Сүүлд нэмэгдсэн

Онцлох

Шинэ мэдээ

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “ДЦС-3” ТӨХК-д ажиллаж, өгсөн үүрэг даалгаврынхаа хэрэгжилтийг шалгалаа.

Өнгөрсөн зургаадугаар сарын 02-нд  50 МВт-ын өндөр даралтын станцад осол гарч, үйлдвэрлэлийн барилга галд өртөж, есдүгээр турбогенератор ажиллагаагүй болсон. Ослын улмаас үүссэн уршиг, үр дагаврыг арилгах, хэвийн горимд шилжүүлэх хүрээнд гурван багц арга хэмжээ авч байгааг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч Н.Тавихбэх нар танилцууллаа. 

Галд өртсөн барилгыг буулгаж, шинээр барих ажлыг энэ сарын 25-нд эхлүүлж, ирэх арваннэгдүгээр сарын нэгэнд дуусгахаар төлөвлөжээ.

Мөн дулаан үйлдвэрлэлийг тасалдуулахгүйн тулд дулаан үйлдвэрлэх системийн горимыг энэ оны аравдугаар багтаан өөрчилнө. Ерөнхий суурь ажлууд хийгдэж дууссан. Гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах хэлцэл хийж байна. 

Гуравдугаарт, ес болон долоодугаар турбогенераторыг бүрэн шинэчилж, 2025-2026 оны өвөл бүрэн ашиглалтад оруулахаар зэхэж байна. Есдүгээр турбогенератор нь осол гарсан хэсгийн цахилгаан дамжуулах өндөр даралтын станц юм. 2014 онд 50 МВт-аар тус станцыг өргөтгөж ашиглалтад оруулсан. 25 МВт-ын долоодугаар турбогенератор ослын улмаас зогсоод байгаа 50 МВт-ыг нөхөх зориулалттай. Засварын ажлыг халаалтын улирлаас өмнө дуусгахаар төлөвлөжээ. Эхний ээлжинд хуучин долоодугаар  турбогенераторыг засварлаж, цахилгааны доголдол үүсэхээс сэргийлж ажиллуулах ажээ. 

Ирэх жилийн арванэгдүгээр сараас өмнө долоо ба есдүгээр турбогенераторыг шинэчилнэ. Шинэчлэлд зарцуулах эхний төсвийг төсвийн тодотголд суулгасан. Үлдсэн төсвийг ирэх оны төсөвт суулгана. Есдүгээр турбогенераторыг БНХАУ-д захиалж хийлгэхээр судалж байгаа гэж Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч Н.Тавихбэх ярилаа.

Мөн дунд даралтын станц болох 48МВт-ын станцыг ОХУ-тай хамтран шинэчлэх төслийг эхлүүлжээ. 1968 онд ашиглалтад орсон тус станцын ашиглалтын хугацаа дуусаад 33 жил болж байгаа ч ажиллуулж байна. Тиймээс бүрэн шинэчилж  хүчин чадлыг нь 250МВт-аар нэмэгдүүлж, 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. 

Ерөнхий сайд Г.Занданшатар засвар, шинэчлэлийн ажлаа эрчимжүүлж, өвөл гал алдахгүй байхад анхаарч, эв нэгдэлтэй ажиллахыг эрчим хүчний салбарынханд сануулаад дараах үүрэг даалгаврыг өглөө. Салбарын хэмжээнд данхар бүтэц, шаардлагагүй орон тоогоо багасгаж, үргүй зардлаа хасаж, саналаа боловсруулаад энэ сард багтаан танилцуулах, салбартай холбоотой тендерийн цавчаа, шахаа, хулгай гэх мэт маш ихээр яригддаг асуудлыг цэгцлэх,  данхар бүтцийг багасгаж, шаардлагагүй зардлыг хэмнэх зэрэг арга хэмжээг нүүрсний уурхайнуудад ч авч хэрэгжүүлнэ. Засгийн газар бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааны болон санхүүгийн шалгалт хийж асуудлыг цогцоор нь шийдвэрлэнэ. Шаардлагагүй нэгжүүдийг татан буулгах, нэгтгэх, хувьчлах санал боловсруулж ирэх сарын 15-ны дотор Засгийн газарт танилцуулах үүрэг өглөө.

Бөөрөлжүүтийн цахилгаан станцын хоёрдугаар блок нь 150 МВт-ын хүчин чадалтай. Энэ оны арванхоёрдугаар сард ашиглалтад орно. Мөн Сэлэнгэ аймагт цахилгаан станц барьж эхэлсэн, Завханы Тосонгийн дулааны цахилгаан станц, баттерей хуримтлуурууд, нарны станцууд нэмэгдсэнээр энэ өвлийг эрсдэлгүй давна гэж Ерөнхий сайд мэдэгдлээ.

