Ч.Ундрам: Боловсролын салбар орчин үеийн ариун цэврийн байгууламжтайгаар хүүхдүүдээ хүлээж авахад бэлэн болж байна
Эх сурвалж: Өдрийн сонин
Улсын Их хурлын гишүүн Ч.Ундрамтай ярилцлаа.
-Боловсролын сайд энэ жил нэг ч сургууль, цэцэрлэг нүхэн жорлонгүй болно гэж мэдэгдсэн. Энэ ажлыг анх эхлүүлж, хөөцөлдөж байсан хүмүүсийн нэг нь та. Чухам яагаад энэ ажлыг эхлүүлэх болсон талаараа ярихгүй юу?
-Би 2020 онд шинээр УИХ-ын гишүүнээр сонгогдоод намрын чуулганаар 2021 оныхоо төсвийг хэлэлцэж эхэлсэн. Тэр үед би ажлын хэсэгт нь орж ажилласан. Боловсролын сайдаар тухайн үед Л.Цэдэвсүрэн ажиллаж байсан юм. Тэгэхдээ энэ нүхэн жорлонгийн асуудлыг танилцуулж байсан. Би өөрөө багш хүн, боловсролын салбараас сонгогдсон болохоор энэ асуудлыг үнэхээр чухал гэж бодсон. Цэцэрлэг гэхэд л тэр жаахан хүүхдүүд идэр есийн хүйтнээр гадаа бие засах уу. Эсвэл багш нь зөөж асгах уу гээд асуудал их. Бага ангийн хүүхдүүд орой, үдэш нүхэн жорлон руу явахаасаа айгаад үдээс хойш шингэн юм уухаа больчихдог. Дээрээс нь халтирч унаж гэмтэх, ханиад томуу хүрэх, хүчирхийлэлд өртөх гээд олон асуудал байдаг. Мөн нүхэн жорлон гэдэг чинь монголчуудын элэгний өвчлөл, шар өвчин тусах гол шалтгаануудын нэг. Тиймээс энэ асуудлыг хөндөөд, хэдэн төгрөг шаардлагатайг судлаад үзсэн чинь 819 сургууль, цэцэрлэгийн нүхэн жорлонг халахад 100 тэрбум төгрөг хэрэгтэй болсон. Цар тахал гарчихсан, улс мөнгөгүй байж таарсан. Бас Хүүхдийн мөнгийг 30 мянга байсныг 100 мянга болгон нэмэгдүүлэхээр Засгийн газар өргөн барьчихсан байсан. Тэр үед нь Хүүхдийн мөнгөө 70 мянга болгоод зөрүүгээр нь энэ жорлонгийн асуудлыг шийдчихье гэдэг санал хүртэл гаргаж байлаа. Төсвийн байнгын хорооны даргаар Б.Жавхлан гишүүн ажиллаж байсан юм. Би хүсэлт тавихад Б.Жавхлан гишүүн их уриалгахан хүлээж аваад бид хоёр мөнгөний эрэлд гарсан.
-Тэгээд Эрдэнэт үйлдвэр санхүүг нь гаргахаар болсон биз дээ?
-Тийм, Эрдэнэт үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн, Санхүү хариуцсан дэд захирал Д.Үүрийнтуяа нартай уулзаад, тэд санхүүг нь шийдэхээр зөвшөөрсөн. Ингээд мөнгөтэй болчихсон учраас УИХ-ын тогтоолын төсөл санаачлаад батлуулж байлаа.
Дараа нь хэрэгжилтийг нь хангуулах ажлын хэсэг байгуулсан. Ер нь их хүнд ажил юм билээ. Нийт 330 сум өөр өөр хөрс, газартай, сургуулиуд нь том жижиг, дотуур байрны хүчин чадал нь өөр байдаг. Зарим нь усгүй, зарим нь цэвдэгтэй гээд асуудал их байсан. Тиймээс ариун цэврийн байгууламж бүр дээр тус тусдаа зураг төсөл гаргасан. Дөрвөн үе шатад хуваагаад зургаан жилийн дараа энэ ажил маань бүрэн дуусч байна. Би өөрөө Боловсролын байнгын хорооны дарга байхдаа ажлын хэсэг байгуулж, энэ ажлынхаа араас анхаарал хандуулж явж байлаа.
