“Парламент ба хэвлэл мэдээлэл” сэдэвт сургалт өндөрлөж, сэтгүүлчид гэрчилгээгээ гардлаа

ee69c02f564748a58b90a6d74e5e0461

Улсын Их Хурлын Тамгын газраас Парламентын сэтгүүлчдийн холбоо, парламентын сэтгүүлчдийн “Алтангадас” клубтэй хамтран “Парламент ба хэвлэл мэдээлэл” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Өчигдөр /2026.05.26/ эхэлсэн сургалтын эхний өдөр сэтгүүлчид парламентын шинэчлэлийн бодлого, Үндсэн хууль ба төрийн байгуулал, хууль тогтоох онол, арга зүйн асуудлууд зэрэг сэдвийн хүрээнд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт тэргүүтэй 10 илтгэгчийн илтгэл, мэдээлэлтэй танилцсан бол өнөөдөр (2026.05.27) Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Д.Лүндээжанцан, Л.Өлзийсайхан, хуульч Г.Эрдэнэбат нарын эрдэмтэн, судлаач нар хууль тогтоох үйл ажиллагаа, иргэн төвтэй чиг хандлага, парламентын цахим шилжилт, хянан шалгах чиг үүрэг болон парламентын сэтгүүл зүйн үүрэг, эрх зүйн хязгаарлалт зэрэг өргөн хүрээтэй асуудлуудаар илтгэл тавилаа.

Монгол Улсын Гавьяат хуульч, доктор, процессор Д.Лүндээжанцан эрх зүйн онол, хөгжил, чиг хандлагын талаарх илтгэлдээ энэ талаарх онолын сэтгэлгээний түүхийг тоймлон өгүүлж, жам ёсны эрх зүй, позитивизм үзэл санаа, эрх зүйн гол онолчид болон Рональд Дворкин, Роберт Алекси, Скотт Шапиро нарын онол, мөн Монголын эрх зүйн сэтгэлгээний хэв маягийн талаар тоймлон өгүүлсэн юм. Технологийн хөгжлөөр хиймэл оюун ухаан бий болсон нь эрх зүйн онолын шинэ сорилт болж буйг тэрбээр онцолж, ийнхүү их өгөгдөл, цахим платформын “эрх мэдэл” өсөж байгаатай холбоотойгоор Үндсэн хуульт ёсны шинэ чиглэл “digital constitutionalism” гэгдэх Үндсэн хуулийн суурь үнэт зүйлсийг цахим орчинд хамгаалах асуудал ноцтой тавигдаж байгаа тухай сонирхолтой сэдвийг хөндөн ярилаа.

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан энэ өдрийн үндсэн итгэлүүдийг танилцуулсан гэж болно. Тэрбээр үдээс өмнө парламентын хуралдааны дэгийн тухай үндсэн ойлголт, хөгжлийн загварууд, дэг тогтоох зарчим болон арга зүйн тухай илтгэж, энэ нь парламентын бие даасан байдал, олонх ба цөөнхийн тэнцвэр, хууль тогтоох ажиллагааны хүлээн зөвшөөрөгдөх шинжийг хангах үндсэн баталгаа болдгийг тайлбарласан юм. Парламентын эрх зүйд дэгийг хууль тогтоогчдын Үндсэн хууль гэж үздэгийг тэрбээр илтгэлдээ онцолж, парламент өөрөө өөрийнхөө хуулийг баталж, хэрэгжүүлдэг учир хяналт нь Үндсэн хууль болдгийг онцолсон юм. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэг нь Вестминстрийн, зөвшилцлийн болон Конгрессийн загваруудын аль алинаас авсан холимог (hybrid) шинжтэйг Ерөнхий нарийн бичгийн дарга илтгэлдээ дурдаж, хэлэлцүүлгийн тодорхой дэг, эрх тэгш оролцоог хангах, нээлттэй, ил тод байх, хууль дээдлэх, асуудлыг тал бүрээс иж бүрнээр, чөлөөтэй хэлэлцэх, мөн цөөнхийг хүндэтгэж, олонхоор шийдвэрлэх зарчмуудтайг дэлгэрэнгүй танилцуулав.

Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан үдээс хойно парламент болон хэвлэл мэдээллийн харилцааны талаарх үндсэн илтгэлийг хэлэлцүүлсэн юм. Үүний хүрээнд тэрбээр хэвлэлийн эрх чөлөө болон үндсэн эрхийн хязгаарлалт гэсэн харилцан эсрэгцсэн агуулгаар сонирхолтой яриа өрнүүлэв. Хэвлэлийн эрх чөлөө бол ардчиллын “амьсгалах агаар”, иргэдийн мэдэх эрхийг хангах, төрийн үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдал, олон нийтийн хяналт бодитой хэрэгжих нөхцөл баталгаа болдог “эрх чөлөөний эрх чөлөө” боловч туйлын эрх биш гэдгийг тэрбээр онцолсон юм. Иймд хязгаарлах боломжтой бөгөөд уг хязгаарлалт нь үндэслэлтэй, тохирсон байх зарчимд нийцсэн байх учиртайг нэгд нэгэнгүй задлан ярилаа.

