П.Бадамрагчаа: Шүүхийн индекс 2025 онд 57.33 гарлаа. Өмнөх үзүүлэлтээсээ 4.11 оноогоор сайжирсан
Эх сурвалж: iKon.MN
Монгол Улсын Шүүхийн индексийн 2025 оны тайлан бэлэн болжээ.
Шүүхийн эрх хэмжээ, бие даасан байдал, шүүхэд итгэх олон нийтийн итгэл, шүүгчийн ёс зүй ба хариуцлага зэрэг зургаан үзүүлэлтийг хэмждэг энэхүү судалгааны ажлыг Нээлттэй Нийгэм Форум(ННФ) болон Оюуны Инновац Төрийн бус байгууллага хамтран гүйцэтгэж, хоёр жил тутамд танилцуулдаг уламжлалтай.

Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Уг индексийг 2021, 2023 онд хэмжин танилцуулсан бөгөөд энэ удаагийнх гурав дахь нь юм.
ННФ-ын Эрх зүйн хөтөлбөрийн менежер П.Бадамрагчаа “Шүүхийн индекс 2025 оны эцэст 57.33 байна. Авч болох 100 онооноос 57.33 оноотойгоор дүгнэгдсэн гэсэн үг. Үүнийг 2023 оны дүнтэй харьцуулбал 4.11 оноогоор ахисан үзүүлэлт.
Үндсэн зургаан хэмжигдэхүүнээр дүгнэдэг бөгөөд нэг нь шүүхэд итгэх олон нийтийн итгэл юм. Үүнийг бид зургаан асуудлыг хүрээнд нийтдээ 2,000 гаруй иргэнээс асуумж аван хэмжсэн.
Тодруулбал
- шүүхийн тогтолцоо итгэл төрүүлэхүйц байгаа эсэх нь 56.83 буюу 2023 оноос 7.4 оноогоор ахисан
- шүүгчийн шударга байдал 59.55 буюу 2023 оноос 7.68 оноогоор сайжирсан
- шүүгчийн зан суртахуун, итгэх итгэл 47.92 буюу 6.92 оноогоор нэмэгдсэн
- шүүгчийн ур чадвар, мэдлэг мэдээлэл 60.73 буюу 7.2 оноогоор ахисан
- шүүхийн процессын сэтгэл ханамж 52.89 буюу өмнөхөөсөө 9 оноогоор ахисан байгаа.

Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Асуумжид оролцсон иргэдийн 15 хувь нь сүүлийн 24 сарын хугацаанд ямар нэг байдлаар шүүх хуралдаанд оролцсон, 85 хувь нь шүүх хуралдаанд оролцож үзээгүй хүмүүс бий. Түүнчлэн олон нийтийн итгэлийг хэмжихдээ хуульч, шүүгч, прокурор, эрх зүйч, өмгөөлөгчөөр ажилладаг буюу хуульч, эрхзүйн мэргэжилтэй 500 хүнээс асуумж авсан” гэв.
График, Сүүлийн 24 сарын хугацаанд шүүх хуралдаанд оролцсон болон оролцоогүй иргэдийн үнэлгээний хамгийн том ялгаа
https://ikon.mn/raw/2026/6/11/19448/visualisation-29335053__1_/index.html?auto=1
Made with Flourish • Create your own
Судалгааны үр дүнг танилцуулсны дараа асуулт хариултын үеэр Шүүхийн Ерөнхий Зөвлөл(ШЕЗ)-ийн гишүүн Ч.Баянжаргал олон нийтийн санал асуулгын түүвэрт шүүхээр үйлчлүүлж байгаагүй иргэдийн эзлэх хувь 85 байгаа нь хэр ач холбогдолтой талаар тодруулсан.
Тэрбээр “Шүүхээр үйлчлүүлж байгаагүй иргэдийн хувь өндөр байна уу гэж бодож байна. Иргэд мэдээллийг голчлон олон нийтийн сүлжээнээс авдаг. Тэнд сөрөг мэдээлэл давамгайлдаг. Хаалгыг нь татаж үзээгүй байгууллагынхаа талаар үнэлэлт өгөх нь үр дүн багатай болов уу гэж харж байна” гэхэд судлаач П.Бадамрагчаа “Шүүхээр үйлчлүүлж байсан иргэд өөрийнх нь хэрэг маргаан хэрхэн шийдвэрлэгдсэнээс хамаараад хөндлөнгийн хариулт өгч байна гэж үзэх нь учир дутагдалтай. Харин шүүхээр үйлчлүүлж байгаагүй хүн шударга ёсны тогтолцоонд итгээд өөрт нь асуудал тулгарахад энэхүү институтэд хандах уу, үгүй юу гэдгийг бид үнэлж байгаа. Иймээс олон нийтийн санал асуулга нь социологийн талын үндэслэлтэй” гэж хариулсан юм.

Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Түүнчлэн шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг хэмжихэд хамгийн тааруу үнэлгээ авсан нь авлига байна. Тодруулбал “Шүүхийн тогтолцоонд авлига нөлөөлдөггүй” гэдэгт иргэдийн өгсөн үнэлгээ ердөө 29.76 байгаа юм.
Хуульч доктор Б.Гүнбилэг “Гэмт хэрэг хийчихсэн гэдгийг нь мэдээд байхад зурагтаар өөрийгөө яриад байдаг, ялаа эдэлж гарч ирчхээд намайг хэлмэгдүүлсэн гэж ярьдаг хүмүүс байна. Ийм байдлыг сонсож байгаа иргэд шүүхэд авлига байна гэж үзэхэд нөлөөлнө.
Юуг анхаарах вэ гэдгийг судлаачийн хувьд хэлэхэд Шүүхийн тухай хууль гээд нэг мод барих боломжгүй, олон салаатай. Нөлөөлж байгаа гол асуудлын нэг нь Прокурорын тухай хууль. Мөн Улс төрийн намын санхүүжилтийн тухай хууль, Сонгуулийн тухай хууль. Монгол Улсыг хүний анатоми гэж үзвэл энэ гурав бол хаа нэгтээ очиж судсыг нь бөглөсөн нөж гэж хардаг. Энэ гурвыг тухайлан өөрчилж чадвал Шүүхийн индекс, Ардчиллын индексээр гарч буй зүйлс засагдана” гэж байр сууриа илэрхийллээ.
Шүүхийн индексийг олон нийтийн санал асуулга, мэргэжилтнүүдийн судалгаа болон захиргааны мэдээлэл гэсэн гурван үндсэн эх сурвалжаар үнэлүүлдэг байна.
2025 онд өмнөх үзүүлэлтээсээ 4.11 оноогоор сайжрахад Хөгжлийн банкны болон нүүрсний гэх тодотголтой хэргүүд анхан болон давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэгдсэн, авлига, албан тушаалын 200 гаруй хэрэг, маргаан шийдвэрлэгдсэн нь олон нийтийн санаа бодолд нөлөөлсөн гэж судалгааны тоймд дүгнэжээ. Түүнчлэн 2025 оны шүүхийн индексийн өсөлт нь шүүхэд итгэх итгэл, бие даасан байдал, дэд бүтэц, хүний нөөц сайжирсантай шууд холбоотой гэсэн байна.