ТББХ: Долоон асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, Үндсэн хуулийн цэцийн 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзлээ
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2026.05.26/ хуралдаан 14.42 цагт УИХ-ын гишүүн О.Алтангэрэл, Ж.Батжаргал, С.Бямбацогт, Б.Жавхлан, Б.Пүрэвдорж, Б.Энхбаяр, Ж.Бат-Эрдэнэ, Б.Баярбаатар, А.Ганбаатар, Л.Мөнхбаатар, Ч.Ундрам, Д.Энхтуяа, Б.Батбаатар, Э.Болормаа, Ж.Баярмаа, Л.Гантөмөр, Б.Хэрлэн, Н.Номтойбаяр нар ирж, 60.0 хувийн ирцтэйгээр эхлэв.
Хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх тухай байлаа.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 5.7-д “Энэ хуулийн 5.1-д заасан жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Зөвлөлийн саналыг харгалзан Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол чуулганаар хэлэлцүүлнэ.” гэж заасныг хуралдаан даргалагч танилцуулаад Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төсөл бүрээр санал хураалт явууллаа.
Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Л.Соронзонболд нарын УИХ-ын 13 гишүүний өргөн мэдүүлсэн Газрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Э.Болормаа нарын 19 гишүүний өргөн мэдүүлсэн Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ.
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзлээ
Үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцлээ. Уг дүгнэлтийн талаар УИХ-ын гишүүн Ц.Сандпаг-Очир танилцуулсан юм.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцжээ.
Тус хуралдаанаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил байна.” гэж заасны “… 4 жил …” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Ерөнхийлөгчөөр … зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.” гэснийг зөрчсөн гэж шийдвэрлэж, Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 04 дүгээр дүгнэлтийг гаргав. Уг дүгнэлтээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “… 4 жил …” гэж заасныг мөн өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн байна.
Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Гантөмөр, О.Алтангэрэл нар байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил байна.” Гэж заасны “… 4жил …” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Ерөнхийлөгчөөр … зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.” гэснийг зөрчсөн байна гэснийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэнгүй
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин танилцууллаа.
Монгол Улсын Их Хурал нь 126 гишүүнтэй, төрийн эрх барих дээд байгууллага боловч Улсын Их Хурлын чуулганы хуралдааны танхимд Улсын Их Хурлын бүрэлдэхүүнээс гадна Ерөнхий сайд тусгайлсан суудал эзэгнэж хуралдаан даргалагчийн түвшинд танхимын хойморт байрлаж буй нь Үндсэн хуулийн суурь үзэл баримтлал, Улсын Их Хурлын үйл ажиллагааны үндсэн зарчимд үл нийцэж байна хэмээн үзэж хуулийн төслийг боловсруулжээ.
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд Улсын Их Хурлын чуулганы хуралдаан, хуралдааны танхимын зохион байгуулалт нь Улсын Их Хурлын бүрэлдэхүүн хуралдаж, ард түмнийг төлөөлөх, хууль тогтоох, хуулийн биелэлтэд хяналт тавих эрхээ хэрэгжүүлэх, УИХ-ын гишүүд мэтгэлцэх, байр сууриа илэрхийлэхэд зориулагдсан байх зохицуулалтыг тусгасан байна.
Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдийг олонхоос бүрдүүлж, Засгийн газраа бүрдүүлсэн олонхын бодлого үйл ажиллагаа нь Засгийн газрын үйл ажиллагаагаар илэрдэг бөгөөд цөөнх нь олонхын бодлого, үйл ажиллагааны хүрээнд асуулт асууж үг хэлэх, санал дүгнэлт гаргах байдлаар харилцан тэнцвэртэй мэтгэлцэх боломжийг танхимын зохион байгуулалтаар бүрдүүлэхийг хуулиар зохицуулна гэж үзжээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Батбаатар, Ж.Батжаргал нар асууж, УИХ-ын гишүүн Л.Гантөмөр байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэнгүй.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хоёр хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэнгүй
Мөн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Хуулийн төслийг М.Бадамсүрэн нарын 33 гишүүн 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн юм.
