ЦЕГ: Бие биедээ хүндэтгэлтэй, хүлээцтэй байвал аливаа зөрчил, гэмт хэрэг гарахгүй байх боломжтой

ца

Зуны улирал эхэлж, гадна талбайн шоу тоглолт, олон нийтийн үйл ажиллагаа нэмэгдэж буйтай холбоотойгоор Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Л.Амармөрөнтэй ярилцлаа.


-Өмнөх жилүүдэд ямар ямар зөрчил бүртгэгдэж байв?

-Өмнөх жилүүдийн судалгаанаас харахад шоу тоглолт, олон нийтийн арга хэмжээний үеэр согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс үүдэлтэй танхайрах, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулах, хэрүүл маргаан үүсгэх, бие биедээ халдах, эд зүйлээ гээгдүүлэх, хулгайд алдах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг зөрчих зэрэг хэрэг, зөрчил түгээмэл бүртгэгдэж байсан. Мөн өсвөр насны хүүхэд, залуус хараа хяналтгүйгээр оройн цагаар олноор цугларснаас үүдэн эрсдэлт нөхцөл байдал үүсэх тохиолдол гардаг.

-Олон нийт болон залуусын дунд анхаарах ямар асуудлууд байна вэ?

-Сүүлийн жилүүдэд цахим орчин дахь үл ойлголцол бодит орчинд шилжин маргаан, зодоон болж даамжрах тохиолдол ажиглагдаж байна. Мөн үе тэнгийн дарамт, бусдад өөрийгөө харуулах гэсэн буруу хандлага, согтууруулах ундааны хэрэглээ зэрэг нь эрсдэлт зан үйлд нөлөөлөх хүчин зүйл болж байна.Иймд залуус сэтгэл хөдлөлөө зөв удирдах, бусдыг хүндэтгэх, аливаа маргааныг тайван замаар шийдвэрлэх, найз нөхдийнхөө аюулгүй байдалд анхаарах нь чухал байна.

-Шоу тоглолтын үеэр согтууруулах ундаа худалдаалах нь эрсдэл үүсгэдэг үү?

-Согтууруулах ундаа нь хүний өөрийгөө хянах чадвар, ухамсарт нөлөөлдөг тул олон нийтийн арга хэмжээний үеэр хэрүүл маргаан, танхайрал, гэмт хэрэг, зөрчил гарах эрсдэлийг нэмэгдүүлдэг хүчин зүйлүүдийн нэг мөн.Тиймээс хууль тогтоомжид заасан шаардлагыг чанд мөрдөж, согтууруулах ундааны худалдаа, үйлчилгээнд тавих хяналтыг сайжруулах, насанд хүрээгүй хүнд худалдахгүй байх, согтолтын түвшин өндөртэй иргэдэд үйлчлэхгүй байх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай байна.

-Олон нийтэд хандаж ямар зөвлөгөө, сэрэмжлүүлэг өгөх вэ?

-Иргэд арга хэмжээнд оролцохдоо өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, бусадтай харилцах харилцаан дээрээ л анхаарах шаардлагатай, түр зуурын уур бухимдлын улмаас гэмт хэрэг, зөрчилд холбогдох эрсдэл их байна. Онцгойлон анхаарвал зохих зүйлс:

-Согтууруулах ундаа болон мансууруулах төрлийн бодисоос татгалзах;

-Хэрүүл маргаан үүсгэхгүй байх;

-Гар утас, түрийвч зэрэг эд зүйлдээ анхаарал тавих;

-Насанд хүрээгүй хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх;

-Зохион байгуулагч болон цагдаагийн алба хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлэх;

-Онцгой нөхцөл байдал үүсвэл яаралтай 102 дугаарт мэдээлэхийг зөвлөж байна.

-Гадаа шоу, арга хэмжээ зохион байгуулагч байгууллага, хувь хүмүүс юуг анхаарах хэрэгтэй вэ?

-Арга хэмжээ зохион байгуулагчид аюулгүй байдлын төлөвлөгөөг урьдчилан боловсруулж, оролцогчдын тоонд тохирсон хамгаалалт, хяналтын ажилтныг ажиллуулах, ялангуяа гэрээт харуул хамгаалалтын байгууллагын ажилтнуудыг мэргэшүүлэх шаардлага хэрэгцээ байна. Шоу арга хэмжээний үед нөөц гарц, эмнэлгийн тусламжийн цэг, гэрэлтүүлэг, камерын хяналтыг бүрэн шийдвэрлэх шаардлагатай. Мөн ариун цэврийн өрөөний хүрэлцээ муу, билет олголт удаашралтай зэрэг байдлаас болж хүмүүсийн хэт их бөөгнөрөл үүсч, эмх замбараагүй байдал гарах эрсдэлүүд хэд хэдэн удаагийн арга хэмжээн дээр гарсан. Цагдаагийн байгууллагаас иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр урьдчилан сэргийлэх болон хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд иргэдийг аливаа арга хэмжээнд хариуцлагатай, соёлтой оролцохыг уриалж байна.

About Author