Хүний эрхийн олон улсын хэм хэмжээ болон Монгол Улсын Үндсэн хуулиар туйлын бус үндсэн эрхийг хуулиар тогтоогдсон нөхцөл, ардчилсан нийгэмд тавигддаг зайлшгүй шаардлага, “тохирсон байх” шалгуурт үндэслэн хязгаарлана гэдгийг тэрбээр тодорхойлж, үндэсний аюулгүй байдал, нийтийн хэв журам, эрүүл мэнд, ёс суртахууныг хамгаалах, бусдын нэр төр, эрхийг хүндэтгэх гэсэн хязгаарлалтын зорилгуудыг нэрлэсэн юм. Мөн үндсэн эрхийг хязгаарлах хэлбэрүүд, тохирсон байх зарчмын шалгууруудыг нэг бүрчлэн тайлбарлаж, олон улсын болон Монгол Улсын жишээ баримтуудаар баяжуулан ярив.

Парламентын сэтгүүлчдийн сургалтад Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Г.Эрдэнэбат хууль тогтоох үйл ажиллагаанд дизайн сэтгэлгээ буюу хүн төвтэй хандлагаар хандах тухай илтгэл тавьсан бол Тэргүүн дэд дарга Ж.Бямбадулам парламентын цахим шилжилт, сэтгүүлчдийн мэдээлэл эрж хайх, олж авах арга замын талаар мэдээлэл өглөө. Мөн Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, Эдийн засгийн ухааны доктор, профессор Ж.Дэлгэрсайхан улсын төсвийн хяналт, үе шат, арга хэрэгслийн тухай, Улсын Их Хурлын Тамгын газрын Хяналт шалгалтын газрын зөвлөх Ж.Монголжингоо парламентын хяналт шалгалтын чиг үүрэг, түүний эрх зүйн үндэс болон арга хэрэгслийн талаар танилцуулсан юм.

Хоёр хоногийн сургалтын хөтөлбөр, агуулга ихээхэн баялаг, үр өгөөжтэй боллоо гэдгийг энэхүү ээлжит сургалтыг уриалан идэвхжүүлж, хамтран зохион байгуулсан парламентын сэтгүүлчдийн “Алтангадас” клубийн Удирдах зөвлөлийн гишүүн, “Ийгл” телевизийн тоймч Г.Улсболд дүгнэлт хэлэлцүүлгийн үеэр илэрхийллээ. Сургалтын давтамжийг нэмэгдүүлж, парламентын сэтгүүлчдийн ур чадварыг дээшлүүлж байх нь Улсын Их Хурлын үйл ажиллагаанд чухал нөлөөтэйг тэрбээр дурдав. Тус клубийн тэргүүн, www.unuu.mn сайтын сэтгүүлч Х.Мөнхтуул парламентын сэтгүүлчдийн клубийнхээ удирдлага, зохион байгуулалтын талаар танилцуулж, сургалтын үр дүнтэй зохион байгуулсанд талархал илэрхийллээ. Мөн www.tsakhiur.mn сайтын сэтгүүлч Б.Уянга, www.aguuch.mn сайтын эрхлэгч Б.Отгонбаяр нар МУИС-ийн нэр хүндтэй доктор, профессоруудын ховор лекц, илтгэлүүд, Улсын Их Хурал, Тамгын газрын үйл ажиллагааны бүтэц, зохион байгуулалт, хуралдааны дэг горимын талаарх нарийвчилсан мэдээллийг сонсож, мэдлэгээ тэлсэндээ баяртай байгаагаа хэлээд, цаашид идэвхтэй хамтран ажиллаж, парламентын ил тод, нээлттэй байх зарчим, иргэдийн мэдэх эрхийг хангахад хувь нэмэр оруулахаа илэрхийллээ.

“Парламент ба хэвлэл мэдээлэл” сургалтад телевиз, радио, сонин, сайтын нийт 50 гаруй сэтгүүлч хамрагдлаа. Сургалтад хамрагдсан сэтгүүлчдэд Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Дэд дарга Г.Эрдэнэбат, Парламентын сэтгүүлчдийн холбооны тэргүүн, МҮОНРТ-ийн тоймч Ж.Алтангэрэл, “Алтангадас” клубийн удирдлагууд гэрчилгээ гардууллаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

About Author