Чуулган: 13-17 насны дөрвөн сурагч тутмын нэг нь цахилгаан тамхи татдаг
15 : 30
2026-6-25
Цахилгаан тамхийг цахилгаан хэрэгсэл гэж гаалиар нэвтрүүлдэг
УИХ-ын гишүүн О.Номинчимэг нарын 71 гишүүн өргөн мэдүүлсэн Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Н.Алтаншагай:
-Цахилгаан тамхийг цахилгаан хэрэгсэл гэж гаалиар нэвтрүүлдэг гэж хуулийн төслийн танилцуулгад дурдсан байна. Миний хувьд татварыг нэмэгдүүлэх нь тамхидалттай тэмцэх үндсэн арга гэж үзэж байна. Бид үүн дээр дорвитой шийдвэр гаргахгүй бол Тамхины хууль олон жил лоббид автдаг байсан уу, хойш тавигдсаар ирсэн. Электрон тамхин дээр ямар зохицуулалт хийх вэ. Хуулийн төсөл өргөн барьснаас хойш санаачлагч руу маш их дайралт ирлээ. Эрх ашиг нь хөндөгдөөд байгаа учраас тэгж байгаа. Тамхины компаниудын лобби гэдэг нь энэ байх. Энэ нөхдүүдэд ашиг л хэрэгтэй байна. Түүнээс биш хүүхдийн эрүүл мэндийн асуудал хамаа алга байна. Үүн дээр зохицуулалт хэрэгтэй байна. Хортой, хоргүй гэдэг маргаан яваад байгаа. Тамхи оруулж ирдэг нөхдүүд хоргүй гээд байна. Албан ёсны хариулт өгөөч.
Ж.Чинбүрэн:
-Тамхины хяналтын тухай хуулийн гол зорилго бол өсвөр үеийнхний никотины агуулсан бүтээгдэхүүнд донтох эрсдэлийг бууруулах. Ам, үнэр, гадна үзэмж гэх мэт хүүхэд насанд дурлах сурталчилгаатай шууд хамааралтай гэдэг нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон бусад судалгаагаар нотлогдож байгаа. Цахилгаан тамхинд жимс, шоколадны амттай дурлах сонирхлыг төрүүлж буй зүйлсийг хориглох санал дэмжигдсэн. Тамхины хэрэглээг бууруулах батлагдсан арга бол татвар нэмэх. Татварын хэмжээг таван жилийн хугацаанд 60 хувьд хүргэх зорилт тавьж оруулсан. Онцгой албан татвар нэмж байгаа. Бүх төрлийн тамхины никотиныг тооцдог ангилал руу оруулна. Утаа ялгаруулдаг 100 хувь гэж үзвэл, бусад төрлийн тамхины татварыг 75 хувиар тооцохоор оруулсан. Тухайн бүтээгдэхүүний өртөгтэй хувилж тооцно. Гаалийн татвар бүх төрлийн тамхин бүтээгдэхүүн дээр 30 хувь байхаар орсон. Дагалдах хэрэгслийн гаалийн татварыг мөн 30 хувиар оруулсан. Анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ хийнэ.
Д.Пүрэвдаваа:
-О.Номинчимэг гишүүний хуулийг дэмжиж байгаа. Би бол үнэр, амт гэхээс гадна бүр мөсөн хорих саналтай байгаа. Үр хүүхдүүдээ тамхи татаасай гэсэн нэг ч эцэг эх байхгүй гэж бодож байна. Дээрээс нь 13-17 насны дөрвөн сурагч тутмын нэг нь цахилгаан тамхи татаж байна. Энэ бол айхавтар мэдээ. Жилд 4300 орчим иргэн тамхины улмаас нас барж байна. Тэгэхээр энэ хорт зуршил ирээдүйг өндөр хувиар мөхөөж, хорлож байгаа бүтээгдэхүүн. Цахилгаан тамхи татдаг хүүхдүүд хор зуршилтай болох магадлал хэр байдаг вэ. Зар сурталчилгааг хаах зохицуулалтыг хэрхэн оруулж байгаа вэ. Мөн хууль санаачилсан хүмүүс рүү яасан их дайрдаг юм бэ.
Ж.Чинбүрэн:
-Үнэр, амтыг бүр хорихоор хуулийн төсөл орж ирж байгаа. Ямар ч тамхи никотин агуулсан учраас өсвөр насанд татах нь донтох эрсдэл гэж үздэг. Энэ хуулийн зорилго өсвөр үеийг никотины хамааралтай болгохгүй байх. Худалдааны байгууллагад ил тавих асуудлыг хориглохоор зорьж байна.
Д.Пүрэвдаваа:
-Монгол Улсад цахилгаан тамхиар дамжуулж хар тамхины төрлийн мансууруулах бодис орж ирэх боломжтой юу.
Ж.Чинбүрэн:
-Задгай систем буюу цэнэглэдэг элдэв бодис холих эрсдэлийг хориглож байгаа.
М.Нарантуяа-Нара:
-Хүүхдэд зарахгүй хуульд тусгаж өгөөд, дээрээс нь үнэр, амтыг хориглож байгаа нь насанд хүрсэн хэрэглэгчдийн эрх ашгийг хөндөж байгаа хэрэг биш үү. Тамхины хар зах зээлийг яаж хянах вэ.
Ж.Чинбүрэн:
-Монгол Улс анхдагч улс биш. Олон улсын туршлагын араас явж байгаа. Өсвөр үеийнхнийг никотины хамаарлаас хамгаалах гэж байгаа бол амт, үнэр хорих нь хамгийн үр дүнтэй арга. Насан хүрэгчдийн хэрэглээг зөв зохистой болгох бодлого үнэр, амтыг хорихгүй байх.
Х.Баасанжаргал:
-Ажлын хэсэг өсвөр үе, хүүхдүүдийг никотинд автуулдаг амт, үнэрийг хориглох шийдвэр гаргасан.
М.Нарантуяа-Нара:
-Ажлын хэсэгт миний бие бас багтаж ажилласан. Тэр үед энэ асуудлуудыг тавьж байсан. Тэгвэл хүүхдүүд үнэр, амтгүй цахилгаан тамхи худалдаж авахгүй гэсэн баталгаа хаана байна вэ.
Ж.Чинбүрэн:
-Олон улсын судалгаанууд илүү жин дарж байгаа. Жин дээр тавиад үзэхээр амт, үнэрийг хорих нь өсвөр үеийн хүүхдүүдийн тамхи татах дур сонирхлыг хязгаарлах чухал арга гэдгийг олон судалгаа баталж байгаа.
П.Наранбаяр:
-Цахилгаан тамхийг хуулийн хүрээнд журамлах гэж байгаа нь сайн хэрэг. Онцгой албан татвар авах нь зүйтэй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаар судалгаагаар хүүхдийг цахилгаан тамхи татах боломжийг хязгаарлахгүй бол тамхи руу татаж оруулж байгаа. Миний бие цахилгаан тамхийг бүр мөсөн хорихийг дэмжиж байгаа. Гэхдээ далд наймаа руу түлхэх асуудлыг харж үзэх ёстой. 21 нас хүрээгүй хүнд зарахгүй гэдэг зааг хязгаарыг маш баримтлах ёстой.
Ө.Шижир:
-Би гишүүн болсон хоёр жилийн ийм сайн хэлэлцүүлэгтэй хуулийн төсөл хараагүй. Улаан, цагаандаа гарч, лоббид автаж байгаа ийм хуулийн төслийг анх удаа харлаа. Тамхи бол тамхи. Импортоор орж байгаа согтууруулах ундаа бүгд татвараа төлөөд явж байгаа. Нэг нь төлөөд, нөгөө нь төлдөггүй байж болохгүй. Сүүлдээ энэ хуулийг татварын хууль болгож мушгин гуйвуулж байна. Үгүй. Энэ бол хүүхэд, өсвөр үеийг муу дадал зуршлаас нь холдуулах тухай хууль. Энэ парламентын гишүүдийг хэдээр худалдаж авсан юм. Хаанаас ямар лобби явж байгааг бүгдийг нь мэдэж байна. Үүнийг цаашид ил хэлнэ. Хууль санаачилсан 71 гишүүн үзэл санаандаа үнэнч байгаарай.
Ингэж хэлэлцээд, Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн санал хураалтыг хойшлууллаа.
Мөн Засгийн газраас өргөн мэдүүлсэн Уур амьсгалын өөрчлөлтийн тухай болон Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.
14 : 33
2026-6-25
Засгийн газар янжуур тамхины Гаалийн татварыг тэглэсэн бууруугаа хүлээсэн
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Б.Түвшин нарын 41 гишүүн санаачилсан Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. Санал хураалтыг 17.00 цаг хүртэл хойшлуулав.
Дараа нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Б.Пүрэвдорж:
-Евразийн эдийн засгийн чөлөөт хэлэлцээртэй холбоотой тамхины асуудал гарна гэж үзээд, 2025 оны арваннэгдүгээр сард Төсвийн хуульд зарчмын зөрүүтэй санал гаргаж байсан. Бүх төрлийн тамхинд ногдох Онцгой албан татварын хэмжээг 30 хувиар нэмэх гэж оруулж байсан. Засгийн газраас энэ асуудлыг яаралтай оруулж ирсэн нь зөв.
Б.Түвшин:
-Онцгой албан татварын асуудлыг дэмжиж байгаа. Энэ бол улсын төсвийн орлогыг хамгаалах, тамхины үнийг бууруулахгүй байх бодлого учраас дэмжиж байгаа. Хамрын тамхийг Онцгой албан татвараас чөлөөлнө гэж заасан. Энэ заалтыг Гаалийн татвараас аваагүй мөртлөө Онцгой албан татвараар оруулаад ирэхээр хуулийн зөрчил болохгүй юу. Хосолсон татвар гэж байгаа. Энэ татварыг ногдуулж буй арга хэлбэрээ тайлбарлаад өгөөч. Засгийн газар, О.Номинчимэг гишүүн нараас санаачилсан Тамхины хяналтын тухай хуулийн төсөл байгаа. Дээр нь Онцгой албан татварын хууль орж ирлээ. Энэ гурван хуулийн давхцал ямар байх вэ. Никотинтой чихэр, гааг яах вэ.
З.Мэндсайхан:
-Хамрын тамхины Гаалийн татвар 20 хувь байсан. Гаалийн татварыг Онцгой албан татвараар өөрчлөөд явна. Хосолсон татвар гэдэг нь тамхин дээр Онцгой албан татвараа аваад явна. Тоо ширхэг дээр мөн татвар тооцно. Энэ бол татварын хувь хэмжээг өсгөх замаар тамхины хэрэглээг бууруулах бодлого. О.Номинчимэг гишүүний хууль дээр Онцгой албан татварыг хөндөхгүй. Зөвхөн тоо ширхгийн татварын өөрчлөлт орж ирнэ. Тэр хуулийг батлах эсэхийг УИХ шийднэ. Түүнээс өмнө татварын хувь хэмжээгээ хадгалах Онцгой албан татварын хуулийг оруулж ирсэн.
Б.Жаргалан:
-Өнөөдөр Онцгой албан татварын асуудал Засгийн газар өөрийнхөө гаргасан алдааг залруулж буй хэлбэр. Засгийн газар анхнаасаа Евразийн хэлэлцээрийг байгуулахдаа хайнга хандсан нь тамхины асуудал дээр илрээд байгаа. Угаасаа Казахстан улсаас тамхины импорт өндөр байгаа нөхцөлд хэлэлцээр хийхдээ импортын татвар тэглэсэн нь хариуцлагагүй үйлдэл. Сүүлийн үед энэ мэт хариуцлагагүй алдаа маш их гарч байна.
З.Мэндсайхан:
-Монгол Улсын Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр Евразийн эдийн засгийн чөлөөт худалдааны хэлэлцээрийг анх тохирсны дагуу бид баталсан. Тэгээд ийм алдаа гарсан байна. Үүнийг Засгийн газар залруулан энэ хуулийг оруулж ирж байгаа.
О.Номинчимэг:
-Өнөөдөр иргэдийн амьдрал хүнд, татвар бууруулахыг хүсэж байгаа, үнэн. Гэхдээ хэзээ ч бууруулж болохгүй татвар гэж байдаг. Энэ бол архи, тамхины татвар. Ирээдүйн хойч үеийнхээ эрүүл мэндийг хамгаалах төрийн бодлого. Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлтийг өргөн барьснаар гурван сарын дараа Евразийн хэлэлцээрийг баталсан. Үүнд Засгийн газар бууруугаа хүлээсэн. янжуур тамхины Гаалийн 30 хувийн татварыг тэглээд оруулж ирсэн. Энэ асуудлаар арга хэмжээ авах асуудлыг байнга ярьж ирсэн. Өнгөрсөн арванхоёрдугаар сард энэ талаар арга хэмжээ авах чиглэлийг Засгийн газарт өгсөн. Гэтэл долоон сарын дараа гуйлгаж байж оруулж ирж байна. Яагаад гэвэл, долоодугаар 22-ноос Евразийн хэлэлцээр хэрэгжиж эхлэх гэж байна. Энэ асуудал дээр эс үйлдэхүй зөндөө байсан. Оруулж ирж байгаа З.Мэндсайхан сайдад баярлаж байна. Өмнөх сайд нар шийдээгүй. Энэ хуулийг Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хольж хутгаж байна.
Хэлэлцээд санал хураалтыг 17.00 хүртэл хойшлуулав.
13 : 18
2026-6-25
Ийм өндөр хүүтэй зээлийн орчинд хэн бизнес хийх юм бэ
Үргэлжлүүлэн Монгол Улсын газар нэршлүүдийг өөрчлөхийг хориглож, цэгцлэх Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ы тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Гишүүд асуулт асууж, үг хэлэв. Санал хураалтыг хойшлуулав.
Бизнесийн эрх чөлөөний тухай болон Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Гишүүд асуулт асууж, үг хэлэв.
Ц.Даваасүрэн:
-Энэ хуулийн нэрийг өөрчилмөөр байна. Бид эдийн засгийн эрх чөлөөгөөр дутсан зүйл байхгүй. Бидэнд хувийн эрх ашиг давамгайлсан төрд байгаа хүмүүсийн ашиг сонирхол байгаа. Үүнийг л өөрчлөх, улстөрчдийнхөө ёс зүйг өөрчлөх хэрэгтэй. Мөн монополь банк санхүүгийн салбар гай болж байгаа. Энэ өндөр хүүтэй зээлийн орчинд хэн бизнес хийх юм бэ. Засах юм энэ байна. Санхүүгийн зах зээлийн орчноо сайн болгож өгөх асуудал. Эрх чөлөө хангалттай байгаа. Дээр нь татварын орчноо өөрчил. Шинээр бизнес эрхэлж буй хүнд өөр татвар тавьж өгдөг байх ёстой. Энэ мэт гай болж байгаа зүйлсээ янзлах хэрэгтэй. Энэ хуульд хууль санаачлах эрхийг хязгаарласан заалт байгаа. Нөгөө талдаа үндэсний аюулгүй байдалтай холбоотой хууль санаачилж болно гэсэн байгаа. Хоёрдмол утгатай заалт байна. Маргаантай заалтыг яах вэ.
Т.Доржханд:
-Нэр томъёогоор хөөцөлдмөөргүй байгаа юм. Агуулга нь бизнесийг дэмжих хууль. Хоёр хуулийн төслөө нэгтгэхдээ попорсон бус бодит нэр томъёогоо өгөөд явах нь зөв байх. Бизнес хийе гэхээр санхүүжилтийн өртөг өндөр байгаа. Өнөөдрийг хүртэл Монголд банкаар дамжуулан санхүүжилт хийдэг. Яагаад гэхээр банк хөрөнгө татахаар 5 хувь, бусад нь 20 хувийн татвар төлдөг. Энэ хуулиар бүгдийг нь 5 хувь болгон тэгшитгэж өгч байгаа. Гэр бүлийн банкуудад хязгаарлалтыг гаднын банкуудад нээж өгч байгаа.
Ингэж хэлэлцээд, санал хураалтыг хойшлуулав.
Засгийн газраас өргөн мэдүүлсэн Орон сууцжуулалтын тухай болон Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай хуулийн төсөл, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн. УИХ дахь АН-ын бүлгээс 3 хоногийн завсарлага авлаа.
12 : 00
2026-6-25
Төрийн өмчит компаниудын шимэгчдийн тухай ярихаар нам, намд л байгаа
Дараа нь Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Ж.Баярмаа:
-Төрийн өмчит компаниуд сонгуулийн менежрүүдийн орогнодог үүр уурхай болсон. Үүгээр зогсохгүй компаниудаар дамжуулан дараа дараачийн сонгуулиудын мөнгийг бэлтгэдэг бааз суурь шахуу болчихсон. Ардын намын ч өөрсдөө үүн дээр дуугараад эхэлсэн. Үүнийг зохицуулах хуулийн төсөл орж ирж буй талархаж байгаа. Гэхдээ нэг зүйл дээр санаа зовж байна. Үндэсний эдийн засгийн ашиг сонирхол, стратегийн ач холбогдол, нийтийн үйлчилгээ гэсэн шалгуурууд, үүнд чиглэсэн компаниуд ажиллана гэдэг нь хэтэрхий ерөнхий байна. Одоо ч тийм байгаа. Нарийн ялгаа заагийг нь яаж гаргах вэ. Явсаар энэ олон ашиггүй ажиллаж байгаа компанийг бүгдийг нь байхгүй болгох ёстой байтал үйл ажиллагааг нь үргэлжлүүлэх хүртэл явчихгүй байгаа. Явж явж нэг сайд төрийн өмчит компани удирдах шаардлага гардаг. Үүнийг халж, хувийн хэвшил, эсвэл мэргэжлийн баг удирдах санал тусгагдаагүй санагдаж байна. Жишээ нь, ямар үйл ажиллагааг хувийн хэвшлээр ямар ажил үйлчилгээ эрхлүүлж болно, болохгүй гэдэг шалгуур тодорхойгүй. Төр хүнсний зах хүртэл ажиллуулж байгаа. Хувийн хэвшил хүнсний зах ажиллуулж чадахгүй гэж үзээд булаацалдаад байдаг юм уу. Энэ хууль батлагдсанаар хэдэн төрийн өмчит компани байхгүй болох вэ.
П.Сайнзориг:
-Төрийн өмчит компанигүй улс орон гэж байхгүй байх. Харин ямар чиглэлийн компаниудыг авч үлдэх үү. Яаж ашигтай ажиллуулах уу. Хэн нэгэн этгээд улс төрийн томилгоогоор шимэгчилдэггүй байх уу гэдгийг энэ хуулиар зорьж байгаа. Энэ хуулийн бас нэг зорилго бол олон нийтийн хяналтад оруулах. Хувьчлах гэсэн үг. Хувьчлах үе шатыг ил тод, биржээр арилжаалах нөхцөл байдал руу орно. Монгол Улсын үндсэн зовлон авлига. Авлига нь төрийн өмчит компаниуд дээр байгаа. Төрийн өмчит компаниудын менежмент сайжрах юм бол улс төрийн намын санхүүжилт ч яригдана. Зөв зүйл рүүгээ явна. Авлигын индекс буурна. Төслийн долоодугаар зүйл дээр төрийн өмчлөлийн бодлого гэж байгаа. Энэ заалтаар УИХ төрийн өмчит компаниуд нэг бүрчлэн ярина. Хувийн хэвшил хийх боломжтой зүйл дээр зоригтой шийдвэрүүд гарна. Хувьчилна. Төрийн өмчит компани үүсгэн байгуулах үндэслэлүүд дээр олон судалгаанд үндэслэхээр хуульчилж байгаа. Цаашид мэргэжлийн баг удирдана. ТУЗ болон гүйцэтгэх удирдлага дээр улс төрөөс ангид байх шалгуур тавьж өгч байгаа.
Ж.Баярмаа:
-Төрийн өмчит компаниудыг шимэгчилж амьдардаг бүхэл бүтэн арми бий болсныг хаа хаанаа хүлээн зөвшөөрч байгаа юм байна. Тэгвэл яг одоо ямар компаниудыг татан буулгаж, нэгтгэх судалгаа байгаа юу. Энэ хууль гараад хэдэн компани татан буугдах вэ.
Д.Үүрийнтуяа:
-Энэ хууль бол төрийн өмчит компаниудын одоогийн нөхцөл байдлыг сайжруулах хууль. Өмчийн асуудлыг Нийтийн өмчийн тухай хуулиар зохицуулна. Өнөөдөр төрийн өмчит компанийн бодлогыг энэ хуулиараа Засгийн газар боловсруулж, УИХ батлах ёстой. Энэ хуулийн ар дээр бид намар үндсэн чиглэлийг батлах ёстой. Энэ хууль батлагдсанаар дараа дараагийн хяналтын тогтолцоо бүрдэх юм. Төрийн өмчит компаниудын шимэгчдийн тухай ярихаар нам, намд л байгаа. Хяналт, бүтээмжийн өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа.
Ингэж хэлэлцээд,Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн санал хураалтыг хойшлуулав.
