Монгол хонины ноосыг үнэд хүргэсэн үндэсний үйлдвэрлэгч “Могол ноос”-ынхон
Монгол хонины ноосыг угааж, самнаж, түүгээрээ утас ээрч үндэсний брэнд хувцсыг үйлдвэрлэж буй “Могол ноос” ХХК-ийн үйлдвэрээс бид энэ удаа сурвалжиллаа. Тус компанийн утас ээрмэлийн үйлдвэр болон оёдлын үйлдвэр нь Төв аймгийн Зуунмод хотод байрладаг. Харин анхан шатны боловсруулах үйлдвэр буюу ноосоо угаах, самнах үйлдвэр нь Төв аймгийн Баянцогт суманд байрладаг ажээ. Ийнхүү бид Зуунмод хотыг зорилоо.
Үйлдвэрийн хаалгаар ороход утас ээрмэлийн үйл явц ид өрнөж байгаа бололтой тоног төхөөрөмжийн дуу хангинаж байлаа. Ийнхүү тус үйлдвэрийн дарга А.Ариунболд биднийг угтан авч, үйлдвэрээ танилцуулсан юм. Үйлдвэрийн нэг давхарт байрлах утас ээрэх тоног төхөөрөмжүүдийг 6-7 хүн хариуцан ажиллаж байлаа. Угааж, самнасан ноосоо энэ үйлдвэрт авчран нийтдээ 16 дамжлагаар утсаа үйлдвэрлэдэг аж. Утас ээрэх үйл явцыг энгийнээр тайлбарлавал, эхлээд ноосоо задалж сэмлэж, эмульс цацан самнаж цувимал хэлбэрт оруулдаг гэнэ. Дараа нь шулуутгах машинуудаар оруулан нарийн зүүт самнах машинаар богино ширхэгийг нь ялгаад, цувимлаар оруулж бэлддэг аж. Ингээд бэлдсэн цувимлаа ээрэх машинаараа ээрдэг аж. Тус үйлдвэр нь таван ээрэх машинтай бөгөөд нэг нь 400, нийтдээ 2000 ээрүүлтэй гэлээ. Хүчин чадлын хувьд жилдээ 5000 тонн ноос, ноолуур угааж, самнадаг бол 100 тонн самнасан ноос, ноолуурыг үйлдвэрлэдэг аж. Харин нарийн утас 100 тонн, бүдүүн утас 200 тонныг үйлдвэрлэдэг гэнэ. Оёдлын үйлдвэр нь жилдээ 5000 хувцас оёх хүчин чадалтай. Ийнхүү ээрсэн утсаа “Blue Sky Cashmere” нэхмэлийн үйлдвэрт өгч, даавуугаа хийлгэдэг юм байна. Хийлгэж авчраад оёдлын үйлдвэртээ брэнд бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг. Оёдлын үйлдвэр нь хоёр давхартаа байрлаж байлаа. Оёдолчдын хувьд эсгүүр, зүслэг, оёдлоо тус бүрд нь шат дамжлагаар нь хариуцан ажиллаж байгаа харагдлаа. Ийнхүү “Могол ноос” брэндийн төрөл бүрийн загварын пальто, пиджак, өмд, юбка энд бэлэн болж, Улаанбаатар хотод салбар дэлгүүрүүдээр худалдаалдаг ажээ

“АНХ УДАА МОНГОЛ ХОНИНЫ НООСНООС НООЛУУРЫГ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН АРГААР ЯЛГАСАН”
Чанартай хувцас үйлдвэрлэхийн тулд түүхий эдээ сайн сонгох ёстой байдаг. Тэгвэл тус компанийнхан 100 хувь хонины ноосоор бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс гадна анх удаа хонины ноосноос ноолуур гарган авч, бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ. Энэ талаар тус компанийн гүйцэтгэх захирал Ч.Эрдэнэбат ийнхүү ярилаа. Тэрбээр “Манай компани 2001 онд байгуулагдсан. Тухайн үед Улаанбаатар хотоос хөдөө орон нутгийг зорьж, үйлдвэрүүдээ шат дараатайгаар байгуулсан. 2001 онд Төв аймгийн Баянцогт сумын хоёрдугаар багийн төв дээр ноос, ноолуур угаах үйлдвэрээ анх байгуулж, үүний дараа 2012 онд хонины ноосноос ноолуур ялгах үйлдвэрийг байгуулж байлаа. 