-Тэгэхээр сум бүр дээр нарийвчилж ажилласан гэсэн үг үү?
-Тэгэхээс өөр арга байхгүй юм билээ. Жишээлбэл, Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд л гэхэд анхны орчин үеийн ариун цэврийн байгууламж болж байгаа юм. Сангийн асуудал мэддэг нэг ч хүн байхгүй. Технологийн шийдэл нь бохироо 98 хувь цэвэршүүлээд саарал ус болгодог. Тийм болохоор соруулж аваад тоос дарах, мод услах зэргээр ашиглаж болно. Гэвч тэр суманд бохир соруулах машин байхгүй гээд асуудлууд үүссэн. Дээрээс нь тэр бие засах газраа ашиглах дадал хүүхдүүдэд байхгүй, тааламжгүй хүлээж авах ч тохиолдлууд байсан. Тэгэхээр энэ чинь нэг ёсондоо “Соёлын довтолгоо” гэдэг шиг зүйл болж байгаа юм. Зарим сум нь бүр нойлоо цоожилчихсон. Тэгээд биднийг очиход сайхан цэвэрхэн жорлон үзүүлдэг байсан.
-Үзүүлэнгийн маягаар ашиглаж байсан юм биш үү?
-Харин тийм. Тиймээс хэрэглэ, хүүхдүүдээ дадалтай болго гэсэн зөвлөмж хүртэл өгч байлаа. Энэ чинь дотуур байранд болохоор эрэгтэй, эмэгтэй шүршүүртэйгээр хийгдсэн. Тийм болохоор дотуур байрны багш, хүүхдүүд их сэтгэл хангалуун байдаг юм. Тэгэхээр энэ бол ахуйн ариун цэвэр, эрүүл мэнд, хүүхэд хамгаалал гээд маш олон талын ач холбогдолтой, том ажил болсон. Гэвч зарим асуудлыг нь шийдэхэд хүндрэлтэй зүйлс бас бий. Төв аймгийн Баянхангай сум гэхэд л нойлоо барьчихсан. Гэтэл ус байхгүй. Гэсэн хэдий ч ямар ч байсан боловсролын салбар энэ жил бүх нүхэн жорлонгоо халсан. Орчин үеийн ариун цэврийн байгууламжтайгаар хүүхдүүдээ хүлээж авахад бэлэн болж байна.
-Цаашдаа сангийн мэргэжилтнүүд бэлдэх, бохир сорох машиныг нь шийдэж өгөх гээд ажил үргэлжлэх үү?
-Тэгнэ, хоёрдугаар үе шатыг нь бид Боловсролын яамтай ярьж байгаа. Жишээлбэл, Дархадын хотгорын гурван сумын дунд нэг бохирын машин авч өгье. Сангийн асуудлыг нь гэрээлээд явъя гэж байгаа. Түүнээс сургууль, цэцэрлэг бүрд сангийн хүн ажиллуулах хэцүү. Тийм болохоор бүсчлээд дуудлагаар сангийнх нь үйлчилгээг үзүүлдэг байдлаар шийдэхээр ярьж байна.
-Зургаан жилийн хугацаанд тасралтгүй үргэлжилж байж ажил хэрэг болсон гэж байна. Тэгэхээр нэлээд сайн хөөцөлдөлгөөтэй байсны үр дүн байх, тийм үү?
-Араас нь уйгагүй хөөцөлдсөн. Чуулган, байнгын хорооны хурал болгон дээр шахуу шахаж шаардаж, тайланг нь нэхэж, газар дээр нь очиж танилцаж байсан. Тийм учраас одоо биеллээ олж байна. Ер нь энэ ажилд оролцсон хүн болгон ач холбогдлыг нь маш сайн ойлгож, сэтгэл зүрхнээсээ хандсанд баяртай байгаа. Барилгын хөгжлийн төвөөс маш яаралтайгаар зураг төсвийг нь хийж батлуулах ажлыг хийсэн. Явцын дунд төсөвт өртөг нь нэмэгдээд нийтдээ 160 тэрбум төгрөг болсон.
-Энэ мөнгийг Эрдэнэт үйлдвэр бүгдийг нь гаргасан уу. Нийгмийн хариуцлагын хүрээнд хийсэн ажил уу?
