ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БНХАУ-Д ХИЙСЭН АЙЛЧЛАЛЫН ХҮРЭЭНД ГУРВАН ТЭРБУМ ЮАНИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ МОНГОЛД ТАТЛАА

0

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чяны урилгаар зургадугаар сарын 26-нaaс долдугаар сарын 1-нд БНХАУ-д албан ёсны айлчлал хийсэн. Олон улс судлаачдын зүгээс энэхүү айлчлалыг ихээхэн үр дүнтэй болсны сацуу эрчим хүчний чиглэлд томоохон ахиц боллоо хэмээн дүгнэж буй. Тухайлбал, Олон улсын харилцааны судлаач Д.Баярхүү “Айлчлал гэдэг бол хамтын ажиллагаа тодорхой чиглэл рүү орж байгаа юм. Ерөнхий сайдын айлчлалыг товч дүгнэвэл эрчим хүчний айлчлал. Монгол Улс эрчим хүчний асуудлыг шийдэхэд хамтын ажиллагааг хэрхэн ашиглах вэ гэдэгт төвлөрсөн айлчлал боллоо.

Эрчим хүчний гэдэг агуулгаар анхны айлчлал болж байна. Ерөнхий сайд таван асуудлыг онцлон ярьж байгаагийн нэн тэргүүнд Ганц мод-Гашуунсухайтын хилийн төмөр замын холболтын асуудал байлаа. Төмөр замын боомт, холболтуудыг ярьж байгаагийн цаана эрчим хүчний асуудлыг агуулж байна” хэмээн дүгнэсэн юм.

Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд МҮХАҮТ, БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хороо хамтран “Монгол-Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа” форумыг Бээжин хотноо зохион байгуулсан. Тус форумд Хятадын талаас 350 гаруй, Монголын талаас 150 гаруй аж ахуйн нэгж оролцов. Форумд оролцож тэргүүлэх илтгэлийг тавьсан БНХАУ-ын аж ахуйн нэгжүүд Монголд сэргээгдэх эрчим хүчний чиглэлд их хэмжээний нөөц байгааг онцолж, хамтарч ажиллах саналаа илэрхийлж байв. Тухайлбал, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны дарга тавьсан илтгэлдээ “Монгол Улс ногоон хөгжилд түшиглэсэн маш их нөөцтэй. Тодруулбал, нүүрснийхээ потенциалтай ижил түвшинд сэргээгдэх эрчим хүчний нөөц бий. Манай банк сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтарч ажиллахад бэлэн байна. Үүнээс гадна Монгол Улс дэлхийд хоёр дахь том хуурай газар. Тиймээс боомтын болоод дэд бүтэц зэрэг хоёр орны эдийн засагт хамтарч ажиллахад бэлэн байна” хэмээн байр сууриа илэрхийлж байв. Тус форумын үеэр 50 гаруй аж ахуйн нэгж гурван тэрбум юанийн хөрөнгө оруулалт татаж, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин форумыг дүгнэхдээ “Энэхүү форумд оролцох аж ахуйн нэгжийн сонирхол их байсан учраас чанар болоод салбарын сонирхлыг харгалзаж үзсэн. Форумд дэд бүтэц, сэргээгдэх эрчим хүч, уул уурхай, боловсруулах үйлдвэрүүд зэрэг салбарынхан оролцож байна. Уул уурхайн гүн боловсруулах үйлдвэр чиглэлд Хятадын талын сонирхол өндөр байна. Бид бусад салбарыг төрөлжүүлэх нь чухал байна. Тээвэр ложистик, ноос ноолуурын салбар ч гэдэг юм уу, шинэ салбар бидэнд хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, Хятадын өндөр технологийг ашиглаж гуравдагч орон руу тэр дундаа Япон, Европын зах зээл рүү экспорт хийх сонирхлыг Хятадын талаас тавьж байна. Ерөнхий сайдын айлчлалын гол агуулга нь боомтын гарцыг нэмэгдүүлэх байсан. Энэ утгаараа боомтын гарц, төмөр замын холболтын асуудал бодитой ажил хэрэг болж хэрэгжиж байна.

Нэг анзаарагдсан зүйл нь ковид, геополитикийн нөхцөл байдалтай холбоотой болов уу, ерөнхийдөө эдийн засаг Хятад, Ази руу шилжиж байна. Үүнийг дагаад бидэнд байгаа боломжийг бодитой бизнес болгох маш тодорхой саналуудыг Хятадын талаас тавьж байна. Жишээлбэл, манай зэс хайлуулах үйлдвэрийг ихээхэн сонирхож, бидэнд саналаа илэрхийллээ. Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны дарга ч сэргээгдэх эрчим хүчний чиглэлд тодорхой саналыг хэлж байна. “Бид экспортыг нэмэгдүүлэх тухай их ярьдаг. Тэгвэл бидэнд уул уурхайгаас илүү боломжтой салбар нь нар болон салхины эрчим хүч. Үүний гол худалдан авагч, мөн хөрөнгө оруулагч нь БНХАУ байх сонирхлыг илэрхийлж байна. Энэ бол том алхам” гэв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ форумыг нээж үг хэлэхдээ “Бид хөрөнгө оруулалтын чиглэлд гаргаж байсан өмнөх алдаагаа засна… Хөрөнгө оруулагчдаасаа албан ёсоор уучлалт гуйж байна…” хэмээсэн юм. Тэгвэл МҮХАҮТ-ын дарга үүнийг дүгнэхдээ “Энэ бол маш чухал алхам. Одоо бид хөрөнгө оруулалтын таатай орчныг яаж бүрдүүлэх вэ гэдэг чухал. Хэрвээ хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлж чадвал эдийн засгаа гурав тэлэх гэсэн бидний зорилт хэцүү биш. Дэлхий нийтэд хамгийн таатай хөрөнгө оруулалтын орчныг бүрдүүлж, урьж байж л эдийн засгаа тэлдэг. Дундаж цалин хөлс нэмэгддэг. Утаанаас авахуулаад боловсрол, эрүүл мэнд, нийгмийн тулгамдсан асуудлууд шийдэгддэг. Тиймээс амлалт өгч цаашид алдаагүй засна хэмээн уучлалт гуйж байгаа нь тун чухал” гэлээ.

