Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөлд ажиллахыг урьж байна
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар зөвлөлийн бүрэлдэхүүнд ажиллах төрийн бус байгууллагын төлөөллийг сонгох нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна. Тодруулбал, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4-д Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиг үүрэг бүхий орон тооны бус салбар зөвлөлийг нийслэлд ажиллуулахаар хуульчилсан. Мөн Засгийн газрын 2023 оны 402 дугаар тогтоолоор батлагдсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн ажиллах журам”-д Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар зөвлөлийн бүрэлдэхүүнд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын долоо хүртэлх төлөөлөл байхаар заасан байдаг.
Зөвлөлийн бүрэлдэхүүнд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, өөрийн төлөөллөө ажиллуулахыг хүсвэл дараах баримт бичгийг бүрдүүлэн ирүүлнэ.
Тавигдах шаардлага, бүрдүүлэх баримт бичиг
Хүснэгтэд заасан шаардлагыг хангасан оролцогч доор дурдсан баримт бичгийг бүрдүүлж, ирүүлнэ. Үүнд:
| № | Тавигдах шаардлага | Бүрдүүлэх баримт бичиг |
| 1. ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА | ||
| 1.1 | Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх ашгийг хамгаалах чиглэлээр гурваас доошгүй жил тасралтгүй үйл ажиллагаа явуулсан байх; | Төрийн бус байгууллага нь төлөөллөө Салбар зөвлөлийн гишүүнээр ажиллуулах албан хүсэлт |
| Төрийн бус байгууллагын гэрчилгээний хуулбар | ||
| 1.2 | Үйл ажиллагаа явуулах өөрийн болон түрээсийн ажлын байр, хүний нөөцтэй байх; | Үйл ажиллагаа явуулах өөрийн болон түрээсийн ажлын байртай эсэхийг нотлох баримт |
| Хүний нөөцийн талаарх мэдээлэл, холбогдох тушаал, шийдвэр | ||
| Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт | ||
| 1.3 | Тухайн салбарын бодлого, шийдвэр, үйл ажиллагаанд санал өгч хамтран ажиллаж ирсэн туршлагатай байх; | Тухайн салбарын бодлого, шийдвэр,үйл ажиллагаанд санал өгч хамтран ажиллаж ирсэн туршлагын талаар мэдээлэл, тайлан, нотлох баримт |
| 2. НЭР ДЭВШИГЧ | ||
| 2.1 | Төрийн бус байгууллагаас нэр дэвшүүлсэн байх; | Нэр дэвшигчийн анкет (Төрийн албан хаагчийн анкет Маягт №1) |
| Боловсролын түвшнийг тодорхойлсон баримт бичгийн хуулбар | ||
| Иргэний үнэмлэхийн хуулбар | ||
| Хамт олны хурлын шийдвэр | ||
| 2.2 | Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах, нийгмийн оролцоог дэмжих чиглэлээр ажилласан туршлагатай байх; | Өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлж ажил байдлаа тодорхойлсон, гишүүнээр ажиллах хүсэлт |
| Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах, нийгмийн оролцоог дэмжих чиглэлээр үр дүн, санаачилгатай ажилласан тухай ажлын тайлан, нотлох баримт | ||
Сонгон шалгаруулалтын үе шат
- Баримт бичгийн бүрдэл шалгах, үнэлэх
- Нэр дэвшигчтэй ярилцлага зохион байгуулах.
Сонгон шалгаруулалт
- Сонгон шалгаруулалтыг нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан баг зохион байгуулна.
- Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөлийн бүрэлдэхүүнд ажиллах төрийн бус байгууллага материалаа дотоод товьёг үйлдэн битүүмжлэлийг ханган ирүүлэх юм.
- Байгууллага болон нэр дэвшигчийн баримт, бичгийг бүрдэл дутуу тохиолдолд нэр дэвшигчийг ярилцлагад оруулахгүй.
- Мөн хугацаа хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахгүй.
- Нэр дэвшигчтэй ярилцлага хийх хугацааг нэр дэвшигч бүрд сонгон шалгаруулалтын баг тухай бүр мэдэгдэнэ.
Нэр дэвшигчээс дараах чиглэлээр ярилцлага авна.
- Хууль, бодлогын мэдлэг, хэрэгжилт
- Салбар дундын хамтын ажиллагааны туршлага
- Нотолгоонд суурилсан үйл ажиллагаа
- Хүний эрх, хүртээмж, ялгаварлан гадуурхалтаас сэргийлэлт
- Ил тод байдал, хариуцлага
- Ёс зүй, ашиг сонирхлын зөрчилгүй байдал
- Стратеги, тогтвортой байдал, хувь нэмэр
Хугацаа
Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт, баримт бичгийг тавдугаар сарын 18-ны өдрийн 11:00 цаг хүртэл нийслэлийн Засаг даргын Тамгын газар (Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 23 дугаар хороо, Арцатын ам, Нийслэлийн нутгийн захиргааны А байр) 602 тоот өрөөнд хүлээн авна.
Нэмэлт мэдээллийг 11-328715 утсаар авах боломжтой.
НЗДТГ-ЫН НИЙГМИЙН БОДЛОГЫН ГАЗАР