Өмнөговь аймаг АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн судалгааны баг Өмнөговь аймагт хэрэгжүүлсэн “Хүн амын ундны ус дахь хүнцлийн агууламж, хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөө” сэдэвт судалгааны тайланг танилцуулж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо.
Ундны усны чанар, хүн амын эрүүл мэндэд учирч болзошгүй эрсдэл, эрүүл ахуй, хор судлал, судалгаа, био-мониторингийн үр дүнг танилцуулсан бөгөөд дүгнэлтэд үндэслэн ажлыг зөвхөн судалгааны тайлангаар хязгаарлахгүй, үе шаттай бодит ажил болгон хэрэгжүүлэх нь чухал болохыг онцлон тэмдэглэлээ. Мөн иргэдийг эрүүл, аюулгүй ундны ус, хүнсний бүтээгдэхүүнээр хангах чиглэлд мэргэжлийн хүний нөөцийг нэмэгдүүлэх, судалгаа шинжилгээнд суурилсан бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатайг талууд онцолсон юм.
Энэ хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх зорилгоор Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат, АУ-ны доктор, профессор, АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн захирал Д.Даваалхам, Аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Жавзандулам нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.