2013 онд Төв аймгийн төв дээр нарийн утасны үйлдвэрээ байгуулсан. Хонины ноосны ноолуурлаг буюу нарийн ширхгийг бид Монголд анх удаа үйлдвэрлэлийн аргаар ялгасан. Өмнө нь монгол хонины ноосоор эсгий, хивс л хийдэг байсан бол хонины ноосны ноолуурлаг ширхэгтийг ялгасан. Учир нь -40 хэмийн хүйтнээс +40 хэмийн халуунд амьдардаг монгол хонь өөрийгөө өвлийн хүйтнээс хамгаалж, дулаахан байхын тулд ноолууран үс ургадаг юм байна. Энэ нь дулаарах үед хөөрч, гууждаг. Манай монголчууд зургадугаар сараас хонио хяргадгийн учир нь энэ. Хонины ноосны ноолуур бол ямааны ноолуур шиг маш зөөлөн үстэй. Ингээд эрдэм шинжилгээний байгууллагатай хамтраад Монголд байгаа бүх үйлдвэрүүдийн хонины ноосон дээр туршилт хийж үзсэн. Ингэхэд баруун аймгийн хонины ноос бол хивсэнд зориулалттай, бүдүүвтэр ширхэгтэй байсан. Ноолуур, завсрын үс, сор үс, хялгас гээд дөрөв, таван үснээс бүрддэг юм билээ. Үүний зарим нэг нарийхан үс нь ноолуурыг нь ялгахаар хамт ялгагдаж, чанартай хувцас болохгүй байв. Харин говийн болон зүүн аймгуудын махны чиглэлийн буюу бүдүүн ноостой хонины ноолуурлаг ширхэгтийг ялгахад амархан байсан. Үүнийг бид эрдэмтэн судлаачдын хамтаар анх удаа ялгасан. Манайх сүүлийн үед ноосоо Дорноговь, Дундговь аймгаас авч байгаа. Нэг хониноос нэг килограмм ноос гардаг. Үүнээс 200 грамм ноолуур гарна. Чанарын хувьд ямааны ноолуур 15-17 микрон голчтой байдаг. Энэ бол нарийныг нь хэмждэг нэгж юм. Харин манай хонины ноолуур 18-20 микрон голчтой байсан. Тиймээс чанарын хувьд ноолуураасаа илүү бат бөх юм. Угааж эдлэхэд арчилгаа нь ижил. 30-аас доош градусын бүлээн усанд угаах ёстой” гэсэн юм.
Ийнхүү ноосноос ялгаж авсан ноолуураа ноос болон ямааны ноолуур, сарлагийн хөөвөр зэрэгтэй хольж утсаа үйлдвэрлэдэг гэнэ. Утасны хольцын тухайд 20-30 хувийн ноолууртай, 70-80 хувийн ноостой утас хийдэг гэнэ. Энэ нь бараг 100 хувийн ноолуур шиг мэдрэмж төрөхөөр сайн бүтээгдэхүүн гэдгийг хэрэглэгчид хэлж, ам сайтай байдаг гэнэ. Мөн 100 хувийн ноолууран бүтээгдэхүүнээс 2-3 дахин хямд мөртлөө чанарын хувьд ялгаагүй шахуу аж. Түүнээс гадна монгол хониныхоо ноосыг “химийн ширхэгт” гэж ярьдгаар “полиэстер акрил” хэмээх химийн бодистой хольж үйлдвэрлэдэг гэлээ. Утас нь нэхмэл болон сүлжмэлийн хоёр зориулалттай гардаг аж. Түүнчлэн үйлдвэрлэсэн утсыг нь дотоодын жижиг дунд үйлдвэрүүд авч, бүтээгдэхүүн болгож, борлуулж байгаа гэлээ. Үйлдвэртэй танилцах явцад оёдлын үйлдвэрт бэлэн болсон хувцаснууд өлгөөтэй харагдав. Материалын хувьд маш зөөлөн, торгомсог. Өнгөний хувьд будагч бодис ашиглаж, төрөл бүрийн өнгөөр хувцас үйлдвэрлэсэн байсан нь нүд хужирлаж байлаа.
“ЯПОН, ИТАЛИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖӨӨР 22-100 ХҮРТЭЛ НОМЕРЫН БҮДҮҮН, НАРИЙН УТАС ҮЙЛДВЭРЛЭДГЭЭРЭЭ ОНЦЛОГТОЙ”
“Говь кашмер” зэрэг томоохон үйлдвэрүүд 20-28 номерын утас үйлдвэрлэдэг гэнэ. Харин эднийх Япон, Италийн тоног төхөөрөмжөөр 22-100 хүртэл номерын бүдүүн, нарийн утас үйлдвэрлэдгээрээ онцлогтой аж. Утасны номер нь нэмэгдэх тусмаа нарийсч, нимгэн хувцас хийдэг бол ширхэг нь бүдүүн байх тусмаа зузаан хувцас үйлдвэрлэдэг гэнэ. Үйлдвэрлэх процессын хувьд малчнаас авсан хонины ноосоо гараараа ялгадаг аж. Ер нь дэлхий дахинд ч ингэж ялгадаг гэнэ. Харин ноосоо хагас автомат ажиллагаатай машинаар угааж, хатаагаад гаргаж ирдэг. Самнах машин нь автомат ажиллагаатай аж. Нийтдээ угаах, самнах үйлдвэртээ 50-иад машинтай бөгөөд ердөө долоон хүн л үйл ажиллагааг нь хянаж ажилладаг гэв. Харин утас ээрэх үйлдвэр нь автомат ажиллагаатай бөгөөд нэг ээлжиндээ 6-7 ажилтантай гэнэ. Оёдлын үйлдвэр нь хагас автомат ажиллагаатай, сүүлийн үеийн төхөөрөмжөөр тоноглогджээ.
