МСНЭ-ийн ерөнхийлөгч Л.Нинжжамц: Сэтгүүлчдийн нийгмийн асуудлыг бүх шатанд бодлогоор дэмжиж ажиллана
Эх сурвалж: Өдрийн сонин
Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн XIX хурлаар ерөнхийлөгчөөр сонгогдсон Л.Нинжжамцтай ярилцлаа.
-Өнөөдөр Монголын сэтгүүл зүйн салбарынхан эдийн засгийн хараат байдал, хууль эрх зүйн хамгаалалтгүй байдал, шинэ зууны технологийн шилжилтүүд зэрэг олон асуудалтай нүүр тулсан цаг үед ажиллаж байна. Та ажлаа юунаас эхлэх вэ?
-Их хурлаас батлагдсан Хяналтын зөвлөлийнхөнтэй хамт өмнөх удирдлагуудаас албан ёсоор ажлаа хүлээн авч байна. Ажлаа Улаанбаатар хотоос эхэлнэ. Тэр тусмаа нийслэлд ажиллаж байгаа сэтгүүлчдээсээ эхэлнэ гэж төлөвлөж байна. Нэг хэсэг нь гомдол цөхрөлд орсон мэт “Удирдлага солигдсон ч тийм ч их өөрчлөлт гарахгүй байх”, нөгөө хэсэг нь “Шинэчлэл өөрчлөлт сайн явагдана гэдэгт итгэж байна” гэсэн сэтгүүлчдийн хүлээлтүүд байна. Хамгийн түрүүнд би сэтгүүл зүйн салбарт ажиллаж байгаа залуучуудтайгаа уулзана. Gen Z үе гэж бид ярьдаг шүү дээ.
Тэд маш өөр орчин, цаг үед ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, дижитал орчинд маш хурдтайгаар ажиллаж байна. Тиймээс ирэх долоо хоногт нэн тэргүүнд залуу сэтгүүлчидтэйгээ уулзах уулзалтыг төлөвлөж байна. Цахим мэдээллийн, телевизийн, өдөр тумын сонины, сэтгүүлийн, радиогийн залуу сэтгүүлчидтэй нэг дор уулзана. Эхний ээлжинд Эвлэлийн үйл ажиллагааны ирэх дөрвөн жилд хийх ажлуудаа танилцуулна. Хоёрдугаарт, тэдний өөрсдийн санал, санаачилгыг сонсож авна. Ирэх дөрвөн жилд бид бодлогын түвшинд юу хийвэл Эвлэлийн үйл ажиллагаа үндэсний хэмжээний сэтгүүл зүйн институцийн шинэчлэлийг хэрэгжүүлэх боломж бүрдэх талаар хамтдаа ярилцана. Хамгийн зөв зүйтэй анхны санаа, санал, санаачилгыг залуучуудаасаа авна. Их хуралд хамгийн залуу сэтгүүлч 21 настай орж ирж байсан. Цаашлаад хамгийн ахмад нь 90 гарсан хүн байна. Энэ үе хооронд сэтгүүл зүй хэдэн үеийн түүх, замнал туулсан байгааг харж болно. Тэр үе дотроос би сүүлийн 30 жилийн түүхийг мэднэ. Би 1996-2006 оны хэвлэлийн эрх чөлөө, чөлөөт хэвлэл, шар сонин гэсэн үеүдийн үндсэн гол төлөөлөл. Дараа нь 2006-2016 онуудад Монгол Улсад анхны Олон нийтийн радио телевизийн тухай хууль гарсан. Төрийн мэдэлд байсан телевизийг олон нийтийн болгож хуульчилсан. Тэр үед би МҮОНРТ-д Тамгын газрын дарга байсан. Төртэй холбоотой бүхий л бичиг баримтыг хуульд нийцүүлж мөрдөх ёстой дүрэм журам бүгдийг гаргаж байлаа. Хувийн телевизүүд борооны дараах мөөг шиг олноор байгуулагдсан үе байв. Харин 2016-2026 он бол дэлхий глобалчлагдсан үеийн медиа гэж тодорхойлж болно. 2016 оноос Монгол Улсад анхны цахим телевиз, сайтууд, цахим хуудсууд олноор гарч ирж, лайв хийгдэж өнөөдөр цахимын хөгжлийн дээд үе рүү ирж байна. Ингээд бодохоор сэтгүүл зүйн салбарын сүүлийн 30 жилийн амьд түүх нь би болж байгаа юм. Энэ үеүдэд сэтгүүл зүйн салбарт хоёр гурван сонин хэвлэлүүдийг санаачлан гаргаж, эрхлэн явуулж байв. Бас Монголын сонины холбоог үүсгэн байгуулж, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Энэ үедээ анхны гадаад төслүүдийг оруулж ажиллаж байлаа. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд С.Баярын Хэвлэлийн төлөөлөгч, Засгийн газрын Хэвлэл мэдээллийн газрын дарга, МҮОНРТ-ийн Ерөнхий захирал, өдөр тутмын сонины эрхлэгч, УИХ-ын Парламентын сурталчилгаа мэдээллийн төвийн даргаар ажиллаж төрийн бодлогыг олон нийтэд хүргэж үзлээ. Үндсэндээ надад хэвлэл мэдээллийн салбарын бүтцэд орж ажиллаж үзээгүй газар гэж байхгүй байна. Одоо бол би глобал лидер (удирдагч) баймаар байна.Тийм ч учраас нэр дэвшсэн.
