ХЭҮК-ын хэлтсийн дарга С.Ганзоригт сахилгын шийтгэл ногдуулахаар болжээ

ХЭҮК-ын хэлтсийн дарга С.Ганзоригт сахилгын шийтгэл ногдуулахаар болжээ

Төрийн өмчит “Цемент шохой” компанийн удирдах албан тушаалтан Н.Ганхуяг “Зураг зөвшөөрөлгүй нийтэлсэн” хэмээх асуудлаар Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-т гомдол гаргасан. Уг гомдолд хууль, журмын дагуу шалгах ажиллагаа явуулсан, эсэхэд хийсэн дотоод хяналт, шалгалтын дүгнэлтээ тэд өчигдөр танилцууллаа. Тус комиссын Тамгын газрын дарга Т.Ихтамир “Уг гомдолд хяналт тавьж ажилласан ХЭҮК-ын хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийн дарга С.Ганзориг комиссын гишүүнээс өгсөн үүрэг, чиглэлийг мөрдөөгүй, холбогдох хууль, журмыг зөрчсөн болох нь тогтоогдсон. Улмаар гомдлыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шилжүүлсэн нь ноцтой зөрчил. Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуульд заасанчлан комиссын гишүүн шалгаж буй гомдол, мэдээлэл нь эрүү, зөрчлийн шинжтэй гэж үзвэл харьяаллын дагуу холбогдох байгууллага, албан тушаалтанд шилжүүлэх бүрэн эрхтэй байдаг. С.Ганзоригийн зөрчлийн шинж, байдлыг харгалзан төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулахаар сонсох ажиллагаа явуулж байна” гэв. “Зөв.мн” мэдээллийн сайт төрийн өмчит “Цемент шохой” компанийн удирдах албан тушаалтан төрийн өмч, хөрөнгийг үр ашиггүй, зүй бусаар зарцуулсан байж болзошгүй асуудлыг хөндсөн нийтлэлдээ тухайн хүний зургийг ашигласныг комиссоос “биометрик мэдээлэл” хэмээн үзэж, цагдаагийн байгууллага Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтад үндэслэн, тус хэвлэл мэдээллийн байгууллагыг 20 сая төгрөгөөр торгохоор шийдвэрлэсэн юм.

About Author