Б.Мөнхбат: Улстөржилтөөс болж төрийн ажил гацаж байна

Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбат Чингэлтэй дүүргийг удирдана

Эх сурвалж: Өдрийн сонин

Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга, НИТХ-ын төлөөлөгч Б.Мөнхбаттай ярилцлаа.


-Нийслэл тойрсон маргаан улсын ажлыг гацааж байна. Монгол Улсын хүн амын олонх нь Улаанбаатар хотод амьдарч байна. Шийдлээ хүлээсэн олон ажил байгаа. Гэтэл та хэд НИТХ-аа хуралдуулж чадахгүй удаж байна. Нийслэлд хэрэгжих бүтээн байгуулалтын ажлууд явж чадаж байна уу?

-Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд ид өрнөж байна. Нийслэлд өнөөдрийн байдлаар худалдан авах ажиллагааны хэрэгжилт 90 гаруй хувьтай байгаа. Худалдан авах ажиллагааны үр дүнд гэрээ байгуулсан ажлуудаа эхлүүлээд дулааны улиралд багтааж графикийн дагуу хийгдэх ажлыг шахаад явж байна. Манай байгууллага өнөөдрийн байдлаар 500 гаруй ажил дээр захиалагчийн хяналт хэрэгжүүлэн ажиллаж байна.

2024 оны НИТХ-ын төлөөлөгчийн сонгуульд нийслэлийн МАН-ын хороо мөрийн хөтөлбөрөө танилцуулж олонхын суудал авсныг бүгд мэдэж байгаа. Бид мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлээд жил хагас болж байна. Мөрийн хөтөлбөрт дэвшүүсэн зорилго, зорилтоо ажил болгох энэ алхам үндсэндээ хийгдээд явж байна. Улаанбаатарчуудын өмнө тулгамдсан олон асуудал байна. Автозамын түгжрэл, агаарын бохирдол, сургууль цэцэрлэгийн хүрэлцээ, хангамж, дэд бүтцийн шинэчлэл гээд. Хамгийн гол нь Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч байгаа иргэдийг эрүүл аюулгүй, тохь тухтай орчинд амьдруулах нь бидний үүрэг. Энэ хүрээнд олон ажил эхлүүлсэн боловч түрүүчээсээ гороо амсаж байна л даа.

Улаанбаатар хотод урьд өмнө үе үеийн Засаг дарга, ИТХ, намуудын дэвшүүлсэн зорилтод байсан биелээгүй олон ажлуудыг бид эхлүүлсэн. Улаанбаатар хотын иргэдийг орон сууцжуулах хөтөлбөр томоохон цогц ажил болж хэрэгжиж эхэлсэн. “Сэлбэ” төслийн хүрээнд Улаанбаатар хотод өмнө хийгдэж байгаагүй том бүтээн байгуулалт өрнөж байна. Өнгөрсөн жил агаарын бохирдлыг бууруулах тал дээр нүүрсээ сольсон нь иргэдэд тааламжтай байгаа. Энэ жил Туулын хурдны замын төслийн ажил эхэлж, угсралтын ажлууд хийгдэхээр байв. Нийслэлийн иргэдийн түгжрэлийн асуудлыг шийдэх үр өгөөжтэй том төсөл юм. Харамсалтай нь өнөөдрийн улстөржилтөөс болоод зогсчихож байна. Уг нь нийслэлчүүдийн автозам дээр түгжирч өнгөрүүлдэг цагийг хэмнэсэн гарц шийдэл шүү дээ. Энэ зам ашиглалтад орсноор тойрог хурдны замуудтай нийлж, Улаанбаатар хотод түгжрэлээс гарах боломжийг нэмэгдүүлэх, туслах жижиг замуудыг өргөтгөх гээд олон ажлуудын зангилаа байсан.

-Туулын хурдны замын төслийг бүрмөсөн зогсоочихоогүй биз дээ?

-Туулын хурдны зам дээр Засгийн газар УИХ-тайгаа тодорхой зөвшилцөж эхлүүлсэн ажил юм. Дундуур нь улс төрийн нөлөө ороод нийслэлчүүдийг хоёр талцуулчихлаа. Мэдээж төрийн ажил явагдаж байгаа учраас холбогдох байгууллагуудаас зөвшөөрөл авч байж зохион байгуулагдах ёстой. Тэр хүрээнд Ерөнхий сайдын зүгээс энэ төслийг түр хугацаанд зогсоочих шиг боллоо. Туулын хурдны зам бол Улаанбаатар хотод хэрэгжих олон төслүүдийн нэг нь. Энэ төсөл дээр хэтэрхий фокуслаад иргэдээ хоёр хуваачихаад байгаа нь үнэхээр тоогүй. Үүнээс үүдэн олон асуудал үүсч байна. Мэдээж хувь хүнтэй холбоотой асуудлууд ч гарч ирж байх шиг. Хууль хяналтын байгууллагуудаар зохион байгуулагдаж буй асуудлууд ч гарч ирж байх шиг байна. Үүнийг холбогдох хяналт шалгалтын байгууллагууд нь хянаад үр дүнг нь гаргаад танилцуулах байх.

