Ч.Лодойсамбуу: АН юм л бол огцор гэдгээс өөр зүйлгүй нам байж болохгүй
Эх сурвалж: Zuv.mn
Ардчилсан намын удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр Төрийн ордонд болж, “Өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөнийг орон даяар эхлүүлж буйгаа албан ёсоор зарлалаа. Үүнтэй холбогдуулан бид УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугаас зарим зүйлийг тодрууллаа.
Тэрбээр, “Ямар нэгэн байдлаар Засгийн газрыг огцруулах намын даргын бичиг дээр гарын үсэг зурах манай бүлгийн одтой шийдвэр гараагүй. Бүлгийн шийдвэр гараагүй зүйл дээр гишүүд өөрсдийн байр суурьтай л байна. АН өнөөдөр Монголчуудын хүсэж байгаачлан төрийг түшдэг хэмжээний бодлогын нам байх ёстой.
Юм л бол огцор гэдгээс өөр зүйлгүй ийм нам байж болохгүй. Төрд сонгогдсон 126 гишүүн чинь өнөөдөр төрдөө, олон нийтдээ тангараг өргөсөн. Улс төр хийнэ гэж тангараг өргөөгүй шүү дээ. Бие биетэйгээ байлдаад байна гэж тангараг өргөөгүй юм.
Одоо байгаа нөхцөл байдал дээр бие биеэ дэгээдэж болохгүй. Ухаалаг сөрөг хүчин байя гэж үүнийг хэлээд байгаа юм. Тиймээс энэ нөхцөл байдлыг давж туулах ёстой. Юм л бол огцруулъя гээд байж болохгүй. Намайг 2028 онд нэр дэвшүүлэхгүй гээд үзэж тараад байх шиг байна. Ардчилсан нам төр “самардаг”, огцор гэдгээс өөр улстөргүй сөрөг хүчин байж болохгүй” гэлээ.