Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл есөн жил сунжирч, захирал Д.Алтанцэцэгийн орлого 10 дахин өсжээ
Эх сурвалж: ZUV.MN
Хувийн хэвшил төлөвлөсөн ажлаа хийж чадаагүй захирлыг ажлаас нь чөлөөлдөг. Харин төрийн албанд чөлөөлж, хариуцлага тооцох нь бүү хэл дээш дэвшүүлдэг жишиг тогтоод удчихлаа. Төсөв захиран зарцуулдаг, улсын амин чухал албанд хэн нэг даргын ойр тойрны хүнийг томилдог, тэгээд хэчнээн ч муу ажилласан томилуулсан дарга нь уначихгүй л бол ажилласаар л байдаг, том дарга нь чөлөөлөгдөж гэмээ нь сайн ажилласан ч бай шууд халдаг гаж жишиг төрийн албанд байна. Үүний нэг жишээ нь Газрын тос боловсруулах үйлдвэрийн захирал Д.Алтанцэцэг юм.
Тэрбээр Монгол газрын тос боловсруулах үйлдвэр төслийн ерөнхий инженерээр 2017 онд ажиллаж байгаад 2018 оноос одоог хүртэл захирлаар нь ажиллаж байна. Энэ хугацаанд жилийн орлого нь 21.9 сая төгрөгөөс 222.9 сая болтлоо 10 дахин өссөн ч газрын тос боловсруулах үйлдвэрийн маань ажил нэг л ахиж өгөхгүй, өнөөдөр бид Qr код уншуулж шатахуунд очерлоно гэж элий, балай зүйл яриад сууцгааж байна. Тэрбээр 2017 онд 315 сая төгрөгийн хадгаламжтай байсан бол 2025 оны байдлаар 729.3 сая төгрөгийн хуримтлалтай болжээ.
Даргын цалин хөлс, амьдралын баталгаа сайжраад байдаг, хариуцаж авсан ажил нь ахиц дэвшил багатай, хэдэн ч Засгийн газрын нүүр үзэв. Өнөө Д.Нацагдоржийн зохиолд гардаг шиг “Дагдангийн эхнэрийн таргалсан, Цэрмаагийн турсан яг тэнцэнэ” гэдэг шиг даргын маань амьдрал сайн дээрээ улам дээшилж, дундаж иргэдийн амьдрал доошилсон дүр зурагтай байна. Хэзээ бид газрын тос боловсруулах үйлдвэртэй болж, шатахууныхаа ядаж 50 хувийг дотоодоосоо хангах юм бол доо.



