Нийслэлийн 2040 оны хөгжлийн төлөвлөгөө батлагдах хүртэл иргэдэд шинээр газар олгохыг түр зогсоолоо
Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Ихбаярын баталсан удирдамжийн дагуу өнөөдөр газар зохион байгуулалт, газар өмчлөлийн асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг боллоо.
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Мөнхбаатар танилцуулгадаа, нийслэл хот Хүннү хотын газрыг нэмж авснаар нийт 501.947 га нутаг дэвсгэртэй болсныг дурдаад, сүүлийн жилүүдэд дэд бүтцийн бүтээн байгуулалтад зориулж газар чөлөөлөх ажил эрчимтэй хийгдэж байгааг онцлов. Мөн 2024-2026 онд 28 удаагийн дуудлага худалдаагаар улсын төсөвт 24.7 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.
Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилт 2028 оны 5 дугаар сарын 1-нд дуусгавар болох бөгөөд хууль батлагдсанаас хойш нийслэлийн нийт иргэний ердөө 12 хувь нь буюу 213.579 иргэн газар өмчилж авсан байна.
Одоогоор Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлагдах хүртэл шинээр газар олголтыг түр зогсоогоод байгаа юм. Хэлэлцүүлгийн үеэр ИТХ-ын төлөөлөгч Ү.Оюунзул газар өмчлөх эрхийг түр түдгэлзүүлсэн шийдвэрийн талаар иргэдэд мэдээлэл дутмаг байгааг шүүмжилж, Газар зохион байгуулалтын албанаас тодорхой, нээлттэй мэдээлэл өгөхийг шаардлаа.