“Авлигын эсрэг соёлыг түгээе” аяныг “Зорчигч тээвэр хоёр” ОНӨААТҮГ-тай хамтран зохион байгуулж байна
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс “Зорчигч тээвэр хоёр” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газартай хамтран шударга ёсны зарчмыг хөдөлмөрийн харилцаанд төлөвшүүлэх зорилгоор “Авлигын эсрэг соёлыг түгээе” сэдэвт аяныг эхлүүллээ.
Аяныг нээж “Ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалтыг 2026 оны 5 дугаар сарын 13-ны өдөр зохион байгуулав. Сургалтад тус байгууллагын захиргаа удирдлага, хүний нөөц, санхүү, техник, цахилгаан хангамж зэрэг нэгжийн удирдах албан тушаалтнууд хамрагдаж, нийтийн тээврийн салбарын хэмжээнд тулгарч буй авлигын эрсдэл, түүнээс урьдчилан сэргийлэх арга замын талаар мэдээлэл солилцлоо.
Сургалтын үеэр оролцогчдын дунд авлигын эсрэг хууль тогтоомжийн мэдлэг сорих “АХА” тэмцээнийг зохион байгуулж, тэргүүлсэн албан хаагчдыг Авлигатай тэмцэх газраас эрхлэн гаргасан ном, гарын авлагаар урамшуулсан юм. Сургалтын дараах санал асуулгад оролцогчид 100 хувь сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлсэн бөгөөд сургагч багшийн арга зүй, мэдээллийн хүртээмжийг өндөр түвшинд үнэлжээ. Мөн зарим оролцогчдын зүгээс сургалтын цагийг сунгах, илүү интерактив хэлбэрээр тогтмол зохион байгуулах санал гаргасныг үйл ажиллагаандаа тусгахаар болов.
“Авлигын эсрэг соёлыг түгээе” аян энэ оны 5 дугаар сарын 29-ний өдрийг дуустал үргэлжлэх бөгөөд аяны төгсгөлд багийн тэмцээн зохион байгуулж, үр дүнг нэгтгэн дүгнэх юм.