Аливаа улс оронд дотоодын үйлдвэрлэл хөгжих нь асар олон давуу талтай гэдгийг хүн бүр мэднэ. Харин манай улсад импортын бүтээгдэхүүн үндэсний үйлдвэрлэлийг орлож байгаа нь харамсалтай. Үүний хамгийн наад захын жишээ нь бидний сурвалжилсан хувцас үйлдвэрлэлийн анхан шатны бүтээгдэхүүн болох “утас” юм. Саяхан гарсан Гаалийн мэдүүлгээр жилд 600 тонн утас гаднаас орж ирдэг гэнэ. Энэ талаар Ч.Эрдэнэбат захирал “Хөгжсөн орнууд хүний хуучин хувцсыг задлаад утас хийдэг. Хуучин хувцсаар хийсэн бүтээгдэхүүн ямар байх вэ гэвэл ямар ч илч байхгүй шүү дээ. 100 хувийн ноостой гэж орж ирж байгаа ч 50 хувийн л ноостой байдаг. Ихэнх нь синтетик материалтай. Синтетик чинь гялгар цаас шүү дээ. Энэ гялгар цаасыг манай ард түмэн нөмөрч, өвлийн хахир хүйтнийг давж байна. “Нарантуул” зах дээр яагаад хувцас хямдхан байдаг вэ гэвэл хуурамч байдагтай нь холбоотой. Ингээд гаднаас орж ирж байгаа 600 тонн утсаар төрийн худалдан авалтын бүтээгдэхүүнийг хийж байгаа” гэсэн юм.

“ТӨРИЙН АЛБА ХААГЧДЫН ХУВЦСЫГ ДОТООДООСОО ХАНГАЯ ГЭДЭГ АСУУДАЛ ЯГ ОДОО ЯРИГДААД, ХИЙГДЭХ ГЭЭД ЯВЖ БАЙНА”
Энэ талаар дурдсан шалтгаан нь 2013 онд тухайн үеийн Засгийн газраас шинээр сурагчийн дүрэмт хувцсыг “Могол ноос”-ын үйлдвэртэй холбоотойгоор гаргаж ирсэн ч төрийн бодлого үргэлжлээгүй учраас тухайн үедээ л хэрэгжээд өнгөрчээ. Ингээд 2024 онд Монгол Улсын Ерөнхийлөгч “Цагаан алт” хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж тус үйлдвэр дээр ирж, танилцжээ. Тэдний хувьд хувцас үйлдвэрлэхээс гадна монгол хонины ноосоор бордоо болон дулаалга хийж, хаягдалгүй бүтээгдэхүүн болгож чадсан байж. Улмаар үйлдвэртэй нь танилцаад, “Цагаан алт” хөтөлбөрийг өрнүүлж, УИХ-ын 63 дугаар тогтоолыг гаргасан гэлээ. Ийнхүү жилийн зургаан хувийн хүүтэй, хөрөнгө оруулалтын зээл нь дөрвөн жилийн хугацаатай, эргэлтийн хөрөнгийн зээл нь хоёр жилийн хугацаатай мөнгийг улсаас баталж өгсөн юм байна. Банкаар дамжиж, үйлдвэрүүдэд зээл олгож, тус компани ч гэсэн сүүлийн үеийн автомат ажиллагаатай цахилгаан тоног төхөөрөмжүүдээр үйлдвэрүүдээ шинэчилжээ. Ингээд өнгөрөгч дөрөвдүгээр сард Ерөнхийлөгч Төв аймагт ажиллах хугацаандаа “Цагаан алт”-ын хэрэгжилт ямар байна гээд үйлдвэр дээр нь ирсэн аж. Тухайн үед Ч.Эрдэнэбат захирлын зүгээс “Бид үйлдвэрээ ажиллуулчихлаа. Бидний хувьд таван ээрэх машинтайгаар гурван ээлжээр ажиллах юм бол жилд бүдүүн утас 200 тонн, нарийн утас 100 тонн утас үйлдвэрлэх хүчин чадалтай. Харин бүгдийг нь ажиллуулахгүй байгаа шалтгаан нь утасны борлуулалт муу байна. Үйлдвэрлэл хөгжсөн оронд үйлдвэрлэлээ дэмжихийн тулд төрийн худалдан авалтаар дэмждэг. Манайд төрийн худалдан авалтаар арми, цагдаа, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, төмөр зам, нисэх гээд алба хаагчдыг хувцсаар хангадаг. Өвлийн хүйтэн сэрүүн үед малгай, ороолт, ноосон цамц, өмд, бээлий гээд бүгдийг манай үйлдвэрийн утсаар хийх боломжтой.
