Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх “legacy” юу байх вэ
-Төрд итгэх ард түмний итгэл нь парламентад итгэхээс эхэлдэг-
УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан ес дэх парламент өнгөрсөн хугацаанд хоёр УИХ-ын дарга огцруулж, гурав дахийг нь томилоод сар гаруйн хугацаа өнгөрч байна.
Ороо бусгаа, хатуухан хэлэхэд олон нийтийн итгэлийг алдаж яваа парламентыг үлдсэн хоёр жилийн хугацаанд ард иргэдийн итгэлийг хүлээсэн, ажил хэрэгч, эрхэм дээд нэр хүндтэй авч явах үүрэг С.Бямбацогтод ногдов. Түүнийг УИХ-ын даргын хувьд шинэ гэж хэлж болох ч нэг тойргоос, тойргоо солихгүйгээр таван удаа сонгогдсон, энэ хугацаанд сөрөг хүчний бүлгийн даргаар нэр хүндтэй ажиллаж, Ёс зүйн байнгын хороог удирдаж байсан, тэр тусмаа Монгол төрийн сайдаар дөрвөн удаа томилогдон ажилласан гэх зэрэг туршлагыг нь чамлах аргагүй.

Түүнийг томилогдохоос өмнөх зарим тоон үзүүлэлтийг дурдахад 2024 оны сонгуулиас хойш хоёр жил өнгөрч байхад УИХ-ын баталсан хуулийн тоог 2020-2024 оны парламентын эхний хоёр жилтэй харьцуулбал 9 хувьд ч хүрэхгүй байна. Энэ хугацаанд Байнгын хорооны хуралдаан 57 удаа хойшилсон, 15 дэд хороо байгуулснаас 10 нь бүтэн жилийн дотор огт хуралдаагүй. УИХ-ын гишүүдийн ёс зүйтэй холбоотой гомдол 2025 оны намрын чуулганд 7 ирж байсан бол энэ оны эхний улирлын байдлаар 52 гомдол ирсэн байна.
Энэ мэтчлэн судалгаанаас үзэхэд ерөнхий индексээр одоогийн парламент 2.89 гэсэн үзүүлэлт буюу тун тааруу үнэлгээ авчээ. Иймд олон нийтийн зүгээс “хуулиас илүү томилгоо хэлэлцсэн парламент боллоо”, “ийм парламентаар яах юм бэ, дахин сонгууль хийе, тараая” гэсэн шүүмжлэл бухимдлууд гарах нь зүйн хэрэг бөгөөд УИХ-ын гишүүд иргэдийн өмнө хүлээсэн үүргээ хангалттай биелүүлээгүй, парламентын үйл ажиллагааны өнөөгийн байдал, үр дүн иргэдийн хүлээлтэд хүрэхгүй байгаагийн илрэл юм.
Парламентын нэр хүнд бол Монгол төрийн нэр хүнд мөн

“Алдагдсан итгэл”-ийг эргүүлэн авчрах хүнд үүргийг хүлээсэн УИХ-ын дарга С.Бямбацогт өнгөрсөн нэг сар гаруйн хугацаанд хамгийн түрүүнд ямар бодлого, зорилт тавив?
Юуны өмнө Улсын Их Хурлын нэр хүнд бол Монгол төрийн нэр хүнд мөн. Монгол төрийн дархлаа нь парламентын дархлаа билээ. Төрд итгэх итгэл буурна гэдэг нь шударга бусын мэдрэмж эцэстээ тулж, цөхрөнгөө барвал эмх замбараагүй байдалд чиглүүлдэг, улмаар үндэсний аюулгүй байдалд халтай байдаг. Тиймээс УИХ-ын дарга нийт гишүүддээ үүнийг онцгой анхааруулж, өөрчлөлтийг өөрсдөөсөө эхлэх, Үндсэн хуулиар хүлээлгэсэн “УИХ-ын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын эрх ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэдэг ариун үүргээ биелүүлэхийг хатуухан шаардаж эхэлсэн.
Алдааг засах, алдагдсан итгэлийг эргүүлэн авчрахын тулд хийх ажил олон, хугацаа богино байна. Тиймээс эмх цэгцтэй, хурдтай ажиллаж “Сайн парламентыг цогцлоох эрх зүйн тулгын гурван чулуу” болсон Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулиудыг сайжруулахаар УИХ-аар хэлэлцүүлж байна.
