Иргэн: Яг өнөөдрийн залуусын авж буй цалингаар яаж мкв нь 7 сая төгрөгийн үнэтэй байр авах юм бэ…
https://www.facebook.com/plugins/video.php?href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Freel%2F2307197186480780%234%3A5&show_text=false&adapt_container_width=true&appId=
Өнөөдөр залуучуудын хувьд орон сууц худалдан авна гэдэг биелшгүй мөрөөдөл мэт болжээ. Дундаж цалин амьжиргааны өртөгтөө арай ядан хүрч байхад метр квадратын үнэ нь 7-8 сая төгрөгт хүрсэн байр авах бодит боломж алга байна.
Улаанбаатар хотын төв хэсэгт орон сууцны үнэ дунджаар 8 сая, захын дүүргүүдэд 4-5 сая төгрөгийн ханштай байгаа нь залуу гэр бүлүүдийн санхүүгийн чадамжаас хэтэрсэн үзүүлэлт юм.
Судалгаагаар барилгын өртөг жилд 5-8 хувиар өсдөг бол борлуулалтын үнэ 11-15 хувиар буюу зардлаасаа гурав дахин хурдтай нэмэгдэж байна. Барилга, хот байгуулалтын яамны тооцооллоор, хэрэв энэ хэвээр үргэлжилбэл 2030 он гэхэд метр квадратын үнэ 10-11 сая төгрөгт хүрэх төлөвтэй байна.
Иймд төрөөс газар чөлөөлөлт, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх замаар үнийн хөөсрөлийг дарах бодлого нэн шаардлагатай байна. Орон сууцны зээлийн хүртээмж хангалтгүй байгаа нь залуучуудад тулгарч буй гол бэрхшээл юм. 6 хувийн ипотекийн зээлийн дараалал тодорхойгүй, шилэн бус байгаагаас иргэд 2-3 жил хүлээх шаардлага үүсдэг.
Мөн урьдчилгаа төлбөрт 40-50 сая төгрөг хуримтлуулах нь цалингаас цалингийн хооронд амьдарч буй залууст хүнд тусаж байна.
Зээлийн олголтыг нээлттэй болгож, түрээслээд өмчлөх уян хатан нөхцөлийг бүрдүүлэх нь оновчтой шийдэл болно. Үнийн хэт өсөлтөөс гадна барилгын чанар, орчин нөхцөл шүүмжлэл дагуулж байна.
Өндөр үнээр борлуулж буй атлаа авто зогсоол, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж болон агааржуулалтын системгүй “дөрвөн хана” зарах нь шударга бус юм.
Хот төлөвлөлтийг сайжруулж, дэд бүтцийг хотын зах руу тэлэх замаар төвлөрлийг сааруулж чадвал орон сууцны үнэ бодит түвшинд очих боломжтой. Одоогийн зах зээл дээр хотын төвөөс зайдуу, тухайлбал 3-р сургуулийн орчимд шинээр баригдаж буй хотхонуудын метр квадратын үнэ 5 сая төгрөгөөс эхэлж байна. Гэвч ажлын байрны байршил, замын түгжрэл зэргээс шалтгаалан залуус хотын төв рүү тэмүүлсээр байгаа нь эрэлтийг нэмэгдүүлж, үнийг хөөрөгдөх нэг шалтгаан болж байна. Тиймээс цогц бодлогоор энэ асуудлыг шийдэхгүй бол орон сууц иргэдийн хувьд зөвхөн “мөрөөдөл” хэвээр үлдэхээр байна.