Улсын хэмжээнд  зургадугаар сард нийт 295,704 зөрчил бүртгэгдсэн нь өмнөх сартай харьцуулахад 20.8 хувиар буурсан үзүүлэлт юм. Бүртгэгдсэн зөрчлийн 78.2 хувь нь нийслэлд, 21.8 хувь нь орон нутагт байна. Эдгээр зөрчлийн 99.7 хувь нь цагдаагийн байгууллагын бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэгдсэн бол 1.3 хувийг нь Гааль, Татвар, Гадаадын иргэн, харьяатын газар, Онцгой байдлын газар зэргээс шалгасан байна.

Мөн сард зөрчил гаргасан 293,904 хүнд шийтгэл оногдуулсан нь өмнөх сараас 21.2 хувиар, 1210 хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан нь өмнөх сараас 3.8 хувиар тус тус буурсан үзүүлэлт юм. Шийтгэл оногдуулсан иргэдийн 73.4 хувь нь эрэгтэй, 26.6 хувь нь эмэгтэй байсан бол 61.2 хувь нь 26–45 насныхан байжээ. Зөрчлийн шийтгэлийг оногдуулахдаа 283,056 зөрчлийг газар дээр нь шийдвэрлэсэн. Үүнээс 2.6 хувь нь бүртгэлд авч хялбаршуулсан журмаар, 1.3 хувь нь шүүхээр шийдвэрлэгдсэн аж.

Зөрчлүүдийн улмаас 3.8 тэрбум төгрөгийн хохирол учирснаас 2.6 тэрбумыг нөхөн төлүүлжээ.

Зөрчлийн төрлийг өмнөх сартай нь харьцуулбал, хүний биед халдах зөрчил 45.5 хувиар, замын хөдөлгөөний хууль зөрчилт 44.4 хувиар, гаалийн хууль зөрчилт 43.3 хувиар, оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах зөрчил 41.6 хувиар, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явах зөрчил 37.7 хувиар, төрийн албан тушаалтны үйл ажиллагаанд саад учруулах зөрчил 43.4 хувиар, хүүхдийн эрхийн зөрчил 40.7 хувиар, хулгайлах зөрчил 11.1 хувиар, мөрийтэй тоглох зөрчил таван хувиар тус тус өссөн бол танхайрах зөрчил 44.7 хувиар, гамшгаас хамгаалах хуулийн зөрчил 25 хувь, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой зөрчил 0.4 хувиар бууржээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, Ардын хувьсгалын 104 жил, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой, Улсын баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд ес давж түрүүлсэн Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Тэргүүн Богд” дэвжээний бөх, Улсын начин Энхтүвшингийн Батмагнайд “Улсын арслан” цол олголоо.

Мөн найм давж үзүүрлэсэн Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Жавхлант” дэвжээний бөх, Аймгийн арслан Нямдоржийн Өсөхбаярт “Улсын гарьд” цол олголоо.

Ерөнхийлөгчийн зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр уншиж сонордуулан, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх улсын цолны батламж, шагнал гардуулж, энгэрийн тэмдгийг нь зүүж өглөө.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын төрийн анхны айлчлал өндөрлөлөө. 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нар Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг “Их тэнгэр” цогцолбор дахь өргөө гэрээсээ үдлээ. 

Төрийн айлчлалын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито нар албан ёсны уулзалт хийж, найрсаг харилцаа, ард иргэдийн найрамдал, нөхөрлөлийг гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар ярилцлаа. 

Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Үндэсний их баяр наадмын нээлт болон бусад ёслолд хүндэт зочдын хувиар оролцлоо. 

Энэ айлчлал Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд нийтлэг үнэт зүйлс бүхий Япон Улстай хөгжүүлж буй “хүн төвтэй” “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн харилцааг гүнзгийрүүлж, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, ард иргэдийн найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэхэд чухал түлхэц өгсөн, түүхэн айлчлал боллоо.

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хаан ширээндээ заларч, мөн өдрөөс Япон Улсад “Рэйва” (Үзэсгэлэнт зохицол) он тоолол эхэлсэн. 

Эзэн Хаан Нарүхито сэнтийдээ заларснаас хойш 2023 онд Бүгд Найрамдах Индонез Улс, 2024 онд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад айлчилсан бөгөөд төрийн гурав дахь айлчлалаа манай улсад хийлээ. 

Тэр бээр Угсаа залгамжлагч Хунтайжийн хувиар 2007 онд Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд айлчилж байсан юм.