Энэ асуудалд өөрчлөлт оруулж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж өгөөч ээ” гэсэн хүсэлт тавьжээ. Үүний дагуу Засгийн газрын 133 дугаар тогтоол гарч, төрийн алба хаагчдын хувцсыг дотоодоосоо хангая гэдэг асуудал яг одоо яригдаад, хийгдэх гээд явж байгаа талаар тэрбээр сонирхуулсан юм. Үүнийг ч манай үйлдвэрлэгчид баяртайгаар хүлээж авчээ. Ийнхүү цаашдаа ганцхан “Могол ноос” компани утас хийхгүйгээр тэдний үйлдвэрлэсэн утсаар бусад үйлдвэрүүд ноосон цамц, малгай ороолт, даавуугаа үйлдвэрлэж, импортын хувцсыг орлох боломж бүрдэж байгаа гэнэ.

“ХЭДИЙ БОЛТОЛ ХҮНИЙ ХУУЧИН ХУВЦСААР ХИЙСЭН ХУВЦАС ӨМСӨӨД, ЯДУУ ОРНЫ ХҮМҮҮС ШИГ АМЬДРАХ ВЭ”
Дэлхийн улс орнууд “кластер” гэдэг системээр ажиллах болсон гэнэ. Тухайлбал, Япон, Солонгосын үйлдвэрүүд ноос угаадаг хүн бол ноосоо л төгс сайн угаах хэрэгтэй, харин дараагийн хүн аваад сайн самнах хэрэгтэй гэсэн зарчмаар явдаг гэнэ. Харин “Могол ноос” компанийн эрхэм зорилго бол “Утсаа л төгс үйлдвэрлэх хэрэгтэй” гэсэн зарчмыг баримталдгийг ажилчид, удирдлагууд ч хэлж байлаа. Гурван үйлдвэр нь нийтдээ 100-аад ажилтантай. Баянцогт суманд байрлах үйлдвэрт нь хятад мэргэжилтэн ажиллаж байгаа аж. Харин утас ээрдэг үйлдвэртээ эхний дөрвөн жил солонгос мэргэжилтэн ажиллуулжээ. Тэрхүү мэргэжилтнээс ажилчид нь суралцаж, өөрсдөө утас ээрэх үйлдвэрээ ажиллуулж эхэлсэн байна.

“Үйлдвэрлэл хөгжиж байж улс орон хөгжиж, хүн ард нь ажил, амьдралтай болно” хэмээн гүйцэтгэх захирал Ч.Эрдэнэбат анх үйлдвэрээ байгуулахдаа бодож байж. Харин одоо манай улсад хүний нөөц, маш чухал асуудал болжээ. Үүний тулд байгаа үйлдвэрүүд нь бүх хүчин чадлаараа ажиллаж, иргэддээ “Энэ төрлийн үйлдвэрлэл манайд хэрэгтэй байна” гэдгийг хэлэх хэрэгтэй гэдгийг тэрбээр хэлж байлаа. Түүнчлэн “Бид хэдий болтол хүний хуучин хувцсаар хийсэн хувцас өмсөөд, ядуу орны хүмүүс шиг амьдрах вэ. Жишээ аваад яривал, хятад хүний өмсөж байсан өмдийг задлаад, түүгээр нь бид малгай хийгээд өмсчихөж байгаа л гэсэн үг.
Манай улсаас жилдээ 30-36 мянган тонн хонины ноос гардаг. Бид ноос үйлдвэрлэлтээрээ дэлхийд 13 дугаарт орж байгаа. Бид ийм баялагтай орон гэдгээ мэддэггүй. Дэлхийн хувцасны ердөө хоёрхон хувийг л ноос, ноолууран хувцас эзэлдэг. Тэгэхээр энэ бол дэлхийд зах зээл нь байгаа, хэрэгтэй үйлдвэрлэл” хэмээсэн юм. Ийнхүү тэд зах зээлд үнэ ханш багатай монгол хонины ноосыг хэрэглэгчдийн гарт бүтээгдэхүүн болгон хүргэх бүх үйлдвэрлэлийг өөрсдөө хийж, үндэсний брэнд болгож чаджээ. Цаашлаад зөвхөн дотоодын зах зээлээр хязгаарлагдахгүй, гадны зах зээлд өрсөлдөх боломжийг бүрдүүлж буй хамт олон бол “Могол ноос” ХХК-ийнхан байлаа.