Т.Отгонболд: “Багануур” ХК нүүрсний тонн тутамд 5 мянга гаруй төгрөгийн алдагдалтайгаар нийлүүлэлт хийж байна

681549057_1542782571181434_1350096608067337436_n

Багануур ХК-ийн 2025 оны үйл ажиллагааны гүйцэтгэл, үйлдвэрлэлийн өртөг ба борлуулалтын үнийн зөрүү, санхүүгийн өнөөгийн хүндрэл болон цаашдын бодлогын шаардлагын талаар тус компанийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Т.Отгонболдтой ярилцлаа. 


-“Багануур” ХК-ийн 2025 оны үйл ажиллагааны ерөнхий гүйцэтгэлийн талаар танилцуулна уу?

-Багануур ХК нь төвийн бүсийн дулааны цахилгаан станцуудыг хүрэн нүүрсээр хангадаг стратегийн ач холбогдол бүхий уурхай бөгөөд 2025 онд үйлдвэрлэл, борлуулалтын хувьд тогтвортой өндөр гүйцэтгэлтэй ажилласан байна.

Тодруулбал, тайлант хугацаанд нийт 4.8 сая гаруй тонн нүүрс олборлож, борлуулалтын төлөвлөгөөг 100 гаруй хувиар давуулан биелүүлсэн. Мөн тус онд 1.9 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, улсын төсөвт ойролцоогоор 100 тэрбум төгрөг төвлөрүүлсэн нь улсын эдийн засагт оруулсан бодит хувь нэмэр оруулсан байна.

-Үйлдвэрлэлийн өртөг ба борлуулалтын үнийн зөрүү ямар түвшинд байна вэ?

-Одоогийн байдлаар нэг тонн нүүрс олборлох бодит өртөг дунджаар 56,800 төгрөгт хүрч байгаа бол эрчим хүчний станцуудад нийлүүлж буй борлуулалтын үнэ 51,300 төгрөг байна.

Энэ нь тонн тутамд 5,000 гаруй төгрөгийн алдагдалтайгаар нийлүүлэлт хийж байгаа нөхцөл үүсгэж байгаа бөгөөд үйлдвэрлэлийн хэмжээ өндөр байгаа хэдий ч нэгж бүтээгдэхүүн бүр дээр алдагдал үүсэж байгааг харуулж байна.

Ингэснээр компанийн нийт орлого өссөн мэт харагдах боловч бодит мөнгөн урсгал, өрийн дарамт нэмэгдэх суурь нөхцөл бүрдэж байгаа юм.

-Энэ өртөг болон үнийн зөрүү компанид ямар нөлөө үзүүлж байна вэ?

-Энэхүү зөрүү нь зөвхөн ашигт ажиллагааны асуудал бус, үйл ажиллагааны тогтвортой байдалд шууд нөлөөлж байна. 

  • Тонн тутамд алдагдал үүсэж байгаа нь нийт үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх тусам санхүүгийн дарамт нэмэгдэх нөхцөл бүрдүүлж байна
  • Техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл, хөрөнгө оруулалтын боломж хязгаарлагдаж байна
  • Өдөр тутмын засвар үйлчилгээ, сэлбэгийн зардал өсөж байна
  • Хүний нөөцийн цалин, нийгмийн баталгааны санхүүжилтэд дарамт үүсэж байна.

-Компанийн санхүүгийн ерөнхий байдал, өр төлбөрийн талаар?

-2025 оны эцсийн байдлаар “Багануур” ХК-ийн нийт урт болон богино хугацаат өр төлбөр ойролцоогоор 270 тэрбум төгрөгт хүрсэн байна.

Харин 1.9 тэрбум төгрөгийн цэвэр ашиг нь энэ хэмжээний өр төлбөрийг богино хугацаанд үйл ажиллагааны орлогоор барагдуулах боломжгүй түвшинд байна. 

-Санхүүгийн энэ нөхцөл байдал цаашид ямар эрсдэл дагуулж болох вэ?

-Энэ нөхцөл байдал нь зөвхөн компанийн асуудал бус, Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдал, төвийн бүсийн системийн найдвартай ажиллагаатай шууд холбоотой стратегийн асуудал юм.

Үнэ тариф бодит өртгөөс доогуур түвшинд удаан хугацаанд хадгалагдсанаар дараах эрсдэлүүд үүсч болзошгүй гэж үзэж байна:

  • Технологийн шинэчлэл болон хөрөнгө оруулалтын чадавх сулрах
  • Үндсэн хөрөнгийн элэгдэл хурдсах
  • Сэлбэг, засварын санхүүжилт хангалтгүй болох
  • Ажиллах хүчний тогтвор суурьшил буурах

-Цаашдын бодлогын түвшний ямар өөрчлөлт шаардлагатай гэж үзэж байна вэ?

“Багануур” ХК-ийн зүгээс салбарын тогтвортой байдлыг хангахын тулд дараах бодлогын шинэчлэл зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. Үүнд:

  • Үнэ тарифыг бодит өртөгтэй уялдуулах
  • Хөрөнгө оруулалт, шинэчлэлийн тогтвортой санхүүжилтийн эх үүсвэр бий болгох
  • Уул уурхайн үр ашгийг нэмэгдүүлэх технологийн шинэчлэл хийх
  • Эрчим хүчний салбарын санхүү, эдийн засгийн тэнцвэрийг сайжруулах

Эдгээр бодлогын шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлснээр салбарын санхүүгийн тогтвортой байдал хангагдаж, үйлдвэрлэлийн үр ашиг дээшлэхийн зэрэгцээ эрчим хүчний системийн найдвартай ажиллагаа урт хугацаанд тогтвортой хадгалагдах нөхцөл бүрдэх боломжтой гэж тус компанийн удирдлага үзэж байна.

About Author