Энэ дашрамд дурдахад түүний үгнээс “Сайн парламент” гэдэг зорилт анхаарал татах болсон. “Юугаараа сайн байх” тухай хэлээд байгаа юм бол?
2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын томилгоонд оролцдог эрх мэдэл болон төсвийн зарлагын болон алдагдлын хэмжээг дур зоргоороо нэмдэг байдлыг хязгаарлаж, харин хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, хянан шалгах эрх мэдлийг нэмэгдүүлсэн билээ. Тиймээс ч УИХ бол эрүүл мэтгэлцээний индэр, эрх зүйн зөв шийдлийн талбар байх нөхцлийг бүрдүүлсэн гэж хэлж болно.
Энэ өөрчлөлт нь дараах таван “сайн” чанарыг авчирч буй тул үнэлэхгүй, үр дүнг нь ашиглахгүй байх аргагүй юм. Үүнд:
1. Хариуцлагатай, ажил хэрэгч сайн парламент.
2. Иргэдэд ээлтэй, ил тод нээлттэй сайн парламент.
3. Мэтгэлцдэг сайн парламент.
4. Хийдэлгүй хууль баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьдаг сайн парламент
5. Иргэдээ сонсдог, иргэдээ оролцуулдаг, иргэддээ ил тод мэдээлдэг сайн парламент байх гэсэн таван бодлогыг дэвшүүлээд байгаа юм.
Ингээд түүний “Сайн парламент”-ын таван бодлого чухам юу болохыг задалж сонирхсоноо уншигчдадаа хүргэе.
“ХАРИУЦЛАГАТАЙ, АЖИЛ ХЭРЭГЧ САЙН ПАРЛАМЕНТ”
Эхний “сайн” буюу Хариуцлагатай, ажил хэрэгч сайн парламент гэж юуг хэлэв? Юуны өмнө чуулганд гишүүдийн ирц, саналаа биечлэн өгөх, бүтээмжийг нэмэгдүүлэх хөшүүрэг бий болгоно. УИХ-ын гишүүн цахим хуралдаанаас бусад тохиолдолд саналаа биечлэн өгнө. Ирцэндээ орчихоод чуулганыг, байнгын хорооны хуралдаанаас гараад явчихдаг, ингэснээр хэлэлцэж буй асуудлыг унагаадаг, гацаадаг байдлыг арилгана. Энэ бол сонгогчдыг үл хүндэтгэж буй хэлбэр гэдгийг олон жил ярилаа, одоо хариуцлага тооцно.
Ээлжит чуулганы хугацаанд гишүүний ирц, саналаа биечлэн өгсөн байдал, чуулганы хуралдаанд асуулт асуусан, үг хэлсэн тоо, дотоод гадаад албан томилолт, хууль тогтоомжийн төсөл санаачилсан, хамтран санаачилсан, ажлын хэсэг ахалсан, бүрэлдэхүүнд нь ажилласан, хянан шалгах үйл ажиллагаанд оролцсон байдал болон хууль тогтоомжийн төслийн талаар гаргасан зарчмын зөрүүтэй санал, энэ хуульд заасан хариуцлага хүлээсэн эсэх талаарх мэдээллийг “Бодит цагийн горим”-оор олон нийтэд ил тод, тогтмол мэдээлнэ.
Өөрөөр хэлбэл, иргэн таны “элч” болгож итгээд сонгосон гишүүн тань таныг бүрэн төлөөлж чуулганы үйл ажиллагаанд яаж оролцсон, эсвэл оролцоогүйг ард иргэдэд нээлттэй мэдээлдэг болно. Жишээ нь УИХ-ын гишүүн яагаад санаачилсан хуулийнхаа эсрэг санал өгчихдөг юм бэ? Энэ бол хайнга хандсаных, үл тоомсорлосных.
Түүнчлэн нэг гишүүн олон Ажлын хэсэгт орохоор нэрээ өгчихөөд тэдгээр Ажлын хэсгийн хуралдаа суудаггүй. Баахан хуулийн төсөлд санаачлагчаар гарын үсгээ зурчихаад, ажлаа хийдэггүй. Өөрөөр хэлбэл олон хууль санаачилсан, олон Ажлын хэсэгт ажилласан, ажил хэрэгч гишүүн болох хүсэлтэй ч энэ ажлаа хийдэггүй тооны хойноос хөөцөлдөгчид олширлоо. Энэ бүхнийг сонгогчдод нь тайлагнана.
