Я.Цэлмэн:Ц.Амгаланбаатарын бичлэгт хасагдсан хэсэг байхгүй, улс төртэй холбоод байгаа хүмүүс баримтаа гаргаад тавих байх
Долоо хүрэхгүй хоногийн өмнө төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт холбогдон ял эдэлж буй Ц.Амгаланбаатар хорих ангиас өөрийг нь хорлож болзошгүй хэмээн тусламж хүссэн талаарх мэдээлэл гарч эхлэв. Харин өчигдөр /2023.06.19/ Ц.Амгаланбаатарын бичлэгийг олон нийтэд ил болголоо. Дүрс бичлэгт С.Зоригийн хэрэгт мэдүүлэг өгөхдөө заналхийлэлд өртөж байсан болон тодорхой улс төрчдийн нэрсийг ч дурдсан нь үүний цаана ямар нэгэн улс төрийн “агуулга” бий юу гэх хардлагыг ч төрүүлж эхлээд байна. Тэгвэл Ц.Амгаланбаатартай биечлэн уулзаж, дүрс бичлэгийг өөрийнх нь хүсэлтээр ил болгосон ХЭҮК-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэнтэй ярилцлаа.
-Ц.Амгаланбаатарын дүрс бичлэгт ноцтой агуулгууд яригдсан. Танайх түүнтэй хэзээ уулзаж, энэ бичлэгийг хэзээ хийсэн бэ?
-Тийм ээ. Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны хүрээнд хорих ангиудад ажиллах чиг үүрэгтэй байдаг. Энэ хүрээнд хяналт шинжилгээ хийхээр очсон хорих ангиуддаа ганцаарчлан уулзах хүсэлтэй хоригдол байгаа эсэхийг тодруулдаг. Уулзах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн хүмүүсийн нэрс дунд Ц.Амгаланбаатарын нэр байсан. Бид тухайн ангид эрүү шүүлтээс ангид байх, хэрхэн урьдчилан сэргийлэх вэ чиглэлд тодорхой ажлуудыг хийгээд ирсэн. Бидний араас Ц.Амгаланбаатар биечлэн уулзах хүсэлтээ бичгээр зургаадугаар сарын 6-ны өдөр ирүүлсэн.
Тус хүсэлтдээ дүрс бичлэгт гарч буй зарим агуулгуудыг дурдсан байсан. “Та бүхэн миний нөхцөл байдлыг харгалзаж үзэж, ярилцлагыг маань ард түмэнд хүргэж өгнө үү” гэсэн байсан. Ингэхдээ хөөцөлдөх хүнгүй тул ард түмэн, шударга алба хаагчдаасаа шударга ёсыг хүсч байна, ирж бичлэг хийж өгөөч гэсэн.
Гаргасан хүсэлтийг нь судалж үзээд, очиж ярьсан зүйлийг нь бичиж авсан. Өөрөө нийтэд түгээж өгөөч гэж хүссэн. Тодорхой хэмжээний айдастай байгаа нь анзаардагдсан. Өөрийнх нь дүрс бичлэгээс та бүхэн харсан байх.
Эрүүдэн шүүсэн, заналхийлэл ирсэн гэх агуулга байсан. Ер нь эрүүдэн шүүлт нь маш хортой. Ялангуяа албан тушаалтан, тогтолцооны асуудал ороод ирвэл хүнд хэлбэр гэж үздэг. Гэмгүй хүмүүсийг хилс хэрэгт гүтгээд орхих аюултай асуудал.
Хүнийг ямар ч хэрэгт холбогдуулан шалгасан эрүүдэн шүүж болохгүй, хуулийн дагуу л шалгах ёстой. Энэ хүрээнд л бид ажилласан. Нэг ёсондоо, хорих ял эдэлж буй хүний хүсэлтийг хангаж ажилласан л гэсэн үг.
-Дүрс бичлэг бүтнээрээ 11 орчим минутынх байсан. Түүний ярианы хэсгээс ямар нэг байдлаар танасан юм биш биз гэх хардлага олон нийтэд байлаа?
-Тийм зүйл байхгүй гэдгийг хэлье. Бидний техник хэрэгслийн боломж нөхцлөөс шалтгаалан дүрс дундаа үсрэх зүйл гарсан байхыг үгүйсгэхгүй. Хасагдсан яриа огт байхгүй. Өөрийнх нь хүссэн хэмжээгээр нь яриулсан. Бусад зүйлсийг ард түмэн өөрсдөө дүгнэх ёстой. Ер нь энэ хэрэгт эрүү шүүлт тулгасан гэдэг нь тодорхой болчихсон шүү дээ. Энэ утгаараа хамгийн чухал нь эрүүдэн шүүлт ямар хор аюултай юм бэ гэдгийг нийтэд таниулах зорилгоор уг бичлэгийг цацсан юм.
-Таны хэлж байгаачлан та бүхэн чиг үүргийнхээ хүрээнд хорих ангид ажиллажээ. Тэгвэл хоригдлын зүгээс уулзах хүсэлт тавьж, та бүхэнд дүрс бичлэгтэй яриа өгсөн ч үүнийг нийтэд мэдээлэх нь хуулийн хүрээнд хэрхэн зохицуулагддаг вэ?
