О.Алтангэрэл: Өршөөлийн хуульд хамрагдсан үндэслэлгүйгээр баяжсан авлигачдад энэ хууль хатуу үйлчилнэ

d4e65075b78b49ada9b84f35ffc84f2a (2)


УИХ-ын гишүүн О.Алтангэрэл “Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгө хураах хуулийн” төслийг жилийн өмнө УИХ-д өргөн мэдүүлсэн. Гэвч тус хуулийг өнөөдөрийг хүртэл хэлэлцээгүй байгаа юм. Бид энэ асуудлаар УИХ-ын гишүүн О.Алтангэрэлтэй ярилцлаа. 

-Таны өргөн мэдүүлсэн хуулийг чуулганы хуралдаанаар хэлэлцээгүй байна. Үүнийг юу гэж харж байна вэ?

-2025 оны намрын чуулганы хэлэлцэх асуудлын дарааллын 19-д энэхүү хууль байсан. Гэвч МАН-ын сандал суудлын хэрүүлээс болж хэлэлцэгдээгүй. 2026 оны хаврын чуулганы хэлэлцэх асуудлын дарааллын 9-д хууль бус хөрөнгө хураах хуулийн төсөл багтсан.

Өнөөдөр хаврын чуулган эхлээд хоёр сар гаруй хугацаа өнгөрлөө. Энэ хууль маань одоог хүртэл хэлэлцэгдэхгүй байна. Ийм учраас миний бие УИХ-ын даргад хандан хуулийн төсөл хэлэлцүүлэх тухай албан тоот өгсөн. Энэ хуулийг яаралтай хэлэлцүүлэх хүсэлтэй байна.

-Зарим гишүүд энэхүү хуулийг батлагдвал төрийн махны машин болчих вий гэдэг болгоомжлол байна гэдэг зүйлийг ярьж байсан. Үүн дээр та ямар байр суурьтай байна вэ?

Энэ хууль батлагдвал “төрийн махны машин” ажиллаж, хүн хэлмэгдүүлнэ гэж гишүүд болгоомжилж байгаа. Энэ хуульд хүнийг шоронд хорих, мөрдөн байцаах зүйл заалт байхгүй. Зөвхөн 2002 оноос хойшхи хууль ёсны орлогоо нотолж чадахгүй байгаа хөрөнгийг шүүхийн шийдвэрээр хураах зохицуулалттай. Өмнөх Өршөөлийн хуулиудад хамрагдсан, хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан ч олны нүдэн дээр үндэслэлгүйгээр баяжсан авлигачдад энэ хууль хатуу үйлчилнэ. Бүх үйл явц шүүхийн шатанд явагдах тул хэлмэгдүүлэлт гарахгүй.

Хуулийн үйлчлэлд эхний ээлжид төрийн өндөр албан тушаал хашиж байсан 3800-5000 орчим хүн хамрагдах урьдчилсан тооцоо гарсан. Үүнд УИХ-ын гишүүн, сайд, төрийн өмчит компанийн захирал, бүх шатны Засаг дарга, шүүх, прокурорын байгууллагын удирдлагууд багтана. Мөн хуулийн төсөлд “Төлөөний хүн” гэх шинэ ойлголтыг оруулж ирсэн. Улс төрчдийн эрх мэдлийг ашиглан тендер авдаг, тэднийг санхүүжүүлдэг, хөрөнгө орлогоо тайлбарлаж чадахгүй байгаа хамаарал бүхий этгээдүүдийн хөрөнгийг мөн адил хураахаар тусгасан.

Авлигачдын хураагдсан хөрөнгөөр 1-2 жилийн дотор сургууль, цэцэрлэг барьж, авлигын индексийг бууруулах нь энэ хуулийн гол зорилго” гэлээ.

https://www.facebook.com/share/v/1DV72Ps4td

About Author