Эрхэм зочдыг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тэргүүтэй албаны төлөөлөгчид үдэж мордууллаа.

Үндэсний их баяр наадам гурав дахь өдрөө үргэлжилж байна. Энэ үеэр Монгол оронд аялж буй
гадаадын иргэдийн сэтгэгдлийг хуваалцаж байна. Роберт болон Изабелла нар хамт яваа хөтөч
н. Гэндэнжамцын асуултад ийн хариуллаа.
Нидерландаас ирсэн жуулчин Роберт (Robert): Наадам нь маш уламжлалт шинжтэй учраас
харахад үнэхээр догь санагдаж байна. Манай улсад хүмүүс уламжлалт хувцас, спортод тийм ч их ач
холбогдол өгдөггүй. Гэтэл энд уламжлалт спортоо авч үлдсэнийг харахад үнэхээр үзэсгэлэнтэй
санагдаж байна. Монголд анх удаагаа ирж байна. Гэхдээ би гарцаагүй дахиж ирэх болно оо. Би
найзууд руугаа зураг явуулж Монголд ирэхийг уриалсан. Би гурван долоо хоногийн өмнө энд ирсэн.
Харамсалтай нь, долоо хоногийн дараа буцах ёстой. Би аль хэдийн 10 сарын турш Азийн орнуудаар аялсан байна. Монгол бол миний аялах сүүлийн орон. Хамгийн сайхан орныг хамгийн сүүлд
үлдээсэн.

Францаас ирсэн жуулчин Изабелла (Isabella): Би энд байгаадаа маш их баяртай байна.
Нээлтийн ёслол үнэхээр сайхан болсон. Энд байгаа минь завшаантай хэрэг. Гайхалтай байлаа. Надад
үндэсний хувцас маш их таалагдаж байна. Монголд би гурван долоо хоногийн өмнө ирсэн, хоёр долоо
хоногийн дараа буцна. Би энэ үзэсгэлэнтэй оронд гайхалтай цаг хугацааг өнгөрүүлж байна. Говь
нутаг руу очиж үзсэн, Орхоны хөндий руу очсон. Хэрвээ цаг хугацаа үлдвэл би ч гэсэн Хөвсгөл нуур
руу очиж үзнэ ээ.

Эх сурвалж:24tsag.mn

Дэлхийн банкны санхүүжилтээр “Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төсөл”-ийн хүрээнд дулааны шугамын “1А магистраль, ДХ110-14 дугаар цэгээс Зайсан толгой орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хангах 2Ф400 мм-ийн голчтой шугам татах зураг төсөв”, барилга угсралтын ажилтай холбоотой зурагт заасан хэсгийн замыг хаана. 

Тодруулбал, Хан-Уул дүүрэг 11-р хороо Дүнжингаравын гудамж Гантиг Вилла хотхоны арын авто замыг 2025 оны 07-р сарын 15-ны оройн 22:00 цагаас 2025 оны 07-р сарын 16-ны 06:00 цаг хүртэл түр хугацаагаар хаана. 

Тиймээс иргэд та бүхэн бусад авто замыг сонгон зорчино уу.

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын байгуулсны 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн хүрээнд хурдан морьны салбар комиссоос даага насны ангилалд түрүүлж айрагдсан морьдын жагсаалтыг танилцуулж байна. Энэ жил 240 даага бүртгүүлснээс 127 даага гараанд гарсан.

  • Төв аймгийн Дэлггэрхаан сумын Монгол Улсын тод манлай уяач Г.Буянтогтохын сартай хээр түрүүллээ.
  • Аман хүзүүнд Дундговь аймгийн Луус сумын харьяат аймгийн алдарт уяач Э.Улаанхүүгийн хул халзан
  • Айргийн гуравт, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат аймгийн алдарт уяач Г.Батсайханы хүрэн халзан
  • Айргийн дөрөвт, Дорнод аймгийн Матад сумын харьяат Монгол Улсын манлай уяач Б.Цэндбаатрын буурал
  • Айргийн тавд, Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат Улсын алдарт уяач Н.Нацагдоржийн хээр тус,тус хурдаллаа.

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн Үндэсний их баяр наадамд хурдан дааганы уралдаанд айрагдсан хул морины уяач Э.Улаанхүүгээс тодрууллаа.

-Баяр хүргэе. Хул даагаа айрагдуулсан сэтгэгдлээ эхлээд хуцаалцаач?

-Баярлалаа. Сайхан хурдан хул даагаа айрагдууллаа. Сайхан байна.

-Хаанахын угшилтай даага вэ?

