Генерал Д.Ганзориг: Үндэсний сөрөн тэсвэрлэх стратегийн мөн чанар нь үндэстэн өөрийн онцлог, дархлаагаа хадгалан оршин тогтнох чадварт оршдог
Үндэсний сөрөн тэсвэрлэх стратегийн талаар бэлтгэл дэслэгч генерал Д.Ганзоригтой ярилцлаа.
-Сүүлийн үед Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх, Үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги нь ойлголтын хувьд цоо шинэ содон үгс биш болж байх шиг байна?
-“Үндэсний сөрөн тэсвэрлэх” гэсэн томьёолол Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын судлаач, сонирхогч, Үндэсний аюулгүй байдлыг хангахтай хамаарал бүхий салбарын мэргэжилтэн дунд нутагшаад нэлээд хэдэн жил болж байна. Энэ томьёолол одоо шинэ биш болсон. Судлаачдын дунд шинэ биш болсон ч орчуулга буруу, барууны орнуудын хуулбар гэх шүүмжлэл, мэтгэлцсэн байдал байсаар байгааг тэмдэглэх нь зүйтэй.
Англи хэлнээ Resilience гэсэн үгний тааруухан орчуулга хийсэн гээд багагүй шүүмж байсаар байна. Англи хэлнээ энэ үг “уян хатан чанар”, “тэсвэр тэвчээр”, “бэрхшээлтэй тулгарах үеийн тэсвэр тэвчээр” гэсэн агуулгаар орчуулагддаг. Тэгвэл агуулга, хэл зүйн найруулга талаас энэ үгний томьёоллыг “Үндэсний бэрхшээлтэй тулгарах үеийн тэсвэр тэвчээр” “Үндэсний уян хатан чанар”, “Үндэсний тэсвэр тэвчээр” зэрэг орчуулгын томьёолол дундаас “Үндэсний сөрөн тэсвэрлэх” гэсэн томьёолол дээр тогтсон дараах байр суурь байсан. Үүнд: үндэстний хэмжээнд авч үзэхэд уян хатан үндэстэн гэж байх уу? Үндэстний хэмжээнд аливаа болохгүй байгаа нөхцөл байдлыг тэвчээд байх нь зүйтэй юу гэсэн нөхцөлүүдийг харгалзан байж “Үндэсний сөрөн тэсвэрлэх” гэсэн томьёоллыг орчуулга дээр сонгож авсан.
Аливаа үндэстэнд оршин тогтнох нь нэн тэргүүний амин чухал асуудал байдаг. Үндэстэн аюулт нөхцөл байдлын сөрөг үр дагаврыг “сөрж”, тэмцэж, тэмцлийн үеийн хүнд бэрхшээлийг “тэсвэрлэн” даван туулж, өөрийн хөгжлийг, оршин тогтнохуйг хангаж байдаг. Иймд Resilience гэсэн үгийг үндэсний хэмжээнд авч үзэхэд “сөрөн тэсвэрлэх” гэж томьёолон ашиглаж байна. National Resilience гэсэн тодорхойлолтыг “Үндэсний сөрөн тэсвэрлэх” гэж орчуулсан байдаг.
Энэ томьёолол ШУА-ийн хэл зүйн зөвлөлөөр ороод батлагдсан нэр томьёо. Иймд, орчуулга зөв буруу гэсэн маргаан, мэтгэлцээнийг бид хойш тавиад агуулгын хувьд нэгдсэн ойлголттой болж ашиглаад, хэрэгжүүлээд явах нь үр дүнтэй гэж бодож байна. Бид сүүлийн 30 жил цэц булаалцаж ирлээ. Цэцэн үг болгон ухаантай байдаггүй гэдгийг бид ойлгох болсон гэж хувьдаа үзэж байна. Энд “Resilience” гэсэн үгийн орчуулгад “National Resileince” гэсэн томьёолол биш л бол “resilience” үгийн бусад агуулгыг ашиглах нь зүйтэй болов уу. Жишээ нь, “resilience of communication system” гэсэн үгийг харилцаа холбооны системийн тогтвортой байдал, уян хатан байдал гэвэл зөв байх. Эс тэгвээс бид харилцаа холбооны сөрөн тэсвэрлэх чадвар гэж орчуулсан байдал хэд хэдэн удаа анзаарагдсан.
-Өнөө цагт Монгол Улсын Засгийн газраас Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх, стратегийг цаг үедээ тааруулан шинээр боловсруулан ажиллаж байна уу даа гэж бодож байна. Яагаад гэвэл Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх нь түүхийн бүхий л цаг үед монголчууд бидэнтэй хамт явж ирсэн. Дэлхийн улс орнуудын хувьд ч ялгаагүй болов уу?