-Тэгсэн, Эрдэнэт үйлдвэрийнхэн маань үнэхээр буянтай ажил хийсэн. Тиймээс тус үйлдвэрийн нийт ажилтан, албан хаагч нарт талархал илэрхийлье.
-Эрүүл мэнд, гэмт хэргийн гаралт гээд дараа нь үр дүнгийн судалгаа хийх үү?
-Манай Боловсролын байнгын хороон дээр О.Саранчулуун гишүүн маань яг энэ асуудлыг дэвшүүлж байсан. Нийгмийн эрүүл мэндийн талаас нь сумдаас мэдээллийг нь аваад харьцуулж үзэх боломжтой л доо. Гэхдээ өвчин гэдэг олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Тэгэхээр статистик мэдээлэл гаргахад жаахан төвөгтэй байх болов уу.
-Чуулганы завсарлагааны үеэр та ямар ажил амжуулав?
-Би энэ хугацаанд Номын сангийн тухай хууль дээр ажиллаж байна, намрын чуулганаар өргөн барихаар бэлдэж байгаа. Үндэсний номын сан бол нэг ёсны Монгол Улсын оюун санааны архив, үнэт өвийг хадгалж байдаг газар. Тийм болохоор энэ газар сумын номын сантай нэг бодлогоор явах ямар ч боломжгүй. Их сургууль, Ерөнхий боловсролын сургуулийн номын сангууд хүртэл хоорондоо харилцан адилгүй байдаг. Тийм болохоор хуулийг нь шинэчлэх шаардлагатай юм байна гэж үзсэн. Дээрээс нь өнгөрсөн онуудын төсвийг харж байхад номын сангийн баяжуулалтын төсөв гэж олигтой мөнгө огт тавигдаагүй байсан. Сумын номын сангийн баяжуулалтын төсвийг ИТХ нь суулгаад явах ёстой. Гэтэл зарим нь суулгахаасаа суулгахгүй нь их. Жилд 20 мянган төгрөгийн төсөв тавьж байх жишээтэй.
-Сумын номын сангууд ихэвчлэн хандиваар л ном цуглуулаад байдаг юм билээ?
-Тийм, гэхдээ хандиваар ном цуглуулахад бас учир байна. Яах вэ, сайн номууд бас цуглардаг л байх. Гэвч гадаадын зөөлөн хүчний бодлогоор хэвлэгдсэн, манай түүх, соёлыг гуйвуулсан ч юм уу, тиймэрхүү номыг тараавал яах вэ. Тийм учраас үүн дээр нэлээд хяналттай байх ёстой гэж бодож байгаа. Энэ долоо хоногоос хуулийн төслөө D-parliament дээр байршуулж, иргэдээс санал авахаар төлөвлөж байна. Мөн ССАЖЗ-ын сайдаар ажиллаж байхдаа аймгуудыг өөрийн гэсэн эвент, фестивальтай бол гэж зөвлөж, уриалж байсан. Энэ зун маш их эвент боллоо. Манай Сэлэнгэ аймаг л гэхэд “Хоймор” грийн гээд фестивальтай болсон. Үүнийгээ дагаад их олон жуулчин хүлээж авлаа. Үүнийг их зөв юм болов уу гэж би бодоод байгаа. Сэлэнгэчүүдийн хувьд сайхан наадсан. Шинэ аваргынхаа мялаалга наадмыг сайхан хийлээ.
-Засгийн газраас төсөвт тодотгол хийхээр өргөн барьсан. Үүн дээр та ямар байр суурьтай байна вэ?
-Төсөв тодотгох чинь өөрөө хуультай. Тодорхой үндэслэлүүд байж тодотгоно. Гэхдээ тодотгохоос өөр аргагүй болсон байх гэж бодож байна. Багш, эмч нарын цалинг нэмэх шийдвэр гаргасан ч төсвийн тооцоолол нь буруу байсан. Тэгэхээр энэ асуудал байгаа. Мөн төсвийн орлого нэлээд дутаж байгаа байх гэж бодож байна. Ирэх оны төсөв ч гэсэн нэлээд хүнд байх болов уу. Хаврын чуулганаар Нийгмийн даатгалын багц хууль, Татварын багц хуулийг баталсан. Зарим заалтууд нь ирэх жилээс хэрэгжиж эхэлнэ. Тийм болохоор нэлээд хүнд төсөв болох болов уу гэж хараад байгаа юм.