-Хул даага маань Дундговь аймгийн Хулд сумын харьяат аймгийн алдарт уяач Будын Ариунболд гэдэг ахын маань унаган дааг. Ноднин эхээс унахад нь надад бэлгэнд өгч байсан.

-Өмнө нь хурдалж байв уу?

-Хавар Мандлын хурдад айргийн тавд орсон. Өвөрхангай аймагт очиж зүүн бүсийн уралдаанд түрүүлсэн. Сая Булган аймгийн наадамд түрүүлээд ирсэн даага.

-Таны Түмний хар азарга өнөөдөр бас сайхан уралдсан?

-Тэглээ. Хар азаргаа бас айрагдчихаасай гэж бодоод залбираад хараад сууж байлаа. Төрийнхөө наадамд зарлагдаад сайхан байлаа.

-Та хэдэн насны морьд уралдуулахаар ирэв?

-Би ганцхан даагатай ирсэн. Өчигдөр Дундговийнхоо наадамд оролцож дуусаад, өөрийнхөө ганц даагыг аваад улсын наадамдаа ирсэн.

Үндэсний их баяр наадмын соёолон насны морьдын уралдаанд Ховд аймгийн Мянгад сумын харьяат Монгол Улсын Манлай уяач З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ. Аман хүзүүнд Хэнтий аймгийн Норовлин сумын уяач Н.Мөнхийн бор, гуравт Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын уяач Б.Гантулгын хээр, дөрөвт Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уяач Д.Аваасүрэнгийн хээр халзан, айргийн тавд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харьяат, алдарт уяач Б.Баярмагнайн бор соёолон хурдаллаа.

Ерөнхий сайд Г.Занданшатар улсын наадмын түрүү соёолонгийн уясан эзэн, унасан хүүхдэд хүндэтгэл үзүүлж, дахин олон айраг, түрүү хүртэж, наадамчин олноо баярлуулахыг ерөөлөө.

Тод манлай уяач З.Мэндсайхан унаган адуугаа улсын наадмын түрүү магнай болж, нутаг ус, моринд хайртай монгол түмнээ баярлуулсандаа сэтгэл өндөр байгаагаа илэрхийллээ.

Түрүү магнай хул соёолонг Монгол Улсын Тод манлай уяач Д.Мөнхбат уяж, 14 настай Л.Төгсжаргал унаж хурдлуулжээ. Л.Төгсжаргал хүү дөрвөн настайгаасаа хурдны морь унаж буй бөгөөд энэ нь түүний гурав дахь түрүү ажээ.

Энэ өдөр Ерөнхий сайд Г.Занданшатар Хөдөлмөрийн баатар, Тод манлай уяач Б.Далайн галаар мөн зочиллоо. Б.Далай уул уурхайн олборлолтоос байгаль орчинд ээлтэй боловсруулах үйлдвэрлэл хөгжүүлж, үлгэр жишээ үзүүлж яваа эрхэм юм. Байгаль орчноо хамгаалах, нөхөн сэргээлтийн хүрээнд хэрэгжүүлж буй тод жишээ нь Төв аймгийн Баянцагаан суманд цөлжилтийн эсрэг ногоон төгөл байгуулах төсөл. 2011 оноос хойш 80 мянган мод тарьж, ургуулсан. 100 мянган модтой цэцэрлэг байгуулахаар ажиллаж буй ажээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито нар хурдан соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэг, Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако болон Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалан, Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар нар өнөөдөр Хүй долоон худагт хурдан соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо.

Соёолонгийн уралдаанд Ховд аймгийн Мянгад сумын уугуул, Улсын манлай уяач З.Мэндсайханы хул үрээ түрүүлж, торгон жолоогоо өргүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч дараа нь Хүй долоон худагт “Буянтын хурд” галд зочлов. Тус галд Улсын алдарт уяач Ч.Амарсанаагийн уясан Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат, Улсын алдарт уяач И.Золбоогийн зээрд халзан азарга энэ жилийн азарганы уралдааны түрүү магнайг авсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх уяачид болон цугларсан наадамчдад баяр наадмын мэнд дэвшүүлж, амжилт хүслээ.

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жил, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой Үндэсний их баяр наадам эхэллээ.

Төв цэнгэлдэх хүрээлэнд баярын нээлт болж, цэнгэлдэх тойроод наадамчин олон бужигнан, хуушуурын асруудаас аль амттайг нь олж идэхийг эрмэлзэнэ. Энэ жил цэнгэлдэхийн асруудад нэг ширхэг хуушуурын үнэ 3500₮-4000₮ байна. Гэхдээ ихэнх асруудад олон захиалгатай байгаа учир хуушуур захиалбал 1-2 цаг хүлээхээр байна.

Эх сурвалж:gogo.mn