НИТХ-ын даргаар Д.Ихбаярыг томилохыг дэмжив

5f398494ad1cc0c06ae2c17588bf06f1


Нийслэлийн ИТХ-ын хуралдаанд 34 төлөөлөгч оролцож, даргаараа Д.Ихбаярыг сонголоо.


Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга А.Баярыг төлөөлөгчдийн олонхийн шийдвэрээр үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд НИТХ-ын даргад Д.Ихбаярыг томилох санал гаргаад байсан билээ. Тэгвэл өнөөдөр Монгол ардын намын Удирдах зөвлөл цахимаар хуралдаж, НИТХ-ын даргад Д.Ихбаярыг томилохыг дэмжсэн байна. Тиймээс НИТХ-ын даргын томилгоотой холбоотойгоор өнөөдөр 17.00 цагт хуралдаж, шинэ даргаа томилохоор болжээ.

НИТХ-ЫН ДАРГАД НЭР ДЭВШИГЧ Д.ИХБАЯР ГЭЖ ХЭН БЭ?

НИТХ-ын даргад нэр дэвшиж буй Д.Ихбаяр (1986 онд төрсөн) нь НИТХ-ын төлөөлөгч, МАН-ын гишүүн юм. Тэрбээр МУИС-ийн Монгол-Япон хэлний орон судлаач мэргэжилтэй, Хүмүүнлэгийн ухааны их сургуульд хэл шинжлэлийн магистр хамгаалсан, Их засаг лицей сургуулийн захирлаар ажиллаж байсан туршлагатай.  2008–2009 онд “Их засаг” олон улсын их сургуульд гадаад харилцааны мэргэжилтэн, 2009–2013 онд “Их засаг” олон улсын их сургуулийн Лицей сургуулийн захирлаар тус тус ажиллаж байсан байна. Улс төрийн хүрээнд түүнийг МАН-ын дарга Н.Учралтай ойрын хүн гэдэг.

2013–2014 онд Баянгол дүүргийн ЗДТГ-ын ГБХЗХХ-ийн дарга, 2014–2016 онд Баянгол дүүргийн ЗДТГ-ын ЖДҮДТ-ийн даргаар ажиллаж байсан бөгөөд НИТХ-д хоёр дахь удаагаа сонгогдож байгаа бөгөөд НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга, Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын чиглэлд зөвлөхөөр ажиллаж байгаа юм.

About Author