“Алдарт эхийн одон”-гийн тухай бидний мэдвэл зохих БҮХ зүйл
Алдарт эхийн одон нь Монгол Улсын 1957 онд бий болсон одон юм. Уг одонг “Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай” хуульд 6 хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг I зэргийн одонгоор, 4 хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг II зэргийн одонгоор шагнана гэж заасан.
Энэхүү “Алдарт эхийн одон”-г эх орны хүн амын өсөлтийг дэмжих бодлогын үндсэн зорилготой анх БНМАУ-ын АИХТ-ийн зарлигаар 1957 онд бий болгож 1958 онд Улаанбаатар болон хөдөө орон нутгийн олон хүүхэдтэй эхчүүдэд олгож эхэлсэн түүхтэй.
2022 онд Алдарт эхийн одонгоор улсын хэмжээнд 12,559 эх, үүнээс I зэргийн одонгоор 912, II зэргийн одонгоор 11,647 эхийг шагнах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарч байсан юм. Харин 2024 онд нийт 11 294 ээжүүд Алдарт эхийн 1, 2-р одон хүртэж байжээ.
Түүх
Олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн эхчүүдийг одонгоор шагнах, улсын тэтгэврийг нэмэгдүүлэх тухай хуулийг одоогоос 62 жилийн өмнө буюу 1957 оны 4-р сарын 3-ны өдөр, мөн БНМАУ-ын цол, одон, медалийн тухай дүрмийг 1990 оны 6-р сарын 30-ны өдрийн 148 дугаар зарлигаар тус тус батлан хэрэгжүүлж ирсэн.
Улсын Их Хурлаас 2010 оны 6-р сарын 25-ны өдөр Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийг батлан, 2011 оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байна. Энэхүү хуулиар өмнөх хууль тогтоомжид заасан хүүхдийн тоо, шалгуурыг багасгаж 6 ба түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эхэд Эхийн алдар нэгдүгээр зэргийн одон, 4 ба түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эхэд Эхийн алдар хоёрдугаар зэргийн одонг олгох болсон.
Одонг дагалдах тусламж тэтгэмж
2018 оны нийгмийн халамжийн сангийн тайлангаар нийт 218.6 мянган одонтой эхчүүдэд 30.0 тэрбум төгрөгийн мөнгөн тусламж (жилд 1 удаа 100-200 мянган төгрөг)-ийг олгосон. Энэ нь нийгмийн халамжийн нийт зардлын 7.2 хувийг эзэлж байна. Энэхүү одонг шинээр авах эхчүүдийн тоо жилд дунджаар 4500 орчим хүнээр нэмэгдэж байгаа бөгөөд Ерөнхийлөгчийн зарлигаар одон олгож, одонг дагалдах мөнгөн шагнал (20-40 мянган төгрөг)-ыг мөн халамжийн сангаас өгч байв.
2010 оны УИХ-ын 54 дүгээр тогтоолоор “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одонтой эхэд жилд нэг удаа 200 мянга, хоёрдугаар зэргийн одонтой эхэд 100 мянган төгрөг олгохоор шийдвэрлэсэн нь 2024 оныг дуустал хэрэгжсэн юм. Одонтой эхийн мөнгөн тусламжид 252.7 мянган эх хамрагдаж, жилдээ 30 гаруй тэрбум төгрөг зарцуулжээ.
Монгол Улсын Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас олон хүүхэд төрүүлж, өсгөснө болон өсгөж байгаа эхчүүдийн нийгмийн хамгааллыг сайжруулах зорилгоор “Эхийн алдар” одонтой эхийн мөнгөн тусламжийн хэмжээг Монгол Улсын төсвийн нөхцөл, боломжид уялдуулан 2025 оноос хоёр дахин нэмэгдүүлэх шийдвэр гарчээ. Улмаар Эхийн алдар 1-р зэргийн одонтой эхэд жилд нэг удаа 200 мянган төгрөг олгож байсныг 400 мянга, 2-р зэргийн одонтой эхэд 100 мянган төгрөг олгож байсныг 200 мянган төгрөг болгож тус тус нэмэгдүүлэх болжээ.