З.Мэндсайхан: Татварын актад гомдол гаргасан тохиолдолд алданги, торгууль нэхэмжлэхгүй, маргаан эцэслэн шийдвэрлэсний дараа хураана

З.Мэндсайхан_сайд

Эх сурвалж: iKon.mn

16:59 2026/05/22

Чуулганы үдээс хойших хуралдаан Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээр үргэлжилж байна.

Тус хуулийн төслийг танилцуулах үеэр Сангийн сайд З.Мэндсайхан “Ойрх Дорнодод үүссэн геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалан дэлхийн газрын тосны үнийн тогтворгүй байдлаас үүдэн инфляцын түвшин нэмэгдэж, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ өсөх нөхцөл бүрдээд байгаа.

Энэ нь макро эдийн засгийн болон бизнесийн үйл ажиллагааны тогтвортой байдал, иргэдийн бодит орлого, худалдан авах чадварт сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Иймд гадаад орчноос үүдэлтэй эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулах, инфляцын гэнэтийн өсөлтөөс урьдчилан сэргийлэх, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, аж ахуй нэгжүүдийн тогтвортой үйл ажиллагааг дэмжих шаардлага тулгараад байгаа.

Энэ удаагийн татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хариуцлагатай татвар төлөгчдийг дэмждэг, урамшуулдаг татварын тогтолцоог бүрдүүлэхээр зорьсон бөгөөд иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг 2.2 орчим их наяд төгрөгөөр үе шаттай бууруулахаар тооцсон.

Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь татвар, гаалийн байгууллага татвар төлөгчийг татварын эрсдэлд орохоос өмнө анхааруулах, зөрчлөө засах боломжийг олгодог болох, хариуцлагатай татвар төлөгчийг дэмжих, татварын өр барагдуулах үйл ажиллагааг уян хатан болгоход чиглэсэн.

Тухайлбал, хариуцлагатай татвар төлөгчийг дэмжих, урамшуулах, татварын эрсдэлд орохоос урьдчилан сэргийлэх зорилгоор гааль, татварын алба татвар төлөгчийн хууль даган мөрдөлтийн түвшнийг тодорхойлон, мэдэгдэж, татварын тайлан, ногдлоо өөрөө засах, зөрчлөө арилган, эрсдэлээс сэргийлэх боломжийг бүрдүүлнэ.

Татварын өр барагдуулах ажиллагаанд татвар төлөгчийн санхүүгийн чадамж, бизнесийн үйл ажиллагаанд учирч болзошгүй хүндрэл, эрсдэлийг харгалзан дансыг бүхэлд нь битүүмжлэх бус, орлогын тодорхой хувийг суутгах, дансыг хэсэгчлэн битүүмжлэх замаар татварын өрийг төлүүлэх боломж бүхий зохистой, үе шаттай арга хэмжээг хэрэгжүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн.

Татвар төлөгчийг алдаа, зөрчлөө арилгах боломжийг бүрдүүлэх зорилгоор татварын тайланг залруулах хугацааг 2 жил болгон нэмэгдүүлэхээр төсөлд тусгасан.

Татвар төлөгчид их хэмжээний алданги тооцуулах эрсдэлээс хамгаалах зорилгоор алдангийн дээд хэмжээг 50 хувиар тогтоох нь зүйтэй. Татварын актад гомдол гаргасан тохиолдолд алданги, торгууль нэхэмжлэхгүй, маргаан эцэслэн шийдвэрлэсний дараа хураана” гэв.

10:51 2026/05/22

УИХ-ын хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. 

Өнөөдрийн хуралдааны эхэнд Гадаадын зээллэгийн үр ашгийг нэмэгдүүлэх хуулийн төсөл болон Цусны донорын тухай хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа. 

Үргэлжлүүлэн “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

видео:

https://www.facebook.com/plugins/video.php?height=314&href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2FiKonNews%2Fvideos%2F1671628093885537%2F&show_text=true&width=560&t=0

About Author