Албан тушаалтан чуулганы хуралдаанд хүрэлцэн ирээгүй бол парламентыг үл хүндэтгэсэн үйлдэлд тооцож хариуцлага хүлээлгэнэ
Хариуцлага талаасаа ямар хариуцлага хүлээлгэх вэ гэхээр УИХ-ын аль нэг дэд даргаар ахлуулсан Ёс зүйн дэд хороо хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нэг сарын нийт санал хураалтын 50-аас дээш хувьд оролцоогүй, ээлжит чуулганы хугацаанд нэгдсэн чуулган, харьяалагдах Байнгын хорооны болон дэд хорооны хуралдаанд 5 ба түүнээс дээш удаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй бол гишүүний /ажлын албаны цалин, урамшууллаас бусад/ төсвийн нэг сард ногдох санхүүжилтийг олгохгүй.
Мөн гишүүн Ажлын хэсгийн хуралдаанд 2 ба түүнээс дээш удаа оролцоогүй, түр хорооны хуралдаанд 3 ба түүнээс дээш удаа оролцоогүй бол тухайн Түр хороо, Ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс дэгэд заасны дагуу хасна.
Саяхан даа, чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын дарга С.Бямбацогт Ажлын хэсгийн хуралдааны бүрэлдэхүүнд багтсан ЦХИХХЯ-ны төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийг “Б.Мөнхнаранг ирүүл, ирэхгүй бол ажлаа өг” гэсэн нь ийм учиртай. Улс орны хөгжлийн төлөвлөгөөг батлахаар хэлэлцэж байхад хариуцлагагүй хандсаны учир анхааруулсан нь зөв.
Учир нь, одоо мөрдөж буй хуульд “Албан тушаалтан чуулганы хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, тайлбар өгөхөөс татгалзсан, хуралдаанд оролцсон этгээд хуралдааны дэг зөрчсөн бол парламентыг үл хүндэтгэсэн үйлдэлд тооцож, Төрийн албаны тухай болон холбогдох бусад хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ гэж заасан байдаг.
Мөн өргөн бариад буй хуулийн төсөлд “Парламентыг үл хүндэтгэсэн үйлдэл гаргасан этгээдэд холбогдох хариуцлага хүлээлгэхээр томилох эрх бүхий этгээдэд албан бичиг илгээнэ. Томилох эрх бүхий этгээд нь ямар арга хэмжээ авсан талаарх хариугаа хуралдаан даргалагчид ирүүлнэ. Хуралдаан даргалагч түүнийг хуралдаан дээр уншиж танилцуулахаар тусгажээ. Үүний ач холбогдол нь хэн ч байсан УИХ-ын дэг зөрчиж, парламентыг үл хүндэтгэх үйлдэл гарган, хараат бус байдалд халдсан бол хариуцлага хүлээнэ. Энэ тухай дараагийн хуралдаанаар нийтэд мэдээлэх замаар дараагийн зөрчлөөс урьдчилан сэргийлж байх механизмыг хэрэгжүүлэх юм
Цаашилбал, хуралдааны үеэр бусдад саад учруулсан, бусдын нэр төрийг гутаах, гүтгэх шинжтэй үг хэлсэн, дэг сахих шаардлагыг үл биелүүлсэн, бусдын үг хэлэх, санал өгөх, эрхэд саад учруулсан зэрэг хуралдааны хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, тэр зөрчлөө дахин давтан үйлдсэн бол уг гишүүнд 30 хүртэл хоногоор хуралдаанд үг хэлэх, санал гаргах эрхийг хасах зэргээр хариуцлага тооцох нь.
ИРГЭНДЭЭ НЭЭЛТТЭЙ, ЭРГЭХ ХОЛБООТОЙ ПАРЛАМЕНТ
Үүний дотор МЭТГЭЛЦДЭГ “САЙН” ПАРЛАМЕНТ гэсэн дэд зорилт бий. Дээр дурдсан “Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 59 асуулга тавьсан байтал нэгдсэн хуралдаанд нэгийг ч хэлэлцээгүй” гэдэг алдаа дутагдалтай холбоотой. УИХ-ын чуулганаар Ерөнхий сайд Н.Учрал удаа дараа асуулгад идэвхтэй оролцож мэтгэлцэж эхэллээ. Олон нийт ч үүнд анхаарлаа хандуулж, өндөр сэтгэгдэлтэй байх болсон. Асуулгын хариуг ээлжит чуулганы үеэр сар бүрийн 1,3 дахь долоо хоногийн баасан гарагийн үдээс хойших нэгдсэн чуулганаар хэлэлцэх, шаардлагатай бол баасан гарагийн үдээс өмнөх хуралдаанд хэлэлцэж болно, үүнийг тогтмолжуулна гэсэн зорилтыг УИХ-ын дарга тавиад байна.