-“Олон улсын түвшинд өрсөлдөх чадавхыг нэмэгдүүлж, гадаад харилцааг бэхжүүлж хөгжүүлнэ. Шинэ түвшинд гаргана” гэж та сэтгүүлчдийн Их хурал дээр ярьж байсан?
-Монгол Улсын хэвлэл мэдээллийн зах зээлийг дэлхийтэй холбомоор байна. МСНЭ-ийг өргөжүүлэх шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл, дэлхий рүү хандсан олон цонх, хаалгатай байх ёстой. Жишээ нь, Олон улсын радиогийн холбоо, Эрэн сурвалжлах сэтгүүлч нарын холбоо гэх мэт олон улсын байгууллагуудтай хамтран ажиллана. Ингэснээр сэтгүүлч нарыг чадавхжуулах, мөн сэтгүүлчдийн бүтээлийг олон улсын хэмжээнд гаргах боломж бүрдэнэ. Сургалт судалгааны байгууллагуудтай хамтран ажиллаж, сэтгүүлчдээ мэргэшүүлэн сургана. Гадаад хамтын ажиллагааг институцийн түвшинд шинэ шатанд гаргана. Дэлхийн ижил төрлийн үйл ажиллагаа нь хүчтэй, цараатай хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллана. Бид өөрсдийн сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээ яаж тэдэн шиг байгууллага болгож ажиллах вэ гэдэг дээр анхаарч ажиллана. Үндэсний хэмжээний байгууллага хэрнээ хүч султай байна. Үндэсний хэмжээнд үйл ажиллагаагаа тогтвортой явуулж чадахгүй байгаа. Бид бүгд хөгжих хэрэгтэй байна. Алхам тутамдаа бүгд суралцах шаардлагатай байна. Ямар нэг гадаадын сургалтад сэтгүүлчид хамрагдах гэхээр төлбөр маш өндөр үнэтэй байдаг. Олон улсын жишиг гэвэл сэтгүүлчдийн сангаар дамжуулж өөрсдийгөө хөгжүүлж суралцаж байна. Сэтгүүлчдээ эдийн засаг, эрх зүй, эрүүл мэнд, байгаль орчин, боловсролын чиглэлээр мэргэшүүлж сургадаг. Бид энэ бүхэнд суралцаж хөгжих тусмаа мэргэжлийн ямар нэгэн хууль бус алдаа, асуудалд орохгүй. Үүнийг би зөвхөн залуучуудад хандаж хэлээгүй. Суралцахад нас ерөөсөө хамаатай биш. Суралцахад туршлага ч хамаатай биш. Аль ч салбарын бүх насны сэтгүүлчид шинэ мэдлэг, мэдээлэлд суралцаж, чадавхжиж байх ёстой. Сургалтыг гадаад дотоодгүй зохион байгуулна. Энэ бүхнийг хийхэд надад туршлага байгаа. Би МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар ажиллахдаа дэлхийн 20-30 улсын олон нийтийн радио телевиз дээр очоод үзчихсэн, хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, сэтгүүлчдийн сургалт, контент солилцоо зэргийг хийчихсэн учраас энэ туршлага маань МСНЭ-ийн гадаад харилцааг авч явахад хувь нэмэр болно гэж бодож байна.
-“Хэмнэлтийн тухай хууль”-д төрийн байгууллагууд хэвлэл захиалахыг хориглосон заалт байгаа. Энэ нь өдөр тутмын сонинуудын хоолойг “хэрчсэн” заалт гэж болохоор. Үүнд таны байр суурийг сонсмоор байна?
-Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 12.1.3-д хэвлэл захиалгын төлбөрийг төрийн хэмнэлтэд оруулж, захиалахыг хориглосон байдаг. Төр хэмнэж болох олон зардал байхад сонин, хэвлэл захиалах багахан зардлыг хэмнэж буй нэрээр хааж, хориглож байгаа нь яг хэмнэлт мөн үү. Хоёрдугаарт, хэвлэн нийтлэгчид удаа дараалан энэ асуудал дээр хүсэлт тавьж байсан. Тэгэхээр хуулийн энэ заалтыг хүчингүй болгохын төлөө өдөр тутмын сонин, сэтгүүлүүдтэй хамтарч лобби бүлэг байгуулж ажиллана гэж төлөвлөж байна. Энэ бол зайлшгүй хийх ёстой ажлуудын нэг. Учир нь сонин, сэтгүүл нь үндэсний ой санамж, түүх болж үлддэг нэг гол салаа мөчир шүү дээ. Тийм ч учраас сонгодог медиа гэгддэг. Товчхондоо салбарыг шударга, тэнцвэртэй байлгахын төлөө ажиллана.