-Ер нь манай улсад мега төслүүд хэрэгжих хувь байна уу. Яаж ийж байгаад л төсөл гацаагчид босоод ирэх юм…

-Мега төслүүд явж байж энэ улс орон хөгжих ёстой. Мэдээж тухайн төсөл улс орны эдийн засаг, ард түмний амьдралд үр өгөөжтэй гэдгийг нь олон жилийн турш тооцоо судалгаа хийсэн учраас хэрэгждэг. Мега төслүүдээ энэ маягаар улстөржүүлээд зогсоогоод байх юм бол бид яах юм. Нөгөө л утаатайгаа, түгжрэлтэйгээ, гэр хороололтойгоо, модон жорлонтойгоо, сургууль цэцэрлэг нь чихцэлдсэн байдалтай яваад байх юм уу. Баригдсан барилгуудынх нь өнгө үзэмж муудаад дээврээс нь ус гоожоод амьдраад байх юм уу. Улаанбаатар хотод хэрэгжүүлэх томоохон төслүүдийг бид зохион байгуулаад явж байгаа шүү дээ. Эрчим хүчний томоохон дутагдал хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх үүднээс Тавдугаар цахилгаан станцын ажлыг эхлүүлчихсэн явж байна. Энэ цахилгаан станц ашиглалтад орсноор нийслэлийн иргэдийн эрчим үчний хүрэлцээ сайжирна гэж тооцож байгаа. Магадгүй Туулын хурдны зам шиг эрчим хүчний томоохон төслүүдийг зогсоогоод байвал ирэх өвлийг яаж давах юм бэ. Санаа зовоосон олон асуудал байна. Иргэдийнхээ итгэлийг аваад төлөөлөгч болсон учраас амласан амлалтуудаа хэрэгжүүлэхийн төлөө алхам ч гэсэн урагшаа ахимаар байна. Гэтэл өнөө маргаашийн тулга тойрсон албан тушаал ярьдаг хэрүүлтэй зууралдаад баймааргүй байна. Монгол Улсын маань хөгжил энэ маягаар зогсоод байж болохгүй.

-Иргэд төдийгүй улс төрийн хүрээнийхэн “Хот хэмээх вант улс бий болчихлоо” гэдэг. Төсөв нь данхайхын хэрээр хамгийн их хулгай үүрлэсэн газар болохыг сүүлийн өдрүүдэд улс төрд өрнөж буй үйл явдлууд харуулж байна. Хотын орлогч дарга Т.Даваадалай төсөл нэрээр тамтаггүй их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй хэргийг ЦЕГшалгаж эхэллээ. Үнэхээр албан тушаал эрх мэдэлд ойр улсууд тендер авахдаа давуу байдал эдэлдэг юм уу?

-Томоохон мега төслүүдээ явуулж байж улс хөгжинө. Худалдан авах ажиллагаа нээлттэй ил тод хуулийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа. Нийслэл дээр худалдан авахтай холбоотой асуудалд мэдээж олон компани оролцдог биз. Санал өгдөг байх. Нийслэл дээр зохион байгуулагдаж буй бүхий л худалдан авах ажиллагаа тендерийн процесс бол иргэдэд нээлттэй зохион байгуулагдаж байгаа. Хэн нэгэн үүнийг нууцаар юм уу, хуйвалдаанаар ч юм уу зохион байгуулах боломжгүй. Иргэдийн төлөөлөл, төрийн захиргааны албан хаагч нар оролцдог. Эргээд холбогдох хууль хяналтын байгууллагад шалгагддаг. Ер нь нийслэл дээр эхэлсэн ажлууд иймэрхүү байдлаар үгүйсгэгдээд явахаар цаашид дараа дараагийн томоохон төслүүд явахад хүндрэлтэй. Мэдээж сошиал сувгаар санаатай, санамсаргүй олон үйлдлээр төр рүү дайрахаар иргэд төрд итгэх итгэлгүй болгоод, төрд ажиллаж буй жирийн албан хаагчид дарамт болдог. Үр дүнд нь төрийн ажил унаад байна.

