Бэлчээрийн менежментийг шинэчлэх талаар олон улсын зөвлөлдөх уулзалт боллоо

Бэлчээрийн менежментийг шинэчлэх талаар олон улсын зөвлөлдөх уулзалт боллоо

Бэлчээр болон нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жилийн хүрээнд ХХААХҮЯ, Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоотой хамтран “Талуудын оролцоонд тулгуурлан бэлчээрийн менежментийг шинэчлэх нь” сэдэвт олон улсын зөвлөлдөх уулзалтыг өчигдөр эхлүүллээ. Дэлхийн газар нутгийн тэн хагасыг хамардаг бэлчээрийн экосистем нь олон сая хүний амьжиргааны эх үүсвэр бөгөөд биологийн олон янз байдлыг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийг зохицуулах, хөрс хамгаалах зэрэг чухал үүрэг гүйцэтгэдэг. Гэсэн ч уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, газрын зохисгүй ашиглалт зэргээс шалтгаалж нүүдлийн мал аж ахуйн тогтвортой байдал алдагдан, малчдын амьдрах чадварт сөрөг нөлөө үзүүлж буй. Энэ тулгамдсан асуудлыг шийдвэрлэх гарц, шийдлийг хэлэлцэхээр дээрх зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж байгааг ХХААХҮЯ-наас мэдээллээ. Уулзалтын үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат “2026 оныг бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил болгон зарлах манай Засгийн газрын санаачилгыг102 улс дэмжин, 400 гаруй төрийн бус байгууллага хамтран ажиллаж байна. Бид бэлчээрийн менежментийг сайжруулж, шинэчлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлснээр хуурай газрын 50 хувьд тархан нутаглаж байгаа нүүдлийн мал аж ахуй эрхлэгч 500 гаруй сая хүний эрх ашгийг хамгаалж, тогтвортой хөгжлийг хангахад хувь нэмрээ оруулах боломжтой” гэлээ.

About Author