-Та МСНЭ хүчтэй байгууллага байх ёстой гэж хэлсэн. Үүнээс улбаалаад асуухад сүүлийн үед сэтгүүлчдийн ёс зүйн асуудал салбарын нэр хүндийг хойш нь татаж байгаа харагддаг. Мөн сэтгүүлчид хууль, эрх зүйн мэдлэг тааруу байдлаасаа болж цагдаа шүүхэд дуугдах зэргээр өдөр тутам шахуу эрсдэлтэй нүүр тулж байдаг. Энэ тухайд та юунд анхаарч ажиллах вэ?
-Зөвхөн сэтгүүлчдийн ёс зүй ч биш, ерөөсөө ёс зүйн асуудал өөрөө тодорхойлж хэлэхэд бэрх зүйл шүү дээ. Цаг үе, байгалийн шалгарлаараа цэвэршээд явах байх. Сэтгүүлчдийн Ёс зүйн код гэж бий. Үүнийг мөрдөж ажиллах талаар тодорхой сургалтуудыг явуулна. Харин хууль, эрх зүйн тухайд цаг тутамд эрсдэлд ордог нь үнэн. Өнөөдөр үнэндээ МСНЭ сэтгүүлчдээ бүрэн дүүрэн хамгаалах чадвар сул байна. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд МСНЭ нь Хэвлэл мэдээллийн зөвлөл, Хуульчдын холбоо, Өмгөөлөгчдийн холбоодтой хамтран ажиллахыг зорьж байна. Албан харилцааны түвшинд зохицуулалт хийх асуудал л даа. Нэг зүйлийг онцолж хэлэх нь зүйтэй байх. МСНЭ бол гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага. Өөрөөр хэлбэл сэтгүүлч, редакцууд маань татвараа төлж, оролцоогоо хангаж байх нь чухал. Тэр хэрээр бид хүчирхэгжинэ.
Ёс зүйн асуудал, эрх ашиг нь зөрчигдөж байгаа редакц, сэтгүүлчдээ хуулийн хүрээнд хамгаалах, гацаанд орчихсон гэж хэлж болох Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг шинэчлэн батлуулах шаардлагатай байна. Мэдээж хууль эрх зүй, сэтгүүлчдийн код, ёс зүйн асуудлаар тогтмол сургалтуудыг зохион байгуулна.
-Хэвлэл мэдээллийн салбарын ажилтнуудад ямарваа нэг нийгмийн халамжийг дэмжсэн бодлого байдаггүй. Энэ тал дээр та ямар бодлого барьж ажиллах вэ?
-Энэ талаар мөрийн хөтөлбөртөө тусгасан. Сэтгүүл зүйн салбарт ажиллагсдад эрсдэлийн үед ажиллах, эрүүл мэнд рүү чиглэсэн бодлого, бодитой үйл ажиллагаа, дэмжлэг байхгүй гэхэд хэтрүүлсэн болохгүй. Өмнө нь залуу, дунд, ахмад үеийн сэтгүүлчдэд орон сууцны квот олгох зэрэг бодлого хэрэгжиж байсан боловч одоогоор зогссон байгаа. Өөрөөр хэлбэл, сэтгүүлчдийн нийгмийн асуудлыг бүх шатанд дэмжиж ажиллах бодлого баримталж ажиллана. Ахмад сэтгүүлчдээсээ эхэлж шийдвэрлэнэ. Мөн сэтгүүлчдийн эрүүл мэндийн чиглэлээр хувийн хэвшлийн эмнэлгүүдтэй хамтран ажиллана гэх мэтээр олон ажлууд төлөвлөж байна.
МСНЭ-ийн дэргэд “Сэтгүүлч” сан, стратегийн бодлогын зөвлөл байгуулж, шийдэх ёстой олон ажлыг хурдтай хийх цаг үеийн шаардлагын өмнө бид тулж ирээд байна. Хэлэхээсээ илүү хийх нь чухал. Хичээж, зүтгэж ажиллана. МСНЭ-ийг дараагийн шатанд гаргаж, шинэчлэл хийх үндсэн амбицтайгаар мөрийн хөтөлбөрөө боловсруулж, өрсөлдсөн. Дараагийн шат гэдэгт байгууллагын шинэчлэл, санхүүгийн бие даасан байдал, мэргэжлийн хөгжил, олон улсын өрсөлдөх чадвар, хууль, эрх зүйн баталгаа гэж би харж байгаа юм. Сэтгүүлч хамгаалагдсан цагт хэвлэлийн эрх чөлөө хамгаалагдана. Хэвлэлийн эрх чөлөө хамгаалагдсан цагт ардчилал бэхжинэ. Ардчилал бэхэжсэн цагт ард түмэн эрх чөлөөтэй байна.