-Өмнө шалгагдаад шийдэгдчихсэн хэрэг шүү дээ. Өмнө суллагдаад явж байгаа хоёр хүн ч эрүү шүүлтийн асуудал байгааг телевизийн нэвтрүүлэгт хүртэл ороод ярьчихсан. Манайх руу маш олон хэвлэлийн байгууллагаас холбогдож, Ц.Амгаланбаатар ямар асуудлаар хандсан талаар болон нийтэд ил болгож өгөөч гэж хандсан. Бидний хууль эрх зүйн орчинд мэдээлэл хийх хуулийн заалттай. Хоёрдугаарт, иргэн өөрөө хүсвэл гэж холбогдох хууль конвенцид заасан. Нөгөө хүн нь хүсээгүй тохиолдолд бид хэзээ ч энэ мэдээллийг ил болгохгүй. Хүний амь нас аюултай байдалд байна гэж байхад энэ хүн ийм хэрэгт холбогдон шалгагдсан гээд орхиж болохгүй шүү дээ. Хэнийг ч хамгаалах ёстой. Энэ үүднээс бичлэгийг ил болголоо. Холбогдох асуудлуудыг нь шалгуулахаар хуулийн байгууллагад шилжүүлсэн. Хуулийн байгууллага Ц.Амгаланбаатарын яриад байгаа зүйлийг эцэслэн тогтоож хариу өгөх ёстой.
-Танайхаас хуулийн байгууллагуудад ямархуу чиглэлээр санал дүгнэлтүүдээ хүргүүлсэн бэ?
-Бид энэ мэт тохиолдолд шилжүүлэн шалгах хууль эрх зүйн зохицуулалттай. Өөрсдөө шалгахгүй гэсэн үг. Хаана, хэн шалгах боломжтой байна. Тэр газар руу нь шилжүүлэх ёстой байдаг гэсэн үг. Харьяаллын дагуу цагдаа, прокурорын байгууллагууд нь шалгах ёстой.
-Өөрийнх нь амь нас эрсдэлд байгаа тул хамгаалалтад авах хүсэлт гаргасан гэж ойлгосон. Танайхаас энэ чиглэлд хүсэлт хүргүүлж ажилласан зүйл бий юу?
-Хүсэлт гаргасан. Хамгаалалтад авах асуудлыг судалж шийдвэрлэх шаардлагатай гэх бичгийг холбогдох байгууллагуудад өнгөрсөн долоо хоногт хүргүүлсэн. Хуулиараа шууд хамгаалалтад ав гэх боломж бидэнд байхгүй. Болзошгүй байна гэж үзвэл тодорхой асуудлыг шилжүүлдэг. Мөн шалгах байгууллагууд руу тоот явуулсан. Хуулийн байгууллага шалгаад эцэслэн хариу өгөх шаардлагатай.
-Та бүхний зүгээс хууль, хяналтын байгууллагуудад хүргүүлсэн хүсэлтийн хариу ирэх үед Ц.Амгаланбаатартай биечлэн уулзах уу?
-Хуулийнхаа дагуу бид хүлээн авсан хүсэлтийн хариуг мэдэгдэх ёстой. Хүний хүсэлтийг заавал шийдвэрлэх ёстой. Хорих ял эдэлж байгаа ч тодорхой эрх нь байгаа. Хүсэлтийнх нь хариуг албан бичгээр хүргүүлнэ.
-Ц.Амгаланбаатарын бичлэг цацаж байгаа нь нэг л танил “технологи” гэж харах хүмүүс байна л даа. Яагаад заавал гэнэтхэн энэ хүний дүрс бичлэгийг гаргаж ирээд цацаж байгаа юм бэ гэдэг ч юм уу?
-Энэ өдрүүдэд дэлхий нийтээр эрүү шүүлтийн хохирогчдод туслах өдрүүд болж байгаа. Зургаадугаар сарын 26-нд нээлттэй хэлэлцүүлгийг хийх гэж байна. Энэ хүрээнд явагдаж буй арга хэмжээнүүдийн л нэг. Өөр ямар нэгэн шалтгаантай гэж таамаглал дэвшүүлээд байгаа хүмүүс нь баримтаа гаргаад тавих байх.
-Улс төрийн зорилготой юу гэж харах хүмүүс ч байгаад байна?
-Бид улс төрөөс ангид байх ёстой. Жишээлбэл, албан тушаалтанд хэн ч нөлөөлөх ёсгүй.
Яагаад улс төртэй холбоод байгааг нь сайн хэлж мэдэхгүй байна. Ц.Амгаланбаатарын хэрэг нь анхнаасаа улс төрийн зүтгэлтэн, түүний амь нас хохирсон хэрэг байсан учраас ийм хардлага гарч байж болох юм.
Хувь хүний байр сууринаас харахад, энэ хэрэг илрээд үнэн мөн нь олдоосой гэж би боддог. Гэтэл эрүү шүүлт тулгаад буруугүй хүнийг буруутай болгоод, олон жил хорих ял эдлүүлнэ гэдэг бол аюултай зүйл шүү дээ. Хийгээгүй хэргийнх нь төлөө эрүү шүүлт тулгаж байгаад хэрэг хүлээлгээд, 5,6 жил хорино гэдэг нь байж болох зүйл үү гэдгийг иргэдээс асуух хэрэгтэй. Эрүүдэн шүүсэн үйлдэл байсныг бид өмнө дүрс бичлэгээр харж л байсан шүү дээ.
Ц.Амгаланбаатар хэдийгээр хоригдож байгаа боловч бидэнд хүсэлт гарган хандаж буй иргэдийн л нэг. Цаашид манай нэгж эрүү шүүлттэй тулгарсан, хохирогч хүмүүсийн эрх ашгийг хамгаалж ажиллана. Иймэрхүү асуудлыг цаашид ч дэлгэх болно. Бидний хуулиар хүлээсэн үүрэг бол иргэдэд эрүү шүүлтийн хор аюулын талаар мэдээлэх. Тэр үүргийнхээ дагуу бичлэгийг хүргэсэн. Түүнчлэн Ц.Амгаланбаатар ч өөрөө хүссэн.