-Сүүлийн жилүүдэд Үндэсний сөрөн тэсвэрлэх чиглэлийн төрийн бодлогоо олон улс орнууд батлаад, хэрэгжилтийг хангаад явж байна. XX зууны дунд үеэс эхлэн хүрээлэн буй орчны өөрчлөлтөд байгаль дэлхий хэрхэн хувьсан дасан зохицож, эсвэл тухайн өөрчлөлтийг “хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа” байгалийн гамшгийн тоо, хамрах хүрээний хэмжээгээрээ илэрхийлж эхэлсэн байна. НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах албаны 2023 оны мэдээллээр дэлхийн 131 улс гамшгийн чиглэлээр “Үндэсний сөрөн тэсвэрлэх” стратегитай болсон байна. 2010 оны үеэс эхлэн НАТО, Европын холбоо, Австрали зэрэг улсууд Үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги Гамшгийн эрсдэлийг бууруулах стратегийг Үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны бодлого, түүний хэрэгжилттэй уяж эхэлсэн. Жишээ нь, АНУ 2025 онд Үндэсний сөрөн тэсвэрлэх стратегиа шинэчлэн баталсан. Өмнөх 2017 оны АНУ-ын Үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги нь байгаль, цаг уурын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшигтай тэмцэхэд чиглэгдэж байсан бол 2025 оны Үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги нь иж бүрэн Үндэсний аюулгүй байдлыг хангах стратеги гэсэн агуулгатай болж хувьсан өөрчлөгдөж батлагдсан байна.
Монгол Улсын хувьд, 2020 оноос Зэвсэгт хүчний Жанжин штабт Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх, түүнийг бүрдүүлэх, ашиглах талаар баримт бичиг боловсруулагдаж эхэлсэн байдаг. Түүнчлэн УИХ-аар батлагдсан Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх арга хэмжээнүүдийг тусгасан байдаг. ОБЕГ-ын Гамшигаас хамгаалах төлөвлөгөөг Үндэсний сөрөн тэсвэрлэх стратегийн баримт бичиг гэж тооцвол 2015 оны үед Монгол Улсад Үндэсний сөрөн тэсвэрлэх стратегийн баримт бичгүүд бий болж байсан байна. Монгол үндэстэн хэдэн мянган жилийн турш оршин тогтнож, түүхийн их хуудас бүрийг өөрийн гараар бичиж ирсэн билээ. Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх гэдэг ойлголт ч энэ урт хугацааны турш монголчуудын амьдрал, оршихуйн нэгэн салшгүй зүйл байсаар ирсэн. Учир нь үндэсний сөрөн тэсвэрлэх стратегийн мөн чанар нь үндэстэн өөрийн онцлог, дархлаагаа хадгалан оршин тогтнох чадварт оршдог юм. Монгол соёл иргэншил өнөө цагт ч бусад соёл иргэншилд уусаж алга болохгүйгээр, хөгжиж, оршсоор ирлээ. Монгол соёл иргэншлийн оршин тогтнохуй, Монгол Улсын тусгаар тогтнол, дархлаа нь төрийн бодлогын суурь чиглэл болсон Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бүрдүүлэх, бататгах, бэхжүүлэх, хөгжүүлэх, түүнийг оновчтой ашиглан эерэг үр дүнд хүрэх үйл явцтай шууд хамааралтай.
-Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бүрдүүлнэ гэдэг нь зөвхөн төрийн байгууллагын чадавхыг бэхжүүлэхээс гадна иргэн бүрд хамааралтай асуудал юм байна гэдгийг л бүх нийтээрээ ойлгож ухаарах цаг нэгэнт ирсэн юм байна гэж бодогдож байна?
