ХЭҮК-ИЙН ОРОН НУТАГ ДАХЬ РЕФЕРЕНТҮҮД СОНГОХ, СОНГОГДОХ ЭРХИЙГ ХАНГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга, албан хаагчид өнөөдөр Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ийн орон нутаг дахь референтүүд, шинээр томилогдсон албан хаагчдад өнөөдөр (2026.06.15) мэдээлэл, сургалт хийлээ.
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэл болон илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын 2025 оны 77 дугаар тогтоол, Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн зарим хэсгийн хэрэгжилтийг хангах чиглэлээр Сонгуулийн ерөнхий хороо, ХЭҮК хамтран ажиллаж байгаа.
Хамтран ажиллах төлөвлөгөөний дагуу ХЭҮК-ийн референтүүд орон нутагтаа байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагын ажилтан, иргэдэд сонгох, сонгогдох эрхийг хангах, сонгуулийн боловсрол олгох арга зүйн сургалт зохион байгуулж, заавар зөвлөмж өгөх юм. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонгох эрхээ эдлэхэд дэмжлэг үзүүлэх, энэ чиглэлээр сонгуулийн байгууллагын албан хаагчдад сургалт, мэдээлэл өгөхөөр төлөвлөсөн. Мөн санал авах байрны хүртээмж, иргэн сонгох, сонгогдох эрхээ эдлэх нөхцөл боломжоор хангасан эсэхэд хяналт тавих, зөвлөмж өгөх, сонгогчдод сонгуулийн боловсрол, хүний эрхийн боловсрол олгох сургалт зохион байгуулна.
Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ, ХЭҮК-ийн Тамгын газрын дарга Т.Ихтамир нар хамтын ажиллагааны талаар референтүүд, шинээр томилогдсон албан хаагчдад мэдээлэл өгч, орон нутагт сонгох, сонгогдох эрхийг хангах болон сонгуулийн боловсрол олгох чиглэлээр хэрхэн ажиллах талаар арга зүйн зөвлөмж өглөө.
Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл, судалгаа, сургалтын төвийн референт Б.Болор-Эрдэнэ, Ц.Номин нар санал авах байрыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй, хүртээмжтэй бэлтгэх, санал авах ажиллагааг хүний эрхэд нийцүүлэх чиглэлээр сургалт, мэдээлэл хийв. Санал авах байранд сонгогчийн нэрийн жагсаалтыг нягтлахдаа хүний зураг, хувийн мэдээлэлд хүндэтгэлтэй хандах талаар хуульд тусгах саналыг ХЭҮК-ийн референтүүд хэлж байсан юм.
Сонгуулийн боловсрол олгох болон сонгох, сонгогдох эрхийг хангахаар Сонгуулийн ерөнхий хороо Үндэсний номын санд “Сонгуулийн боловсрол, эрх зүйн уншлагын танхим”, Хотын төв номын сан, Хүүхдийн номын сан болон нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн номын санд “Сонгогчийн булан” ажиллуулж байгаа. ХЭҮК-ийн орон нутаг дахь референтүүд “Сонгогчийн булан”-д сонгох, сонгогдох эрхийг хангах, сонгуулийн боловсрол олгох сургалт, уулзалт зохион байгуулах боломжтой юм.