ШТС-уудад 2.1 мянган тонн АИ-92 автобензин нийлүүлжээ
Гаалийн байгууллагын мэдээллээр 2026 оны наймдугаар сарын 20-ны өдрийн 20:00 цагийн байдлаар урд хилээр 2,175.8 тонн АИ-92 автобензин Монгол Улсын нутаг дэвсгэрт орж ирсэн байна. Импортын хэмжээ нэмэгдэж байгаа ч нийслэл болон орон нутгийн шатахуун түгээх станцуудын нөхцөл байдал байршил бүрээс хамааран харилцан адилгүй хэвээр байна. Тодруулбал, шатахууны шуурхай штабын гаргасан мэдээллээр наймдугаар сарын 21-ний өглөөний 09:00 цагийн байдлаар Тасганы овоо орчмын Петровис ШТС-4 дээр үүрээр 19.5 тонн Евро-92 шатахуун буусан бол АИ-92 бензин 12 тонн, дизель түлш 10 тонныг дараалалгүй хэвийн үйлчилж байна. Мөн Энхтайвны гүүрний доод талын Петровис ШТС-16 салбарт шөнийн 01:00 цагт АИ-92 бензин 15 тонн, Евро-92 шатахуун 48 тонн тус тус нэмэгдэж буусан бөгөөд одоогоор Евро-92 маркийн шатахуун гурван тонны үлдэгдэлтэй, 20-30 автомашины дараалалтайгаар бүх хошуу ажиллуулан борлуулж байгаа аж.
Тасганы овооны Шунхлай ШТС-32 болон Сод Монгол ШТС-39 салбаруудад шатахууны нөөц бүрэн дуусч, үйл ажиллагаагаа түр зогсоожээ.
Мөн Шунхлай ШТС-32-ын хувьд өчигдөр 16:00 цагт буусан 10 тонн шатахуун шөнийн 01:00 цагт дууссан бол, Сод Монгол ШТС-39-ийн 20-ны өглөө авсан нөөц шөнө 24:00 цагт шавхагдсан байна.
Одоогоор Сод Монголын төв агуулахаас ачилт хийж байгаа бөгөөд хоёр станц хоёул дараагийн нийлүүлэлтийг хүлээн хаалттай байна. Түүнчлэн Чингэлтэй дүүргийн Тосгоны овоонд байрлах М-Ойл ШТС-2 салбарт АИ-92 бензин 17.7 тонн, АИ-95 бензин нэг тонны нөөц байгаа хэдий ч “дотоод ажилтай” гэсэн шалтгаанаар одоогоор иргэдэд үйлчлэхгүй байна.
Үнийн мэдээллийн хувьд, Нэс Ойл компанийн нийт зургаан салбар хэвийн ажиллаж байна. Үүнээс Чулуун-Овоо, Налайх, Баруун туруу дахь салбаруудад АИ-92 бензин 3,040 төгрөг, дизель түшш 4,180 төгрөгөөр борлуулагдаж байгаа бол орон нутгийн салбаруудад АИ-92 бензиний үнэ арай өндөр буюу Шарын голд 3,140 төгрөг, Чойрт 3,130 төгрөг, Сайншандад 3,170 төгрөгийн ханштай байна.