Т.Даваадалай: Эхнэр маань Хятад руу зугтаагүй, би 5 сая төгрөгөөр үс суулгах эмчилгээ хийлгэсэн
Хотын даргын нэгдүгээр орлогч асан Т.Даваадалай болон түүний эхнэртэй холбоотой мэдээлэл цахим орчинд цацагдсан. Тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан дараах мэдэгдлийг хийжээ.
“”Сошиалаар яллаж” мөрдөн шалгах ажиллагааны талаарх баталгаагүй мэдээллийг зориуд тараадаг үзэгдэл хэтэрч байна. Хэр хэмжээнд улс төржиж байгааг салбарыхан харж байгаа байх.
Эрүүгийн тухай хуульд мөрдөн шалгах ажиллагааны мэдээллийг задруулахыг хориглодог. Мөн шүүхийн шийдвэр гараагүй байхад хэнийг ч буруутай мэтээр олон нийтэд ойлгуулах ёсгүй.
Гэтэл өнөөдөр би өөрийнхөө мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг сошиалаас уншиж байна. Үнэн худал нь мэдэгдэхгүй, зохиомол мэдээллүүд тараагдаж байна.
Тухайлбал:
-Манай гэр бүлийн хүн Б.Анхтуяа БНХАУ-д 5 дахь жилдээ сурч, амьдарч байгаа. “Зугтсан” гэх мэдээлэл бол худал.
-Би 2025 оны 12-р сарын 28-нд Их дэлгүүрийн хойно байрлах эмнэлэгт үс суулгах үйлчилгээ авч, 5 сая төгрөг төлсөн. Өөр өндөр үнэтэй эмчилгээ хийлгээгүй. Үүнийг тухайн эмнэлэг, эмч нар батална. Үүнтэй холбоотой тараагдаж буй мэдээллүүд мөн худал.
Олон нийтийн сүлжээнд явж буй мэдээллүүд бодит бус. Би хуулийн байгууллагын шалгалтад хуулийн дагуу шалгуулж байгаа.
Харин миний үнэхээр ярьж, тэмцэж ирсэн зүйл бол Улаанбаатар хотын утаа, түгжрэлийн асуудал.
Метро, гангийн үйлдвэр, туннель бүхий хурдны зам зэрэг томоохон бүтээн байгуулалт бол миний хувь хүний мөрөөдөл, зорилго байсан, одоо ч хэвээрээ.
Хэдэн төгрөгөөр бусдыг гүтгэж суугаа троллууд ч гэсэн энэ хотын түгжрэлд хамт зогсож, энэ хотын агаарыг хамт амьсгалж байгаагаа бодоосой.Худал уул даваад гүйж байхад, үнэн хажууд гутлаа үдээд зогсож байдаг” гэжээ.