Мөн тэрбээр “Хятадын төрийн өмчит компаниуд илүү эрчим хүч, уул уурхай, дэд бүтцийн салбарт үйл ажиллагаа явуулж байна. Монголын нүүрсний хамгийн гол худалдан авагч нь хятадууд. Зэсийн гүн боловсруулалтаар БНХАУ тэргүүлж байна. Бид худалдан авагчаа дэлхийгээс хайгаад байх биш энд байна шүү. Цаашдаа зөвхөн түүхий эд боловсруулах гэхээсээ илүү гүн боловсруулалт дээр илүү хамтарч ажиллах шаардлага байна. Ингэж чадвал Монголд нэмүү өртөг ихээр бий болно. Энэ бүгдийг хийхийн тулд манайх эрчим хүчээ сэргээхээс эхэлнэ. Эрчим хүчний салбарт бүгд өндөр ач холбогдол өгч байна. Гэхдээ нүүрснээс татгалзахыг сануулж байна. Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк бид илүү ногоон сэргээгдэх эрчим хүчийг идэвхтэй дэмжинэ. Дэлхий дээр 300 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт оруулна гэлээ. Энэ бол маш том боломж. Сэргээгдэх эрчим хүчний нийт нөөц гурван Tera. Тиймээс манайд маш их нөөц байна гэсэн үг. Үүний санхүүжилт нь байна. Бид сэргээгдэх эрчим хүчээр зөвхөн Монголыг хангах бус Азийн супер сүлжээ рүү экспортлох өргөн боломж бий болно. Өнөөдөр манай улсын нийт хэрэглээ 1.5 GB байгаа шүү дээ.

Одоо манай нүүрсний уурхайнууд 100 сая тонн нүүрсийг олборлох боломжтой. Нүүрсийг хамгийн их экспортолсон он нь 2019. 36 орчим сая тонн нүүрсийг экспортолсон. Үүнийг гурав дахин нэмэх боломж байна. Гэхдээ экспорт хаана гацаад байна гэхээр дандаа хилийн боомт дээр гацаад байна. Тиймээс бид шинэ технологийг нэвтрүүлэх ёстой. Машинаар тээвэрлэхээс гадна төмөр замаар тээвэрлэх. Тасралтгүй, найдвартай ажиллах боломжтой орчин үеийн шинэ технологи болох конверийн технологийг нэвтрүүлэх ёстой. Боомтуудын нэвтрэх хүчин чадлыг зөв зохион байгуулах ёстой. Ингэж чадаж байж бид 40 биш 100 сая тонн нүүрс экспортлох боломж байна. Ингэхийн тулд энэ хэсэгт хувийн хэвшлийн хамтын ажиллагаа хөрөнгө оруулалтыг Засгийн газар дэмжих ёстой. Төр өөрөө заавал бүтээн байгуулах шаардлагагүй” хэмээв.

Харин Сангийн сайд Б.Жавхлан “Боомтын асуудал бидний потенциаль, гадаад худалдааг өргөжүүлэх боломжийг сүүлийн 20-иод жил хязгаарласан байдалтай байна. Энэ асуудалд манай талаас шалтгаалж байгаа зүйлүүдийг энэхүү удаагийн айлчлалаар гаргаж тавьж гацаанаас гаргах чиглэлд ахицтай айлчлал боллоо. Энэ удаагийн айлчлалын гол онцлог нь төрийн байгууллагууд, Засгийн газрын хооронд ажлын уялдаа холбооноос гадна төр хувийн хэвшил болон хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагааг сэргээсэн. Цаг хугацааны хувьд цар тахал болон дэлхийн геополитикийн дараа шинэ үүсч байгаа асуудлууд, дараагийн 30-50 жилийн дэлхийн хөгжлийн чиг хандлагыг эхлүүлж байгаа цаг хугацааны гараан дээр болж байгаагаараа онцлог юм. Дэлхийн эдийн засгийн төвлөрөл болон нийгмийн хөгжлийн чиг хандлага Ази руу чиглэж байгааг бүгд хүлээн зөвшөөрч байгаа энэ шинэ цаг үед энэхүү удаагийн айлчлалын ач холбогдол оршиж байна. Монгол-Хятадын худалдааны гол төвлөрөл нүүрс биш. Бусад салбаруудад ч боломж байгаа. Тиймээс үүн дээрээ түлхүү ажиллая гэсэн асуудлыг дэвшүүлж байна. Тухайлбал, эрчим хүчний салбар. Энэ салбар нь тээвэр ложистик болон “Нэг бүс-Нэг зам” гэсэн бүс нутгийн томоохон эдийн засгийн ардчиллын асуудал дээр хамтарч ажиллах ёстой. Тэр дундаа Монгол Улсын оролцоо өндөр байх ёстой гэдэгт Хятадын талаас бидэнд уриалж байна” гэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *