсний эвдрэл буурах ач холбогдолтой.
Төслийн хүрээнд нийт 40 орчим км бохир усны шугамыг шинэчилж, 350 орчим худгийг засварлахаар төлөвлөсөн. Үүний үр дүнд шугам сүлжээний нэвтрүүлэх чадвар 20–30 хувиар нэмэгдэж, ашиглалтын хугацаа 30–50 жилээр уртасна.
Инженерийн системийн найдвартай байдал дээшилснээр гэнэтийн эвдрэл, осол, доголдлын давтамж буурах юм. Бохир усны алдагдал, нэвчилт буурснаар хөрс болон газрын доорх усны бохирдол багасаж, эвгүй үнэр, халдвар тархах эрсдэл буурна. Энэ нь нийтийн эрүүл мэнд, ариун цэврийн нөхцөлийг сайжруулахад бодит хувь нэмэр оруулах юм.
Түүнчлэн ус зайлуулах системийн хүчин чадал нэмэгдсэнээр их хэмжээний бороо, үерийн үед бохир ус халих, гудамж талбай усанд автах эрсдэл буурна. Төслийн хэрэгжилтийн явцад дотоодын аж ахуйн нэгжүүдийн оролцоо нэмэгдэж, ажлын байр бий болох, инженер техникийн ажилтнуудын ур чадвар дээшлэх, байгууллагуудын хамтын ажиллагаа сайжрах зэрэг эдийн засаг, нийгмийн олон талт эерэг үр өгөөж бий болно. “Хөрсний ус, үерийн хамгаалалт” төсөл нь зөвхөн хуучирсан шугам солих ажил биш, Улаанбаатар хотыг илүү аюулгүй, эрүүл, тогтвортой ирээдүйд хүргэх суурь дэд бүтцийн шинэчлэл байхаар төлөвлөсөн.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС