43 мянга гаруй эрүүгийн хэрэгт хяналт тавьжээ

про

Прокурорын байгууллага наймдугаар сарын 3-7-ны өдрүүдэд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 43778 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ. Энэ хугацаанд гэмт хэргийн шинжтэй 1382 гомдол, мэдээлэл бүртгэгдэж, хэрэг бүртгэлтийн 730 хэрэг шинээр нээсэн байна. Мөн прокуророос 314 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргүүдийн дийлэнх нь хүний эрүүл мэнд, замын хөдөлгөөний аюулгүй байдал болон өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байв.

Тодруулбал:

  • Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг – 102
  • Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг – 81
  • Өмчлөх эрхийн эсрэг – 80
  • Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг – 11
  • Авлигын эсрэг – 10
  • Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг – 8
  • Хүрээлэн байгаа орчны эсрэг – 7
  • Хүний амьд явах эрхийн эсрэг – 7
  • Эдийн засгийн гэмт хэрэг – 4
  • Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг – 2
  • Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг – 1
  • Соёлын өвийн эсрэг – 1 хэрэг тус тус байна.

100-300 МЯНГАН ТӨГРӨГИЙН ХАХУУЛЬ ӨГСӨН ЗУРГААН ХҮНД ЯЛЛАХ ДҮГНЭЛТ ҮЙЛДЖЭЭ

Нийслэлийн прокурорын газраас шүүхэд шилжүүлсэн авлигын зарим хэргийг тодруулбал, Улсын бүртгэлийн ерөнхий газрын нэг цэгийн үйлчилгээний төвийн улсын бүртгэгчид үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хурдан гаргуулах зорилгоор 100-300 мянган төгрөгийн хахууль өгсөн зургаан хүнд холбогдох таван хэрэгт яллах дүгнэлт үйлджээ.

Тэдгээрт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасан “Хахууль өгөх” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна. Харин улсын бүртгэгчид холбогдох хахууль авсан гэх хэргийг тусгаарлан шалгаж байгаа аж.

Мөн “Х” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, зөвлөх инженерээр ажиллаж байсан Р.З нь Монголын Олон улсын арбитрын шүүхэд хянагдаж буй хэрэгт шинжээчээр ажиллах явцдаа үнэлгээний дүгнэлтийг өөрийн саналын дагуу гаргуулахын хариуд нэг тэрбум төгрөгийг хуваан авах санал гаргаж, хахууль өгөхийг завдсан гэх хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байсан И.Б нь санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч Р.Ц-тай бүлэглэн, “Э” ХХК-д 236 сая төгрөгийн санхүүжилт олгож, бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн байна.

Харин “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга, Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан Н.Т-д холбогдох хэрэгт албан тушаалаа урвуулан ашигласан, хахууль авсан болон хахууль өгсөн гэх үйлдлүүдийг шалгаж, нийт дөрвөн хүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ.

МАНСУУРУУЛАХ БОЛОН СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСТОЙ ХОЛБООТОЙ ХЭРГҮҮД

Прокурорын байгууллагаас мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашигласан, хадгалсан болон худалдаалах зорилгоор бэлтгэсэн хэд хэдэн хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн байна.

Тухайлбал, Г.Н нь 2023 оны наймдугаар сард “өвс” гэх нэршилтэй, дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 288.8 грамм сэтгэцэд нөлөөт бодис түүж бэлтгэн хадгалсан гэх хэрэгт, Г.Ж нь мөн төрлийн 443.3 грамм бодис хадгалсан гэх хэрэгт тус, тус холбогджээ.

Мөн Э.Б, Ч.Э нар бүлэглэн 0.1 грамм цэвэр жинтэй метамфетамин олж авч хадгалсан гэх хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн байна.

Б.Т нь худалдаалах зорилгоор нэг грамм цэвэр жинтэй метамфетамин олж авч, тээврийн хэрэгсэлдээ хадгалсан гэх хэрэгт холбогджээ.

Харин Ц.Б, Ц.Б нар бүлэглэн худалдаалах зорилгоор нийт 1.041 кг “өвс” түүж, хадгалсан гэх хэрэгт яллагдагчаар татагдсан байна.

Түүнчлэн А.Г нь Тайландын Вант Улсаас “дроп” гэх нэршилтэй, 285 грамм шингэн, тосорхог сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор захиалж, олон улсын шуудангаар Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн гэх хэрэгт холбогджээ.

57 ИРГЭНИЙГ ХОХИРООЖ, 6.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧРУУЛСАН  ХЭРЭГ

Иргэдэд ихээхэн хохирол учруулсан орон сууцны захиалгын гэрээтэй холбоотой хэргийг мөн шүүхэд шилжүүлсэн байна. Тодруулбал, Б.Ц нь 57 хохирогчтой “Баганат өргөө” хотхоны орон сууцуудыг худалдах, худалдан авах гэрээ байгуулж, нийт 6.5 тэрбум төгрөгийг “Гео Канон төв” ХХК-ийн дансаар болон бусад эд хөрөнгөөр тооцон авсан байна.

Улмаар гэрээгээр халхавчлан бусдыг хуурч, нийт 6.5 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

Прокурорын байгууллага эдгээр мэдээллийг иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт болон хэргийн шийдвэрлэлтийг олон нийтэд ойлгомжтой хүргэх зорилгоор мэдээлсэн байна.

About Author