Түүнчлэн УИХ-ын гишүүн хүсэлт гаргасан бол асуулт, хариултын 8 минутын хугацаанд мэтгэлцээний хэлбэрээр асуулт, хариултаа удирдан оновчтой авах уян хатан зохицуулалт хийлээ. Ингэснээр иргэд тухайн хуулийн төсөл буюу зарчмын зөрүүтэй саналын талаарх тал бүрийн мэдээлэлтэй болно. Нам, эвслийн бүлэг мэтгэлцээн зохион байгуулахаар санал гаргаж хуралдааны өмнөх өдрийн 16 цагаас өмнө хүсэлтээ тавиад, илтгэгч гишүүнээ томилж ирүүлсэн байхаар хуульд заасан. Гэвч энэ хуулийн заалт огт хэрэгжээгүй, нам, эвслийн бүлэг санал ирүүлээгүй, мэтгэлцээн зохион байгуулаагүй байсан юм.
Цаашид УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ иргэн, байгууллагаас ирүүлсэн санал хүсэлтийг судалж шийдвэрлэсэн байдал, түүний мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, шийдвэрийнхээ талаар сар бүр нээлттэй мэдээлнэ.
ХИЙДЭЛГҮЙ ХУУЛЬ БАТАЛЖ, ХЭРЭГЖИЛТЭД НЬ ХЯНАЛТ ТАВЬДАГ ПАРЛАМЕНТ
Нэгдсэн хуралдаан болон Байнгын хорооны хуралдааны хэлэлцүүлэг, санал хураалтыг үр дүнтэй болгохтой холбоотой нэлээд өөрчлөлт орж байна. Үүнд, нэгдсэн хуралдаанд асуулт асуух гишүүдийн нэрийг өмнөх өдөр нь авдаг зохицуулалтыг өөрчилж, Зөвлөлөөс хуваарилсан цагт багтаан танхимд байгаа гишүүд ирцэд бүртгүүлсэн дарааллаар асуулт асууж, үг хэлдэг болно. Засгийн газар “яаралтай горим”-оор хуулийн төсөл өргөн мэдүүлсэн бол нэгдсэн хуралдаанаар яаралтай хэлэлцэх үндэслэлийн талаар Ерөнхий сайдын, эсхүл Засгийн газрын холбогдох гишүүний танилцуулгыг сонссоны дараа санал хураалт явуулж шийдвэрлэдэг байх өөрчлөлт оруулсан.
Мөн нэгдсэн хуралдаанаар санал хураалт явуулахаас 10 минутын өмнө 1 минутын турш “Санал хураалтын хонх” дуугаргах зохицуулалтыг хуулийн төсөлд нэмж оруулжээ. Хууль тогтоомжийн төслийг өргөн мэдүүлэхийн өмнө бүрдэл хангасан байдлыг хянаж, гишүүдэд мэргэжлийг туслалцаа үзүүлдэг болно. Хэлэлцэх шатанд иргэдийн саналыг авдаг болно. Хуулийн хэрэгжилтэд УИХ-аас тавих хяналтыг сайжруулна.
ИРГЭДЭЭ СОНСДОГ, ИРГЭДЭЭ ОРОЛЦУУЛДАГ, ИРГЭДДЭЭ ИЛ ТОД МЭДЭЭЛДЭГ ПАРЛАМЕНТ байхын тулд иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг хурдтай шийдвэрлэдэг, амьдралд ойр, ард түмэндээ хэрэгтэй хууль баталдаг САЙН парламентыг төлөвшүүлэхийн тулд дээрх алхмуудыг яаралтай хийхээр зорьж эхлээд байна. Үүний тулд парламентын үйл ажиллагааг олон нийтэд хүргэж буй хэвлэл мэдээллийнхэн, сэтгүүлч бид ч бас хамтран зүтгэж “улстөржилтийг бус хуулийн мөн чанарыг олон нийтэд хүргэхэд онцгой анхаарч, оролцоогоо гүнзгийрүүлэх, хичээх болно.
2026.06.09.