Биеэ зүй бусаар авч явах зөрчлийг 36–45 насныхан гаргаж байна

Зөрчил1

Улсын хэмжээнд 2026 оны дөрөвдүгээр сард нийт 840 мянга гаруй зөрчил бүртгэгдсэн нь өмнөх сартай харьцуулахад 0.9 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Гэсэн ч олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явах зөрчил огцом өссөн талаар Прокурорын байгууллагаас мэдээллээ.

Нийт бүртгэгдсэн зөрчлийн 89.3 хувь нь нийслэлд, 10.7 хувь нь орон нутагт бүртгэгдсэн байна. Зөрчлийн дийлэнх буюу 99.6 хувийг Цагдаагийн байгууллага шалган шийдвэрлэсэн бол үлдсэн хувийг Гааль, Татвар, Гадаадын иргэн, харьяатын газар зэрэг байгууллагууд шалгажээ.

Бүртгэгдсэн нийт зөрчлийн 97.5 хувьд нь газар дээр нь шийтгэл оногдуулсан бол багахан хувийг хялбаршуулсан болон хэрэг бүртгэлийн журмаар шийдвэрлэсэн байна. Дөрөвдүгээр сард зөрчил гаргасан 795 мянга гаруй иргэн, 35 мянга гаруй хуулийн этгээдэд шийтгэл оногдуулжээ. Зөрчилд холбогдогчдын 76.4 хувь нь эрэгтэй байсан бол хамгийн өндөр хувь буюу 30.4 хувийг 36-45 насныхан эзэлсэн байна. Мөн зөрчлийн улмаас нийт 7.2 тэрбум төгрөгийн хохирол учирснаас 3.6 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлжээ. Хамгийн их өссөн зөрчил нь олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах үйлдэл байсан бөгөөд 14,104 тохиолдол бүртгэгдэж, өмнөх сараас 25.8 хувиар өссөн байна. Харин танхайрах, автотээврийн тухай хууль зөрчих, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулах болон жолоочийн даатгалтай холбоотой зөрчлүүд буурсан үзүүлэлттэй гарчээ.

About Author