“Хүүхдийн спорт цогцолбор”-ын барилгын ажил эхэллээ

724959064_1308625721443037_5037161825510635628_n

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар хүүхэд багачуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдрын хөгжил, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх, спортоор хичээллэх таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх “Хүүхдийн спорт цогцолбор”-ын барилгын төслийн нээлт Монголын Хүүхдийн ордонд боллоо.

Нээлтэнд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Ихбаяр, Монголын Хүүхдийн ордны захирал Б.Цэнгэлмаа болон төр, хувийн хэвшлийн төлөөлөл, хүүхэд багачууд оролцлоо.

Монголын Хүүхдийн ордон нь 1958 онд байгуулагдсан цагаасаа хүүхэд багачуудын авьяас чадварыг хөгжүүлэх, урлаг, соёлын боловсрол олгох чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Өнөөдрийн байдлаар 24 төрлийн дугуйланд жил бүр 4000 гаруй сурагч хамрагдаж, 60000 гаруй хүүхдэд соёл, урлагийн үйлчилгээ үзүүлж байна.

Харин хүүхдийн ордны дэргэд спорт цогцолбор ашиглалтад орсноор спортын 13 төрлийн дугуйлан тогтмол хичээллэж, жил бүр 7000 гаруй хүүхэд сургалт, дасгалжуулалтад хамрагдах боломж бүрдэх юм. Мөн 40000 гаруй хүүхэд, өсвөр үеийнхэнд спорт, чөлөөт цагийн олон талт үйлчилгээг үзүүлэхээр төлөвлөжээ.

About Author