Дараа нь Төрийн хэмнэлтийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Мөн санал хураалтыг хойшлуулав.
10 : 15
2026-6-25
Бүтээгдэхүүн хуваах гэрээнд ашигт тосны 40 хувийг Монгол Улс авахаар заасан
Хуралдааны эхэнд Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боло хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хувьд хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулж, гишүүдийн олонх саналаар дэмжсэнээр анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ.
Төрийн нууцын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн 45 хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн 68.7 хувь нь дэмжив. Төрийн нууцын жагсаалтыг шинэчлэх батлах хуулийн төслийг гишүүдийн олонх дэмжлээ. Мөн УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нарын 18 гишүүн 2026.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн Төрийн нууцын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ыг хамт өргөн мэдүүлсэн 46 хуулийн төслийг хэлэлцэх эсэхээр санал хураалт явуулсан. Санал хураалтад 87 гишүүн оролцож, олонх нь дэмжсэнээр анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын хороонд шилжүүллээ.
Үргэлжлүүлэн Засгийн газраас санаачилсан Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг хийв. Хууль санаачлагчийн итгэлийг Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр танилцууллаа. Гишүүд асуулт асууж, хариулт авав.
С.Зулпхар:
-Монгол Улсад эрчим хүчний бие даасан байдал онцгой ач холбогдолтой. Газрын тосны үйлдвэр байгуулах нь эдийн засгийн өсөлтийн тулгуур байх болно. Иймээс уг хуулийн төслийг бүрэн дэмжиж байгаа. “Петрочайна дачин тамсаг” компанийн олборлолт жил бүр буурсан байна. Үйлдвэр байгуулагдаад, түүхий эдээ хангаж чадах уу. Мөн газрын тосны хайгуулын ажил ямар түвшинд байгаа вэ. Үйлдвэр байгуулаад, ажиллуулах хүний нөөцийн бэлтгэл хангагдсан уу.
Г.Дамдинням:
-Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт эрчимтэй явж байна. ШУТИС-д дотоодын мэргэжилтнүүдээ бэлдэх чиглэлээр 30 оюутны квот тэтгэлэг өгөөд явж байна. Одоо ажиллаж байгаа инженер, техникийн ажилтнуудаас сургаж эхэлсэн. Хүний нөөцөө Энэтхэгт ажиллаж байгаа үйлдвэрүүдэд дадлагажуулна. Газрын тосны нөөцийн тухайд үйлдвэр өөрөө 1.5 сая тоннын хүчийн чадалтай. Бид оргил үедээ 1.2-1.4 саяыг олборлож байсан. Одоо 380 орчим мянгыг олборлож байна. Их газрын хайгуулд оролцох сонирхол илэрхийлж буй компани цөөн байдаг. Бид “Петрочайна” компанийн удирдлагатай уулзсан. Тэдний талаас гэрээний үүргээс гадуур байр сууриа тодорхой болгоод өг гэдэг. Одоогийн байдлаар газрын тосны хайгуулын 10 талбай, уламжлалт бус газрын тос буюу занар долоон талбайд хайгуулын ажил явж байна. Газрын тосны олборлолт буурах хандлагатай байгаа. Үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллахад, Монгол Улсын хэрэглээний 50 хувийг хангана.
О.Алтангэрэл:
-Энэ хууль батлагдсанаар газрын тосны хайгуул олборлолт нэмэгдэнэ гэж байна. Яаж нэмэгдэх вэ?
Ж.Энхбаяр:
-Монгол Улс 1.4 сая тонн газрын тос олборлож байсан өнөөдөр дөнгөж 200 мянган тонн руу буурсан. Шалтгаан нь хууль эрх зүй, татварын орчин тодорхойгүй. Монгол Улс Засгийн газар анх байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээгээ дагаж мөрдөөгүй. Бүтээгдэхүүн хуваах гэрээнд ашигт тосны 40 хувийг Монгол Улс, 60 хувийг нь хөрөнгө оруулагч авна гэж маш тодорхой заасан. Үндсэндээ газрын тосны салбар асар эрсдэлтэй гэдэг нь үүнээс харагдаж байна. 30 гаруй жилд 4 гаруй тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Буцаан нөхөлт нь 40 гаруй хувьтай яваа юм билээ. Өнгөрсөн хугацаанд 12 сая тонн газрын тос олборлон экспортлож, Монгол Улсын төсөвт 3 их наяд төгрөгийн татвар, шимтгэлийн орлого тушаасан байгаа юм. Хөрөнгө оруулалтаа 30 жил нөхөөгүй. Газрын тосны салбарт хууль эрх зүйн орчноос хамаараад дахин хөрөнгө оруулагч татаж чадсангүй. 1990 оны хуулиар Америк, Австралийн компаниуд орж ирж байсан.