-Зөвхөн иргэн ойлгох бус, төр өөрөө ойлгох цаг болсон. Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бүрдүүлнэ гэдэг нь зөвхөн төрийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх асуудалд хязгаарлагдахгүй. Энэ нь иргэн, аж ахуйн нэгж, орон нутгийн хөгжлийн түвшин, тэдгээрийн чадвар, чадавх, хариу үйлдлийн боломж нэмэгдэхтэй салшгүй холбоотой ойлголт юм. Үүнийг дараах жишээгээр тайлбарлаж болно. Томоохон байгалийн гамшиг тохиолдлоо гэж төсөөлье. Онцгой байдлын байгууллагын бүх хүн хүч, техник, тоног төхөөрөмж гамшгийн үр дагаврыг арилгах ажиллагаанд хамрагдаж, хүрэлцэхгүй тохиолдолд Зэвсэгт хүчин болон бусад байгууллагуудаас дэмжлэг авна. Орон нутгийн засаг захиргааны нэгжүүд өөрийн бүх нөөц бололцоог ашиглан ажиллана. Боломж, чадавх гамшгийн үр дагавартай тэмцэхэд хүрэлцэхгүй бол иргэдийг дайчилж, зохион байгуулалтад оруулан ажиллуулах шаардлага гарна. Эндээс онцгой байдлын байгууллагын чадавх сул гэсэн дүгнэлт хийх нь буруу. Аль ч улс орон төрийн байгууллагын чадавхыг эдийн засгийн боломж, улсын төсвийн хүрээнд үе шаттайгаар хөгжүүлдэг. Гэвч байгалийн болон үйлдвэрийн осол, гамшгийн давтамж, хэлбэр, цар хүрээ нэмэгдэхийн хэрээр онцгой байдлын байгууллагын чадавхыг тасралтгүй өргөтгөх шаардлага үүснэ. Тийм шаардлагыг хангах хязгааргүй төсөв Засгийн газарт байх уу? Гамшгийн дараах сэргээн босголт, иргэдэд олгох нөхөн олговор зэрэг нь улсын төсөвт нэмэлт дарамт учруулдаг гэдгийг ч тооцох хэрэгтэй. Улсын төсөв хэзээд хязгаартай байдаг. Харин үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх өндөр түвшинд хөгжсөн нөхцөлд иргэн, аж ахуйн нэгж, орон нутгийн байгууллагууд төрийн байгууллагын хүрч амжихгүй ажлуудыг эх оронч сэтгэлгээ, нийгмийн хариуцлагын үүднээс өөрсдөө гүйцэтгэх боломжтой болдог. Иймээс Үндэсний сөрөн тэсвэрлэх стратегийн хүрээнд иргэн, аж ахуйн нэгж, орон нутаг хөгжсөн байх шаардлагатай. Энд “хөгжсөн” гэж хэлэхдээ би зөвхөн эдийн засгийн боломжтой байхыг бус, ухамсартай, хариуцлагатай, оролцоотой байхыг хамтад нь ойлгож томьёолж байна.
-Дэлхийн улс төрийн байдал эрчимтэй хувьсан өөрчлөгдөж байна?
-Тийм ээ. Дэлхийн улс төрийн нөхцөл байдал эрчимтэй хувьсан өөрчлөгдөж байна. Аюулгүй байдлын онолын үүднээс авч үзвэл нэг туйлт тогтолцоо нь тогтворгүй шинжтэй байдаг гэдгийг өнөөгийн олон улсын нөхцөл байдал бодитоор харуулж байна. Дэлхий дахины улс төрийн тогтолцоо нэг туйлт бүтцээс олон туйлт бүтэц рүү шилжиж буй энэ үйл явц нь улс орнуудын аюулгүй байдлын бодлого, тогтолцоонд шинэ шаардлага тавьж байна. Үндэсний аюулгүй байдлын суурь ойлголт нь системийн онолд тулгуурладаг. Системийн онолын хүрээнд аюулгүй байдлыг хангах тогтолцоонууд хоорондоо уялдаа холбоотой, иж бүрэн, цогц байхыг шаарддаг. Иймээс Үндэсний сөрөн тэсвэрлэх стратегийн агуулга нь гамшгийн болон үндэсний аюулгүй байдлын тогтолцоо, тэдгээрийг зохицуулж буй эрх зүйн орчны хамтаар шинэчлэгдэн өргөжиж, илүү уялдаатай, илүү эдийн засгийн үр ашигтай, илүү нягт удирдлага зохион байгуулалттай байх шаардлага улам бүр нэмэгдэж байна. Өнөө цагт “бүх нийтийг хамруулах” зарчим нь уриа лоозон бус, бодит ажил, бодит хэрэгжилт байх шаардлагатай болсон. Энэ шаардлагуудтай уялдуулж, төр-иргэн-аж ахуйн нэгж хоорондын итгэлцэл чухал болно. Итгэлцлийг бий болгоход төрийн үйл ажиллагаа болон улс төрийн намуудын амлалт хооронд зөрүүгүй байх, арын хаалга, авлига байхгүй байх гээд олон асуудлыг энд шийдвэрлэж хэрэгжүүлэх шаардлага байна. Иргэдэд өөдрөг сэтгэл зүйг төлөвшүүлэх, Монгол гэсэн нэрийн бахархлыг улам дэлгэрүүлэх, боловсролтой болох, шинжлэх ухаан, технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн эдийн засгаа “солонгоруулаад”, хөгжүүлээд явах гээд олон хөвөрсөн асуудлыг төр-иргэн-аж ахуйн нэгж хамтдаа шийдэх нь чухал байх болно. Батлан хамгаалах салбарын зарим алба хаагчид Үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги нь орон нутгийн хамгаалалтаас юугаар ялгаатай юм бэ? гэсэн бодол тээж явдаг. Үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги нь орон нутгийн хамгаалалтыг биеллээ олох суурь нөхцөлийг л бүрдүүлэх үүрэгтэй. Үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги бол орон нутгийн хамгаалалт биш.