Нийгэмд нийслэлийн удирдлагуудыг харлуулахын тулд вант улс байгуулсан мэтээр сэвж ирсэн. Монгол Улс хуулиараа хэзээ ч тусгаар улс болох бололцоо байхгүй. Засгийн газар, УИХ, холбогдох бүх шатны төрийн байгууллагуудтайгаа хамтраад харилцаад явж байгаа. Хот дээр бид дураараа шийдэл гаргаад байгаа юм байхгүй. Бүх газар хянуулна, танилцуулна, холбогдох хүрээнд зөвшөөрлөө авна. Тэр хүрээнд хуралдана, шийдэнэ. Нэг хүний асуудал биш шүү дээ. Сүүлдээ сошиалын дайралтууд, хэрүүл, уруул нь утгаа алдаад, хувь хүний гэр бүл, үр хүүхэд хамаатан садан руу орж байна. Төрийн албанд орох хүсэлтэй дараагийн үе юу ойлгож ирэх үү. Энэ улс төр, төрийн байгууллага руу ажилд орох итгэл үнэмшилтэй хүн хэр олон байх бол гэдгийг яагаад боддоггүй юм бэ.

-Ингэхэд он гарснаас хойш нийслэлийн ИТХ хуралдсангүй. Хотын иргэдийн итгэлийг авч гарч ирсэн төлөөлөгчид юу бодож сууна вэ?

-Иргэдийнхээ төлөө ажиллана гээд мөрийн хөтөлбөр дэвшүүлээд, амлалт аваад сонгогдоод гарч ирсэн төлөөлөгчид нь хэлэлцэж ярьж чадахгүй түвшинд очиж байна шүү дээ. Миний хувьд НИТХ-ын төлөөлөгчөөр гурав дахь удаагаа сонгогдож байна. Өмнө ийм байдалд орж байгаагүй. Нийслэлийн иргэдийн хурал хуралддагаараа хуралдаад, иргэдийнхээ төлөө шийдвэрүүдээ гаргаад л явж ирсэн. Гэтэл өнөөдөр системээрээ ажил гацчихлаа шүү дээ.

-МАН өнгөрсөн намраас хойш намын даргын суудлын төлөө улс орныг бужигнуулсан. Засгийн газраа хоёр ч удаа унагалаа. Эрх баригч намын албан тушаалын төлөөх улстөржилт улс орны хөгжлөөс дээгүүр тавигдаж байгаа юм биш үү?

-Нам гэдэг бол улс төрийн байгууллага. Энэ дотор оролцоод эд эс нь болоод явж байгаа нөхдийн асуудал л даа. Нам бол дүрэмтэй, журамтай. Мэдээж худал хуурмагтай эвлэрээд явна гэж байж болохгүй. Гэхдээ хэн нэгнийг хууль хяналтын байгууллага буюу шүүхээр эцэслэн тогтоогоогүй байхад хулгайд сэрдэх, хулгайч болгож харагдуулах нь буруу. Хуулиар зохицуулагддаг зүйлийг хэн нэгэн тайлбарлаж болохгүй л дээ. Хулгайч нар нь, хулгайлсан нөхөд нь албан тушаалтай үлдэх гээд ч юм уу. “Би хулгайч биш” гээд байгаа нөхөд нь ариун цэвэр болчихоод байгаа зүйл огт биш л дээ. Үүссэн асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж тогтооно. Гэтэл хэн нэгнийг улстөржүүлэн харлуулж, өөрсдөдөө давуу байдал бий болгох, эсвэл тэндээс ашиг хонжоо олох, нэгийгээ хохироох байдлаар албан тушаалын төлөө, сандал суудлын төлөөх тулаан болгож ард түмэнд харагдуулж байгаа юм л даа. Үндсэн хуулиараа бид сонгох, сонгогдох эрх нь нээлттэй. Парламентад улс төрийн намууд өөрсдөө нэрээ дэвшүүлдэг. Одоо бүгдээрээ хулгайч болж харагдчихаад 2028 оны сонгуульд хэнийгээ дэвшүүлэх гээд байгаа юм бэ. Магадгүй хувь хүний өнөөдрийн амбиц Монгол Улсын ирээдүй рүү нулимаад байгаа нь харамсалтай. Залуу үе өнөөгийн төр, улс төрд өрнөж байгаа процессоос юу ойлгож байгаа юм

-Хэдхэн хоногийн өмнө НИТХ-ын дарга Г.Баярыг огцруулж, түүний оронд Д.Ихбаярыг нэр дэвшүүлсэн. Энэ асуудлыг МАН-ын удирдах зөвлөлд танилцуулж, албажуулна гэв үү. МАН-ын удирдах зөвлөл урьд өмнө нийслэлийн асуудлаар хуралдаж байгаагүй гэх юм. Энэ удаад Д.Ихбаярыг НИТХ-ын даргад дэвшүүлсэн талаар хуралдах уу. Цаашид процедур яаж үргэлжлэх вэ?

