16 настай охины давж заалдах шатны шүүх хурал тавдугаар сарын 11 хүртэл хойшиллоо
Эх сурвалж: Zuv.mn
Бусдын гарт хэрцгийгээр амь насаа алдсан 16 настай охины хэргийн давж заалдах шатны шүүх хурал болж өндөрлөлөө.
Шүүхээс тус хэргийн давж заалдах шатны шүүх хурлыг хойшлуулж тавдугаар сарын 11-ний 09 цагт товлолоо. Прокурор Г.Баясгалан өөр шүүх хурал давхацсан, харин прокурор н.Түмэн-Өлзий ямар ч шалтгаангүй шүүх хуралд ирээгүй учраас шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж тус шийдвэрийг гаргалаа.
Энэхүү шийдвэртэй холбогдуулан хохирогчийн өмгөөлөгчөөс тодрууллаа.
Өмгөөлөгч Б.Баатарсайхан: Өнөөдөр хоёр прокурор байгаа. Мэтгэлзэх зарчмыг хангаад шүүх хурлыг хойшлуулж байх шиг байна. Нэг прокурор нь өөр аймагт шүүх хурал нь давхцсан гэж байна. Хүндэтгэн үзэх шалтгаанаа тайлбарлаж, албан ёсны бичиг ирүүлсэн байна. Нэг прокурор нь хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүй. Өмгөөлөгч нарыг зүгээс шалтгаангүй ирээгүй прокурорт хуульд заасан арга хэмжээ ав гэдэг албан ёсны шаардлагыг өгсөн.
Шүүх тэр хүний хүндэтгэн үзэх шалтгааныг тодруулж байж эргээд хариу өгье гэж байна. Ийм хэрэг дээр прокурор гэхээсээ илүү прокурорын байгууллага анхаарал хандуулж хүмүүсээ оролцуулж байх ёстой гэж харж байна. Өдөржин бид хүлээж энэ хэргийн нэг талд гарах юм болов уу гэсэн ч прокурорууд нь ирсэнгүй. Бид багаараа шүүх хуралд оролцоно. Үйлчлүүлэгчийнхээ хууль ёсны ашиг сонирхлыг хуулийн хүрээнд хамгаалж чадна гэдэгтээ итгэл дүүрэн байна.
Өмгөөлөгч Р.Булгамаа: Өнөөдрийн хуралд прокурор ирээгүй асуудалд би шүүмжлэлтэй хандаж байгаа. н.Түмэн-Өлзий гэдэ прокурор энэ хэрэг дээр маш удаан хугацаанд ажиллаж байгаа. Хоёр хүний амь хохирсон энэ хэрэг дээр ямар нэгэн алга дарам цаас ирүүлэхгүй байна гэдэг бол төрийн нэрийн өмнөөс улсын яллагч хийж байгаа прокурорын хувьд бол асар хариуцлагагүй үйлдэл. Энд хүний хувь заяаны асуудал яригдаж байна. 16-хан настай охин, 32 настай залуухан эмэгтэйн хувь заяаны асуудал өнөөдөр үнэн худал, шударга үнэн нь дэнслэгдэх гэж байна. Энэ цаг мөчид шүүхэд үл хүндлэлтэй хандаж байгаа явдал бол дор хаяж зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй” гэлээ.
https://www.facebook.com/share/v/1CCWoDbnmh