Ингэж хэлэлцээд Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлын санал хураалтыг хойшлуулав.
08 : 58
2026-6-25
Чуулган: Цэцийн гишүүд, Монголбанкны тэргүүн дэдийг томилно
УИХ-ын чуулган өнөөдөр /2026.06.25/ хуралдана. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.
- Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд / УИХ-ын гишүүн Д.Ганмаа нарын 46 гишүүн 2026.05.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх , үргэлжилнэ
- 2.Төрийн нууцын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд / Засгийн газар 2026.03.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх , үргэлжилнэ
- 3.Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуул ийн төсөл / Засгийн газар 2026.03.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх , үргэлжилнэ
- Төрийн нууцын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд / УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нарын 18 гишүүн 2026.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх , үргэлжилнэ
- 5.“Эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалах, үнийн өсөлтийг бууруулах чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
- 6.“Эрчим хүчний салбарын тогтвортой байдал, хэвийн үйл ажиллагааг хангах чиглэлээр авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
- Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд / Засгийн газар 2026.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх , асуулт асуух хугацаа 60 минут /
- Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд / Засгийн газар 2025.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг , асуулт асуух хугацаа 60 минут /📄 Төслийн PDF
- 9.Төрийн хэмнэлтийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл / Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг , асуулт асуух хугацаа 60 минут /
- 10.Төрийн аудитын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл / Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг , асуулт асуух хугацаа 60 минут /
- 11.“ Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл / Засгийн газар 2026.03.17-ны өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг , асуулт асуух хугацаа 6 0 минут /
- Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийг томилох тухай асуудал
- 13.Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудал
- 14.Бизнесийн эрх чөлөөний тухай /Эдийн засгийн эрх чөлөөний тухай/ хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд / Засгийн газар болон УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нарын 3 гишүүн өргөн мэдүүлсэн, нэгтгэсэн төсөл, анхны хэлэлцүүлэг , асуулт асуух хугацаа 60 минут /
- 15.Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд / УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Д.Энхтүвшин, Х.Тэмүүжин, Х.Баасанжаргал нарын гишүүд өргөн мэдүүлсэн, нэгтгэсэн төсөл, анхны хэлэлцүүлэг , асуулт асуух хугацаа 60 минут /
- 16.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд / УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Д.Энхтүвшин , Х.Тэмүүжин, Д.Цогтбаатар, Х.Баасанжаргал нарын гишүүд өргөн мэдүүлсэн, нэгтгэсэн төсөл, анхны хэлэлцүүлэг , асуулт асуух хугацаа 60 минут /
- 17.Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд / УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Х.Тэмүүжин нарын гишүүд өргөн мэдүүлсэн, нэгтгэсэн төсөл, анхны хэлэлцүүлэг , асуулт асуух хугацаа 60 минут /
- 18.Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд / Засгийн газар 2026.06.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх , асуулт асуух хугацаа 60 минут
- 19.Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд / Засгийн газар 2026.06.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх , асуулт асуух хугацаа 60 минут
- 20.Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл / УИХ-ын гишүүн Б.Түвшин нарын 41 гишүүн 2025.05.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх , үргэлжилнэ
- 21.Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудал
- 22.Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл / Засгийн газар 2026.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх , асуулт асуух хугацаа 60 минут
- 23.Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд / УИХ-ын гишүүн О.Номинчимэг нарын 71 гишүүн 2025.09.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут
- 24.Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд / Засгийн газар 2026.05.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг , асуулт асуух хугацаа 6 0 минут
- 25.“ Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай ” Улсын Их Хурлын тогтоолын төсөл / Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг , асуулт асуух хугацаа 6 0 минут /
- 26.Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд / Засгийн газар 2026.05.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг , асуулт асуух хугацаа 60 минут /
- 27.Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл / УИХ-ын гишүүн Р.Сэддорж нарын 36 гишүүн 2026.06.09 -ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх , асуулт асуух хугацаа 60 минут
- 28.Бусад