-МАН-ын дүрмийн хүрээнд Удирдах зөвлөлд Д.Ихбаярын нэрийг оруулж байгаа. Нэр зөвшилцөх зохион байгуулалт хийгдээд ирэх юм бол дараагийн даргаа томилох асуудалтай. Үндсэндээ гурав хоночихлоо. Одоо Удирдах зөвлөлийн шийдвэрийг хүлээж байна. МАН-аас нэр зөвшилцөх зохион байгуулалт хийгдээд ирвэл НИТХ хуралдаад дараагийн даргаа томилно. Өнөөдөр(өчигдөр) МАН-ын бүлэг 14:00 цагаас ээлжит бусаар хуралдаж байна.

-НИХТ-ийн ээлжит VII хуралдаанаар Туулын хурдны замыг явуулах тогтоолыг дэмжүүлэх тогтоол гаргахаар хуралдсан гэдэг мэдээлэл бий. Энэ үнэн үү?

-Тийм зүйл огт байхгүй. Туулын хурдны замын төслийг Засгийн газраас түр зогсоох шийдвэр гарчихсан байхад тэр шийдвэрийг бид явуулна гэж болохгүй. Бид хүлээж байна. Холбогдох мониторинг нь хийгдээд дуусахаар энэ төсөл цаашид явах уу, үгүй юу гэдэг чиглэл гарах байх. Энэ Улаанбаатар хотод ганцхан Туулын хурдны замын ажил яваагүй. Олон хөрөнгө оруулалтын ажлууд байна. Тэр бүгд хэлэлцэх асуудлын жагсаалтад орсон. Гэтэл ганцхан зүйлийг барьж аваад энэ 45 төлөөлөгч хуралдаж Туулын хурдны замыг хүчээр явуулах гээд байгаа юм шиг ойлголтыг нийгэмд өгөөд байна.

-Нийслэлд 2026 онд хийхээр төлөвлөсөн томоохон бүтээн байгуулалтын ямар ажлууд байна?

-Хэдэн зүйл дээр яг төвлөрсөн. Тэр нь юу вэ гэвэл түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах ажил. Дээр нь боловсрол, эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтуудыг дуусгах ажил. Мэдээж инженерийн дэд бүтцийн ажлууд зайлшгүй шаардлагатай байгаа. Тэгээд мега төслүүд нэмэгдэнэ. Туулын хурдны зам эхлэх байсан боломжгүй болчихлоо. “Тойрог хурдны зам-1”-ийг зохион байгуулахаар төлөвлөсөн. Нэг удаа тендер зарласан амжилтгүй болсон. “Улаанбаатар трамбай”-н төслийн сонгон шалгаруулалт явж байна. Дээр нь сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хүртээмжтэй холбоотойгоор өмнөх жилүүдэд улсын болон нийслэлийн төсвөөр хэрэгжээд хөрөнгө оруулалт нь царцсан барилга байгууламжуудыг энэ жилдээ багтаад бүрэн ашиглалтад оруулъя. 2027 оноос эхлээд сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ 100 хувь хангагдаад бид дахиж төсөв дээр мөнгө тавихгүй байя гэсэн зорилго тавьсан. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах чиглэл дээр тоног төхөөрөмжийг шинэчлэх ажлуудад хөрөнгө оруулалт тавьсан. Эдгээр ажлууд маань зохион байгуулагдаад явж байна. Монгол орны цаг агаар онцлогтой холбоотой бүтээн байгуулалтын улирал бага шүү дээ. Хамгийн ихдээ 4-10 сар хүртэл буюу зургаан сарын хугацаа л байдаг. Гэтэл энэ урин цагийг ашиглахын оронд нэг сарын нь хэрэлдээд өнгөрлөө. Цаашид ингээд зунжин хэрэлдээд есөн сартай золговол яах вэ. Тэр үед сургууль, цэцэрлэг эхлээд замын хөдөлгөөний түгжрэл нэмэгддэг. Хөрөнгө оруулалт хийхэд хүндрэлтэй. Эрчимтэйгээр явуулдаг үе гэвэл 6, 7, 8 дугаар сарууд. Энэ хугацааг алдмааргүй байна. Цаашдаа хэрүүл тэмцэл, албан тушаалын төлөөх амбицаа татаад ажлаа урагшлуулах ёстой.

About Author