-Төрөөс гадна иргэд дэлхий болон бүс нутаг, улс оронд тулгарсан, эсвэл тохиолдож болзошгүй сорилт, бэрхшээлд тодорхой хэмжээнд хариу үйлдэл үзүүлэх чадавхтай байх ёстой юм байна гэж ойлголоо?
-Төр-иргэн-аж ахуйн нэгж гэсэн гурвал тохиолдож болзошгүй сорилт, бэрхшээлд тодорхой хэмжээнд хариу үйлдэл үзүүлэх чадавхтай байх ёстой.
-Хэлэлцүүлэгт үндэсний аюулгүй байдлын чиг үүрэг бүхий байгууллагуудаас гадна төрийн цэргийн байгууллагууд оролцож байгаа байх. Тэдгээр байгууллагуудын гүйцэтгэх үүрэг маш чухал болов уу?
-Эх оронч сэтгэлтэй иргэдийг төлөвшүүлэх нь Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бүрдүүлэх, түүнийг үр дүнтэй ашиглах стратегийн суурь хүчин зүйл юм. Мөн Монгол Улсыг дэмждэг, Монголын үнэт зүйл, соёл, бодлогыг эергээр хүлээн зөвшөөрдөг гадаадын иргэдийн хүрээг нэмэгдүүлэх нь ч үндэсний дархлаанд чухал хувь нэмэр оруулна. Төрийн цэргийн байгууллагын соёлын гол үнэт зүйл нь цэргийн тангараг бөгөөд түүний цөм нь эх орноо хамгаалах үүрэгт оршдог. Иймээс төрийн цэргийн байгууллагын алба хаагчид эх оронч үзэл, үнэт зүйлийг илүү гүнзгий ойлгож, өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэгжүүлдэг онцлогтой. Тийм учраас төрийн цэргийн байгууллагын алба хаагчид Үндэсний сөрөн тэсвэрлэх стратегийг хэрэгжүүлэхэд нэн чухал, орлуулшгүй үүрэгтэй юм. Мөн манай орны төрийн болон улс төрийн байгууллага дунд хамгийн бага авлигад өртсөн байгууллага нь төрийн цэргийн байгууллага. Цэргийн алба хаагчид Монгол Улсын иргэдийн итгэлийг илүү хүлээж авдаг гэж хувьдаа үздэг.
-Гадаад орчны нөлөөлөл, дэлхийн зарим улс орны байдал бас амар тайван болоогүй л байна. Хувь хүн бүрд сэтгэлийн хат, сахилга бат, даван туулах чадвар, сэтгэл зүйн дархлаа өндөр байх ёстой байдаг шиг улс орны минь дархлаа өнөөдөр ямар байна вэ?
-Монгол хүн дасан зохицох, бие бялдар, оюуны хувьд дэлхийн улс орнуудын иргэдтэй харьцуулахад гайгүй дүр зурагтай харагддаг олон улсын судалгаа багагүй байдаг. Гэхдээ манай орны бодит нийгмийн сэтгэл зүйн зураглалыг гаргах хэрэгтэй гэж хувьдаа үзэж байна. Тийм судалгааны дүнг харгалзаж байж бидний дархлаа ямар байна вэ гэж хэлэх нь зүйтэй болов уу. Цахим орчинд хөвөрч байгаа мэдээллүүдийг харахад бодууштай зүйлүүд бий.
-Монголчууд бид бүхний төдийгүй дэлхийн зарим улс орнууд ч бахархаж, бас суралцаж ирсэн Чингис хааны сөрөн тэсвэрлэх стратегийн тухайд та юу хэлэх вэ?
-Жирийн иргэдтэйгээ хамт амьдарч, төр улсаа төвхнүүлэн, дэлхийн хэмжээний их гүрнийг байгуулж, удирдан чиглүүлж, “Монгол” хэмээх нэрийг хүн төрөлхтний түүхэнд мөнхөлж, монгол соёл иргэншлийн дархлааг бэхжүүлж чадсан Чингис хааны төр улсаа авч явсан зарчим, арга ухаан нь өнөө цагийн бидний хувьд ч суралцаж, хэрэгжүүлэх үнэ цэнэтэй “Үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги” байсаар байна.