Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг Улсын Их Хурал хэлэлцэхийг дэмжлээ
Улсын Их Хурлын 2026 оны зургаадугаар сарын 11-ний өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн холбогдох хуулийн төслүүдийг хэлэлцэж, гишүүдийн олонхийн саналаар анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ.
Хуулийн төслийг Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр танилцуулж, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд тулгарч буй хүндрэл, саад бэрхшээлийг арилгах, тогтвортой бөгөөд урьдчилан таамаглах боломжтой эрх зүйн орчныг бүрдүүлэх нь энэхүү шинэчлэлийн гол зорилго болохыг онцлов.
Тэрбээр Монгол Улсын эдийн засгийн эрх чөлөөний үзүүлэлт харьцангуй сайжирч байгаа ч хөрөнгө оруулагчдад ээлтэй байдлын үнэлгээгээр олон улсын түвшинд хангалтгүй үзүүлэлттэй хэвээр байгааг тэмдэглээд, хөрөнгө оруулалтын орчин, маргаан шийдвэрлэх тогтолцоо, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог шинэ шатанд гаргах шаардлага үүссэнийг дурдсан юм.

Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Хөрөнгө оруулалтын тухай хууль нь 2013 онд батлагдсан бөгөөд өнгөрсөн 13 жилийн хугацаанд нийт 17 удаа нэмэлт, өөрчлөлт орсон хэдий ч хуулийн хэрэгжилтийг сайжруулах, харилцааны тодорхойгүй байдлыг арилгах, бусад хуультай уялдуулах шаардлага байсаар байгааг танилцуулгын үеэр онцоллоо.
Түүнчлэн хөрөнгө оруулагчдын гомдол, маргааныг шийдвэрлэх үр нөлөөтэй тогтолцоо бүрдээгүй байгаагаас өнгөрсөн хугацаанд Монгол Улстай холбоотой хөрөнгө оруулалтын долоон маргаан олон улсын арбитрт шилжсэн байна. Эдийн засаг, хөгжлийн яаманд 2022 оноос хойш нийт 145 гомдол ирснээс төрийн байгууллагын үйл ажиллагаа, орон нутгийн иргэд болон төрийн бус байгууллагатай холбоотой асуудал хамгийн өндөр хувийг эзэлжээ.
Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 41 хуулийн хүрээнд 49 төрлийн зохицуулалтаар гадаадын хөрөнгө оруулалтыг шууд болон шууд бусаар хязгаарлаж байгаа нь хөрөнгө оруулалтын урсгал, зах зээлийн өрсөлдөөнд сөргөөр нөлөөлж байгааг дурдав. Банк санхүү, соёл урлаг, үйлдвэрлэл, харилцаа холбоо, мэргэжлийн үйлчилгээ, ойн аж ахуй зэрэг салбаруудад шууд хязгаарлалт үйлчилж байгаа бол эрчим хүч, барилга, боловсрол, аялал жуулчлал, эрүүл мэнд, төмөр зам, уул уурхайн зарим үйл ажиллагаанд бодлогын түвшний хязгаарлалт үйлчилж байна.

Гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 2025 онд 3.8 тэрбум ам.долларт хүрсэн ч өмнөх оноос 8 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан байна. Нийт хөрөнгө оруулалтын 40 гаруй хувийг нэг төсөл бүрдүүлж байгаа нь хөрөнгө оруулалтын бүтэц хангалттай төрөлжөөгүй байгааг харуулж буй юм. Үүнээс гадна улс төр, бодлогын тогтворгүй байдал, өмчийн эрхийн баталгааны сул байдал, авлига, хүнд суртал, шүүхийн удаашрал, давхардсан хяналт шалгалт зэрэг хүчин зүйлс хөрөнгө оруулалтын орчинд сөргөөр нөлөөлж байгааг танилцуулгад дурдлаа.
Харин гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд Монгол Улсын эдийн засагт чухал хувь нэмэр оруулж байгаа бөгөөд нийт аж ахуйн нэгжийн ердөө 4.8 хувийг эзэлдэг ч аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 24 хувь, нийт цалингийн сангийн 15 хувь, нийгмийн даатгалын шимтгэлийн орлогын 18 хувийг бүрдүүлж байна.

Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл нь бизнес эрхлэхэд саад болж буй зохицуулалт, давхардсан шаардлагыг бууруулж, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, төрийн байгууллагын үйл ажиллагааны ил тод, хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчдэд тогтвортой, таатай орчин бүрдүүлэхэд чиглэж байгааг онцлов.
Ийнхүү Улсын Их Хурлын гишүүдийн олонх дэмжсэнээр Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон холбогдох хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэг шилжүүлсэн юм.