Төслийн талаар УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн танилцууллаа.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар санал хураалт явуулах ерөнхий журмыг нарийвчлан зохицуулаагүйн улмаас үр дүн муутай томьёоллоор санал хураалтыг явуулж буй нь Монгол Улсын Их Хуралд Үндсэн хуулиар олгосон бүрэн эрх хийгээд бусад холбогдох хуулийн зарчимтай нийцэхгүй байна гэж төсөл санаачлагчид үзжээ.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны санал хураах журмыг холбогдох хуулиар нарийвчлан тодорхойлж өгөөгүйгээс үүдэн зарчимд харшилж, ойлгомжгүй, тодорхойгүй байдлыг чуулганд оролцож буй гишүүдийн хувьд төдийгүй ард иргэдэд үүсгээд байгаа төслийн танилцуулгад дурдсан байна.
Хуралдаанд оролцоогүй эсхүл бусад шалтгаанаар хуралдааныг орхиж гарсан гишүүд саналаа өгөөгүйн улмаас эсрэг саналд тооцох байдлаар санал хураах нь олонхын саналаар шийдвэр гаргах зарчимтай нийцэхгүй байна хэмээн үзэж буй аж.
Иймээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн санал хураах ерөнхий журмыг нарийвчлан зохицуулж, тус хуулийн 10 дугаар зүйлийн 10,8 дах хэсэг “Гишүүн санал хураалтад оролцохдоо “зөвшөөрсөн”, эсхүл “татгалзсан” саналын аль нэгийг өгнө” гэсний дараа “Чуулганы нэгдсэн хуралдаанаар асуудлыг шийдвэрлэхдээ Байнгын хорооны хуралдаанд оролцсон нийт гишүүдийн олонх дэмжсэн, дэмжээгүйгээс үл хамаарч эрх бүхий этгээдийн анх гаргасан саналыг нь “дэмжих эсэх”-ээр санал хураана.” гэж зохицуулахаар тусгажээ.
Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуульд Ерөнхий сайд өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулсаны дараа Засгийн газрын гишүүнийг томилж, чөлөөлж, огцруулахаар заасан тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд Улсын Их Хуралд танилцуулах хугацааг нарийвчлан зааж өгөх нь зүйтэй гэж үзсэн байна.
Төслийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Батбаатар, Л.Гантөмөр, Х.Тэмүүжин нар асуулт асууж, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал үг хэлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэнгүй.
Дараа нь УИХ-ын гишүүн Д.Энхтүвшиний 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.
Төсөл санаачлагч УИХ-ын Д.Энхтүвшин танилцуулга хийв. Тэрбээр, чуулганы хуралдааны чухал ач холбогдолтой хэсэг буюу хууль, тогтоолын төслийн хэлэлцэх эсэх болон эцсийн хэлэлцүүлгийн санал хураалтын дүн, гишүүн бүрийн саналыг тухайн өдрөө товч мэдээлэл хэлбэрээр Улсын Их Хурлын албан ёсны цахим хуудаст байршуулан санал хураалтын ил тод, нээлттэй байдлыг хангах шаардлагатай гэж үзэж буйгаа тодотгосон.
Тиймээс хуулийн төсөлд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 134 дүгээр зүйлд заасан чуулганы хуралдааныг нэвтрүүлэх, мэдээлэх журмыг боловсронгуй болгож, чуулганы нэгдсэн хуралдаан болон байнгын хорооны хуралдаанаар хууль, тогтоолын төслийн хэлэлцэх эсэх болон эцсийн хэлэлцүүлгийг явуулсан хуралдааны санал хураалтын дүн, санал өгсөн гишүүн бүрийн дэмжсэн, дэмжээгүй саналыг Улсын Их Хурлын албан ёсны цахим хуудсанд товч мэдээлэх хэлбэрээр тухайн өдрөө байршуулахаар тусгажээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх санал олонхын дэмжлэг авсангүй
Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь Х.Баасанжаргал нарын УИХ-ын дөрвөн гишүүний 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх тухай байлаа.
Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал танилцуулав.
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Улсын Их Хурлын гишүүдийн хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг Улсын Их Хурлын цахим хуудаст нээлттэй байршуулж, мэдээлэх, чуулганы хуралдааны өмнө болон чуулганы хуралдааны явцад тодорхой хэлэлцэж буй асуудлын талаар ашиг сонирхлын зөрчилтэй гэдгээ мэдэгдсэн бол тухай бүр уг бүртгэлд оруулж, нийтэд нээлттэй мэдээлж байхаар тусгажээ.
Тухайн асуудлаар ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзвэл хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх чиг үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажиллахгүй байх асуудлыг гишүүний үйл ажиллагаанд хориглохоор тусгаж, тухайн асуудлаар зөвхөн гэр бүлийн гишүүдээр хязгаарлахгүйгээр хамаарал бүхий этгээд нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзвэл хэлэлцүүлэг, санал хураалтад оролцохоос татгалзах асуудлыг тусгасан байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Э.Болормаа асуулт асуусан. Тэрбээр, Аливаа гишүүн ашиг сонирхлын зөрчилтэй асуудлаар санал хураалт явагдахад түдгэлзсэнд тооцуулах уу, ирцээс гарах уу гэдгийг тодруулсан. УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, санал хураалтаас түдгэлзэх гэдгийг улс төрийн идэвхтэй шийдвэр гаргалт гэж үздэгийг тодотгоод, ашиг сонирхлын зөрчилтэй гэдгээ мэдэгдэх нь үүрэг учир санал хураалтаас түдгэлзсэнд тооцуулж болохгүй гэлээ. Харин ирцэнд байгаа ч гэсэн ашиг сонирхлын зөрчилтэй гэдгээ хуралдаан даргалагчид мэдэгдээд, санал хураалтад оролцоогүй гэдэг нь дэлгэцэнд харагдаж байхаар тусгасан гэсэн хариулт өгсөн юм. Эцэст нь хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэнгүй.
Мөн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
Хуулийн төслийн талаар төсөл санаачлагч УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар танилцуулав.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 74 дүгээр зүйлд 74.7, 74.8 дахь хэсгийг шинээр нэмэхээр төсөлд тусгасан байна. Ингэснээр төсвийн гүйцэтгэлийн хоёр дахь хэлэлцүүлгийн үед нам, эвслийн бүлэг, Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдааны үед гишүүний асуулт асуух болон хариулт авах хугацааг тусгайлан зохицуулжээ. Тухайлбал, гишүүн үндсэн асуултаа 10 минутаас илүүгүй хугацаанд асуух, нэмэлт асуултыг 3 минутаас илүүгүй хугацаанд асуух, хариулт, тайлбар хангалтгүй гэж үзвэл 2 минутаас илүүгүй хугацаагаар дахин тодруулга хийх, гишүүний асуултад 6 минутаас илүүгүй хугацаанд хариулах, нэмэлт тайлбарыг Байнгын хороо, бүлгийн хуралдаанд 2 хүртэл удаа тус бүр 4 минутаас илүүгүй байх, чуулганы нэгдсэн хуралдааны үеэр 2 минутаас илүүгүй хугацаатай байхаар тусгажээ.
Хуулийн төсөл батлагдсанаар Улсын Их Хурал төсвийн гүйцэтгэлд илүү үр нөлөөтэй хяналт тавих, төсвийн ерөнхийлөн захирагч нараас тодорхой, хариуцлагатай тайлбар авах, аудитын дүгнэлтийн хэрэгжилтэд бодитой анхаарал хандуулах боломж нэмэгдэнэ хэмээн үзжээ.
Хуулийн төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй бөгөөд УИХ-ын гишүүн Э.Болормаа, Д.Цогтбаатар нар байр сууриа илэрхийлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.